2012 онд 270 сая тонн нүүрс импортолсон нь 2011 оны хэмжээнээс 45 хувиар өссөн тоо ба 2013 онд ч гэсэн энэ үзүүлэлт өснө гэж үзэж байна. Манай улсын хувьд энэ жил Хятадад 21 сая тонн гаруй нүүрс нийлүүлжээ. Хятад дэлхийн хамгийн том импортлогч орон ч гэсэн дотооддоо 3,7 тэрбум нүүрс олборлож, хэрэглэдэг юм.
Нүүрсний импорт өсч байгаа нь үнэ хямдарч, тээврийн өртөг буурсантай холбоотой гэж Синьхуа агентлаг онцолсон байна. Түүнчлэн “Энэ жил нүүрсний импорт маш тогтворгүй байсан. Үнийн хэлбэлзэл ихтэй бас нүүрс нийлүүлэгчид нүүрсээ худалдаалах сонирхол их байснаас илүүдэл нийлүүлэлт үүсгэж байсан” гэж холбооны шинжээч Хан Лей хэлсэн байна. Гэхдээ импортлогчдоос болж Хятадын дотоодын нүүрс олборлогч компаниуд ч гэсэн үнээ буулгах, орлого алдах, зарим нь алдагдалд ороход хүргэсэн байна.
Дашрамд дурьдахад, ирэх нэгдүгээр сарын дундуур Бээжин хотноо Хятад, Монголын Засгийн газар хоорондын комиссийн хуралдаан болно. Энэ үеэр Уул уурхайн яам 2013 онд Хятадад нийлүүлэх нүүрсний хэмжээг тохиролцох болно гэсэн мэдээлэл байгаа юм.