Барак Обама зэвсгийн хяналтыг чангатгахаа амлав

Хуучирсан мэдээ: 2012.12.31-нд нийтлэгдсэн

Барак Обама зэвсгийн хяналтыг чангатгахаа амлав

АНУ-д бага сургуулийн 20 сурагчийг буудаж хөнөөсөн аймшигт хэрэг гарсны дараа Ерөнхийлөгч Барак Обама галт зэвсгээс үүдэлтэй хүчирхийллийг таслан зогсоох багц хуулийг ирэх онд боловсруулахад бүх хүчээ дайчилна хэмээн амласан.

Энэ сарын 14-нд Коннектикут мужийн Нью Таун хотын Сэнди Хуук бага сургуульд балчир хүүхдүүдийг буудаж хөнөөсөн хэргийн дараа АНУ-ын Галт зэвсэг эзэмшигдийн үндэсний холбоо бага сургуулиудад зэвсэгт харуул хамгаал гаргах уриалга гаргасныг Барак Обама  буруушаажээ. Уг холбоо нь АНУ-д галт зэвсэг эзэмших эрхийг дэмждэг лобби группийн нэг аж.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч бага сургуульд зэвсэгтэй, харуул хамгаалалт гаргахын оронд улс орон даяар галт зэвсгийн хараа хяналтыг чангатгаж, буу, сум худалдаалдаг томоохон дэлгүүрүүд болон зарим нэг зэвсгийн худалдаанд хориг тавихыг уриалжээ. Барак Обама галт зэвсгийн хяналтыг чангатгах нь түүний ирэх онд заавал биелүүлэх зорилтуудын нэг хэмээжээ.

Бага сургуульд болсон дээрх аймшигт халдлагаас хойш  галт зэвсэгтэй холбоотой дээрх асуудал олон нийтийн хамгийн халуухан сэдэв болоод байгаа аж.

АНУ-д дунд сургууль болон оюутны байр, кино театр зэвсэгт этгээдийн халдлагад өртөх болсон ч зэвсэг эзэмшигчдийн холбоо зэвсгийн хяналтыг чангатгах тухай хуулийг эрс  эсэргүүцэж байгаа аж.

Галт зэвсэг эзэмшигчдийн дээрх лобби групп зэвсгийн хяналтыг чангатгахын оронд бага дунд сургуулиудад зэвсэгтэй харуул, хамгаалалт гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа авч тэр санал нь олон нийтийн болон Ерөнхийлөгчийн дэмжлэг авахгүй бололтой.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж