Олимпийн таван медаль. Энэ бол нэг олимпийн наадмаас хүртсэн медалийн тоогоороо монголчуудын үзүүлсэн хамгийн том амжилт. Лондонгийн олимп үүгээрээ ялгаатай. Тооны хувьд ийм дэвшилттэй. “Лондон-2012” зуны олимпийн наадмаас Н.Түвшинбаяр мөнгө /жүдо/, Н.Төгсцогт мөнгө /бокс/, У.Мөнх-Эрдэнэ хүрэл /бокс/, С.Ням-Очир хүрэл /жүдо/, С.Батцэцэг хүрэл /чөлөөт бөх/ медаль хүртсэн нь энэ оны спортын онцлохуудын тэргүүнд бичигдэх үйл явдал мөн. Аваргуудтай болсон өмнөх олимпийн амжилтаа давтаж чадаагүй ч медальд хүрэх шат бүхэн нь эр зоригийн тэмүүлэлтэй байснаараа энэ олимп сэтгэл дүүргэж чадсан юм.
Н.Түвшинбаярын чадвар, тэвчээрээр бахархсан монгол хүмүүс тэр өдрүүдэд сэтгэлийн хүч, хөөрлөө халгиж цалгитал гаргажээ. Мөнгөн медалийн төлөө БНСУ-ын бөхтэй хийсэн барилдаанд бэртчихээд хөлөө чирээд босоод ирэхэд нь зүрх зогсчих шиг л болсон. Барилдааны хугацаа дуусахад гурван минут үлдсэн байлаа. Харваас гишгэхэд зовиуртай байгаа тийм хөлтэй хүний барилдааныг тэвчээртэй хүлээнэ гэдэг хэцүү. Шүүгч дөрөв дэх минутад өрсөлдөгчийг нь торголоо… Тэгж нэг жаахан санаа амрав. Гэхдээ хоёр бөхийн хэн хэн нь үнэлгээ аваагүй байсан болохоор дахин хоёр минутаар цаг сунгалаа. Түүний хөл бэртэж, зовиурлаж байгааг аварга ч, үзэж байгаа бид ч тэрхэн зуур мартсан байж магад. Ямар ч байсан манай бөх нэмэлт цагт үнэлгээ авч, түүнийгээ хамгаалсаар цаг дуусав. Олимпийн аварга яллаа… Дэвжээн дээр, хамгийн хүнд тулаан дундуур бэртэж гэмтсэн ийм барилдаан Н.Түвшинбаяр аваргад олон таараагүй байх аа. Аваргынхаа дайнд хүрч өрсөлдөн, ард түмнийхээ хүчийг нэг тойрогт зангидсан энэ хүнээр спорт өөрөө бахархдаг биз ээ.
Нямбаярын Төгсцогт. Олимпийн медальтнуудаас түүнийг онцгойлох шалтгаан байгаа гэж бодож байна. Монголын спортын түүхэнд хамгийн залуу олимпийн медальтан Лондонгоос тодорсон нь 20 настай энэ хүү. Олимпийн өдрүүдэд ард түмэн бүгд цэл залуухан энэ шинэ “од”-оор гоёж байлаа. Түүний тулаан бүр биднийг бардамнуулж байв. Төгсцогтын өөртөө итгэх итгэл үзэгчдийн хайрыг үнэн сэтгэлээс нь урсгаж чадсан юм. Тийм зөөлөн харцны цааны тэр их хүч, омог багтаж байдаг нь нэг бодлын гайхмаар ч юм шиг. Ямар ч байсан тэр аваргын төлөө нүүр бардам тулалдаж, алтын дайтай мөнгөн медалийг эх орондоо авчирсан. Ингээд Сайнжаргалын Ням-Очир, Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ, Соронзонболдын Батцэцэг нарын ээлж дараалсан тэмцэл, тулаанууд их спортын билгэдлийг дүүргэсэн ихэр таван медалиар эх орноо чимжээ.
Бээжин, Лондон… Энэ хоёр олимп, тэнд гаргасан амжилт монголчуудыг “Олимпод түрүүлэх бус оролцох нь чухал” гэдэг урианаас татгалзахыг сануулсан гэхэд болно. Одоо их спорт тэр хэрээр өндөр түвшний бэлтгэл сургуулилт, дээд зэргийн бодлого, менежмент нэхэж байгааг анзаарах хэрэгтэй.
Энэ онд Монголын тамирчид Олимпийн наадмаас тав, Дэлхийн аваргаас гурав, Дэлхийн цомоос 40, Тивийн аваргаас ес, Олон улсын тэмцээнээс 77, нийт 134 медалийг энгэртээ зүүн иржээ. Спортын арвин амжилттай байлаа гэж үүнийг үзэж болно. Эсвэл бүр илүүг нэхэж ч болно. Хамгийн гол харагдаж үлдсэн зүйл нь ойрын 4-8 жилийн хугацаанд ид үедээ явсан тамирчдын түрүүч одооноос их спортын хаалгыг хааж байгааг санах хэрэгтэй. Энэ бол шинэ залуу үе, ирээдүйн халаагаа гаргаж ир гэсэн спортын даалгавар юм.
