Хуучирсан мэдээ: 2012.12.31-нд нийтлэгдсэн

Шинэ оны өмнөх энэ өдрүүдэд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн нэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Ц.Оюунбаатар тангараг өргөснөөр одоог хүртэл гүйцээгүй байгаа их хурлын гишүүд 74-үүлээ боллоо.

МАХН-МҮАН-ын "Шударга ёс" бүлгийн 11 дэх гишүүн буюу намын жагсаалтаар УИХ-д орж ирэх ёстой нэг суудлыг экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугарт хадгалж байгаа гэгдэж, эрхэм гишүүний нэг суудал таван сарын турш эзгүй байсан билээ. Харин өнгөрсөн баасан гаригт Ц.Оюунбаатар тангараг өргөснөөр УИХ гишүүдээ бүрдүүлэх алхам нэг шатаар урагшлав.

Тангараг өргөх асуудал нь удтал удсан шалтгааныг одоогоор отгон гишүүн болоод буй Ц.Оюунбаатар “Өнөөдөр 2012 оны ажлын сүүлийн өдөр болж байна. Тангараг өргөх асуудлыг би хувийн санаачлагаараа хойшлуулсан. Энэ бол мэдээж улстөрийн шалтгаантай байсан” хэмээн тайлбарласан бол түүнийг намаа солих гэж байгаа гэсэн мэдээллийн талаар  “Гүтгэлгийн чанартай, хуурамч мэдээлэл цацагдсан байна лээ. Би 1985 онд МАХН-д элссэн. Өөр аль нэг намын батлах авсангүй, би батлах цуглуулдаггүй, нам дамждаггүй. Ер нь МАХН-даа байна. Тэгэхдээ шударга ёс хүний эрхийн төлөө төр, улстөрийн хүчнүүдээс хэрэгжүүлж байгаа шийдвэр, арга хэмжээг хэрэгжүүлэхийн төлөө хэнтэй ч хамтарч ажиллана” хэмээжээ.

Отгон гишүүнд амжилт хүсье. 2012 оны ажлын сүүлийн өдөр түүний хувьд их ажлынх нь эхний өдөр болж таарчээ.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж