Дэлхийд үнэлэгдсэн Монголын сонгодог

Хуучирсан мэдээ: 2012.12.31-нд нийтлэгдсэн

Дэлхийд үнэлэгдсэн Монголын сонгодог

Хүн төрөлхтнийг хэдэн зууны тэртээгээс өөртөө дурлуулсаар ирсэн сонгодог урлагтай монголчууд танилцаад ердөө л 50 жилийг үдэж байна. Классизм буюу сонгодог урлагийн оргил үе нь 16, 17-р зууны үе байсан гэдэг. Бидний шүтээн болсон алдартнууд, зураачид, хөгжмийн зохиолчид, балет, дуурь ид цэцэглэн хөгжиж байсан үе. 500 зуун жилийн түүхтэй энэхүү сонгодог урлаг Монголд 50 жилийн хугацаанд дэлхийд энэ зэрэгцэн хөгжсөн гэхэд хилсдэхгүй. Ялангуяа сүүлийн жилүүдэд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрыг зорих үзэгчид нэмэгдсэн төдийгүй, уран бүтээлчид нь дэлхийд үнэлэгдэж, дэлхийн шилдгүүд энэ л ягаан байшинд зочлох болсон нь гэрчлэх биз. Өдгөө 50 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид үзэгчдэд дэлхийн сонгодгууд дундаас шилэгдсэн агуу, гайхамшигтай хэмээн нэрлэгдэх бүтээлүүдийг тоглосоор ирсэн.
2012 он. Энэ он Монголын сонгодог урлаг дэлхийд үнэлэгдсэн жил байлаа. Сонгодог урлагийн түүхэндээ шинэ хуудас нээсэн үр бүтээлтэй, амжилт бүтээлээр дүүрэн 2012 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр гадаад харилцаан дээрээ илүүтэй анхаарч ажилласан гэлтэй. Уран бүтээлээр нэрлэвэл энэ жилийг А.Аданы “Жизель” балетын жил гэж болох юм. Балетын урлагийн ноён оргилын нэг А.Аданы “Жизель” балетын Жизелийн дүрээр дэлхийд танигдсан бүжигчин Тамара Рохо, Альбертын дүрээр мөн л дэлхийд үнэлэгдсэн бүжигчин, Холливудын од Саша Радецки нар Монголд ирж тус балетад бүжиглэсэн бол Монголын Жизель хэмээн нэрлэдэг Г.Цолмон Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан, Гавьяат жүжигчин, АНУ-ын “Бостон Балет” компанийн гоцлол бүжигчин Д.Алтанхуяг “Жизель”-д бүжсэн гээд олон сайхан тоглолт болж өнгөрсөн. Энэ бүхнийг эргэн дурсч, тухайн үеийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ дахин нэг мэдрэхэд таатай байна гэдэгт итгэлтэй байна.

Тамара Рохо. Тэр бол дэлхийн од. Өдгөө Английн хатан хааны “Рояал Опера” театрын уран сайхны асуудал эрхэлсэн захирлаар ажиллаж буй Тамара Рохог дэлхий дахинд Жизель хэмээн нэрлэдэг. Харин дэлхийн Жизель өнгөрсөн нэгдүгээр сард монголчуудад зориулан Монголын тайзнаа бүжсэн нь том гэнэтийн бэлэг байв. Тамара Рохо АНУ-ын “Бостон Балет” компанийн гоцлол бүжигчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн урилгаар Монголд ирсэн бөгөөд тэд хамтдаа алдарт А.Аданы “Жизель” балетад бүжсэн. Тоглолтын тухайд ярих зүйлгүй тэр бол дэлхийн Жизель, харин Д.Алтанхуягийн хувьд тэр үргэлж шилдэг нь байсан. Тэр тайзыг эзэгнэгч, монголчуудын бахархал.