2012 оны олимпийн өмнө олны хамгийн их итгэл үзүүлж байсан тамирчин нь Э.Бадар-Ууган аварга байлаа. Харамсалтай нь, хүнд бэртэл, түүнийг эмчлэхэд шаардлагатай хугацаанаас хамаарч өнгөрсөн гуравдугаар сард тэр Лондонгийн олимпийг өнжих шийдвэр гаргасан нь энэ жилийн дуулиант мэдэгдлүүдийн нэг байв. Ирэх онд эмчилгээгээ дуусгаад, спортдоо эргэн ирнэ гэдгээ аварга саяхан дуулгажээ. Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга П.Сэрдамба хоёр сарын өмнө зодог тайлахаа мэдэгдэж, Олимпийн боксын холбоонд генсекээр очсон нь бас л гэнэтийн шийдвэр байв. Н.Түвшинбаяр аварга шинэ он гаруут мэс засалд орно. Америкт хэсэг хугацаанд байна. Хөлөө хоёр ч удаа хүнд бэртээсэн түүнийг цаашид удаан хугацаанд барилдана гэдэгт тийм ч итгэлтэй бус байна. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар байна. Лондонгийн олимпиос хойш хамгийн ихээр хатуу үгэнд даруулж байгаа энэ тамирчны орон зайг тив, дэлхийд эзлэх хүчтэй өрсөлдөгч одоогоор дутмаг байна.
Энэ мэт байдлыг өөрчлөх, дэлхийд эх орныхоо нэрийн хуудас болж байдаг спортынхны хөлс хүчийг үнэлэх нэгэн баяртай мэдээг тамирчид Төр засгаасаа хүлээж авсан нь олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн тамирчдад сар бүр урамшуулал олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг байв.
Залуу нас, цаг хугацаа, бие сэтгэлээ зөвхөн спортод зориулсан агуу З.Ойдов баатар энэ мэдээг сонсоод нулимс унагаж байлаа. Олимпийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал олгох зарлигт олимпийн наадмаас алтан медаль хүртсэн бол 3 сая, мөнгө бол 2, хүрэл бол 1 сая төгрөг, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн зай, жинд алтан медалийн эзэн болбол 2 сая, мөнгө бол 1, хүрэл медаль бол 500 мянган төгрөгөөр шагнаж байх юм. Энэ бол эх орноо тив, дэлхийд төлөөлдөг спортынхонд төр засгаас өгч байгаа нэгэн том урам. Нөгөөтэйгүүр ирээдүйд энэ үеийг залгамжлах залууст хүлээлгэж байгаа алсаа харсан итгэл.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын 47 тамирчин олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн байдаг аж. Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тамирчдын ар гэр, эхнэр, нөхөрт нь нэг жилийн хэмжээтэй тэнцэх урамшууллыг нэг удаа олгохоор болсон нь энэ зарлигийн бас нэг онцлог юм. Төр засаг Д.Оюунболд, Т.Артаг, Ж.Даваажав нарын бурхны оронд очсон олимпийн баатруудыг мартаагүйд олон хүн талархалтай байлаа. Зарлигийг ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлнэ.
2012 он олимпийн наадмаар бүхэлдээ амьсгалсан ч оюуныг хүндэтгэдэг монголчуудын хувьд онцлог жил байсныг дурьдах нь зүйтэй. Энэ оны дөрөвдүгээр сард ФИДЕ-гийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хуралдаанаас Монголын тамирчин Ц.Батчулуунд Их мастер, А.Энхтуулд олон улсын мастер, наймдугаар сард болсон Шатрын олимпиадын үеэр Б.Гүндаваад Их мастер цол олгосон нь шатарчдын хувьд сайхан мэдээ байлаа. Эрэгтэй шатарчид ийн Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Гүндаваа гэсэн дөрвөн Их мастертай болоод байна. Энэ онд мөн Э.Мандахнаран, Б.Нандинцэцэг нар /даам/ Дэлхийн оюуны спортын наадмаас хүрэл, М.Нямжаргал /даам/ Азийн аваргаас гурван алт, нэг мөнгөн медаль хүртэж, Г.Ганжаргал /даам/ Азийн аварга болжээ. Их мастер Б.Мөнгөнтуул Дэлхийн шатрын олимпиадад ширээндээ IV байр эзэлж, дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-при тэмцээнд шагналт байрт шалгарав. Есөнтөмөрийн Төгстөмөр гэж долоон настай бяцхан хүү Өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртжээ. Гарри Кимович Каспаров шиг их мастер болохыг мөрөөддөг энэ жаал “Шатрын гоц авьяастнууд” номыг унших дуртай.
Энэ мэт бахархалт үйл явдлуудын хажуугаар спортын ам бүлийнхэн өнгөрч буй онд өрх гэрээ эмхэлж, шинэ удирдлагуудтай болжээ. Эрүүл мэндийн яаманд хавчуулаастай байсан спортынхон Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрээр Соёл, спорт, аялал жуулчлалын гэх салбарын яамтай болов. Энэ яаманд харьяалагдах Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар их спортын төв бодлогыг зангидаж, түүнд хамаарах Спорт бэлтгэлийн төв нь шигшээ багаа удирдаж, өдөр тутмын бүх ажлаа нугалах ёстой. Спорт бэлтгэлийн төвийг Гавьяат тамирчин Б.Наранбаатар удирдан залах болсон нь ч өөрөө энэ салбарынхны хувьд шинэлэг бөгөөд оновчтой томилгоо байсан юм.
Хамгийн сүүлд, МҮОХ хэдхэн хоногийн өмнө олимпийн чуулганаа хуралдууллаа. Спортод ардчилал хэрэгтэй, Олимпийн хороо шинэчлэгдэх ёстой гэсэн хатуу шүүмжлэл дунд хуралдсан тус чуулганаас МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг улираан сонгов. Олимпод Монголыг төлөөлдөг МҮОХ гэх энэ байгууллагын өөрчлөлт, шинэчлэлт бол хэдхэн хүний асуудал бус, нийт монголчуудын эрх ашиг юм шүү гэдгийг дахин сонгогдсон удирдлагууд болгоож ажиллах биз ээ.
Холбоотой мэдээ