Д.Алтанхуягийн бэлэг ингээд дууссангүй. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард Японы алдарт “Комаки балет” компанийн бүжигчдыг Монголд авчирсан. Энэ удаад тэрбээр Р.Корсаковын “Щехерезада” балетад гоцолсон. Гэхдээ “Комаки балет” компанийн бүжигчдийн хамт. “Щехерезада” бол үлгэрийн мэт гоё балет, энэ үдэш Япон улсад ажиллаж, амьдарч буй Монголын шилдэг балетчдын нэг О.Лхагвасүрэн тайзнаа гялалзсан. Үзэгчид “хоёр од гялалзсан үдэш” хэмээн аль хэдийн нэрлээд амжсан. О.Лхагвасүрэн, Д.Алтанхуяг дэндүү гоё байсан. Мэдээж Д.Алтанхуягийг монголчууддаа одоо ямар бэлэг бэлдэж байгааг үзэгчид догдлон хүлээж байгаа биз.

Дэлхийн шилдгүүд Монголд ирсээр л… Харин Монгол дуучин дэлхийн шилдэг баритон болох юм гэж хэн ч таамаглаагүй биз. Тэр бол П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанаас мөнгө медаль хүртсэн, Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин байв. Тэр өөрийн амжилтаа дэлхий дахинд нэг удаа баталсан. Одоо Э.Амартүвшин дэлхийд данстай хүн болсон. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 4-10-нд болж өнгөрсөн дэлхийн алдарт дуурийн дуучин Плачидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд нэгдүгээр байр эзэлж, алтан медалийн эзэн болсон юм. “The Placido Domingo’s Operalia” уралдаан бол дэлхийн бүхий л шилдэг дуурийн дуучдын мөрөөдөл болсон тэмцээн юм. Харин энэхүү алдартай уралдаанд Монголын Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин тэргүүн байрт шалгарснаар дэлхийн дахинд түүний “Дэлхийн шилдэг баритон” хэмээн хэвлэлээр мэдээлж байсан цаг саяхан. Харин одоо Э.Амартүвшинг гадаадын театрууд урьж байна. Саяхан өнгөрөгч арваннэгдүгээр сарын 24-нд гэхэд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Испанийн дуурийн театрт урилгаар Ж.Вердийн “Риголетто” дуурьд тоглоод ирсэн. Түүнийг дэлхий үнэлсэн, тэр бол Монголын сонгодог урлагийг дэлхийд харуулсан гавьяатай дуучин. Хүчирхэг хоолой, зөөлөн хэмнэл, дүрдээ хувирах мэдрэмж…энэ бол Э.Амартүвшин.

Э.Амартүвшинг дэлхийн шилдэг баритон болсон гэх баярт мэдээний хажуугаар гайхамшиг Монголд ирэв. Энэ бол Армяны шилдэг тенор Ованес Айвазян байв. Тэрбээр УДБЭТ-ын захирал, хатагтай Б.Сэргэлэнгийн урилгаар Монголын тайзнаа ирэх өнгөрсөн зургадугаар сарын 16-нд Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Каварадосси зураачийн дүрд тоглосон юм. Ж.Пуччинийн “Тоска” Монголын тайзнаа өдгөө 30 дахь жилдээ эгшиглэж байгаа дуурь юм. Энэхүү дуурь Ж.Пуччинийн хамгийн хүнд драмтай дууриудын нэг бөгөөд авьяаслаг, үзэсгэлэнтэй хэдий ч огцом сэтгэлийн хөдөлгөөнтэй хартай, гэнэн бүсгүй Тоска, хийсвэр, мөрөөдөмтгий, мэдрэмтгий, шулуун шударга Каварадосси, санаа муутай, хашир, харгис хэрцгий Скарпья нарийн дүрийг тус тусад нь маш тодорхой хөгжмийн аялгуугаар гаргаж ирсэн нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг зуун жилийн турш байлдан дагуулсаар ирсэн юм.

Армяны шилдэг тенор Ованес Айвазян зураач Каварадоссийн дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээсэн. Түүнтэй хамтран тоглосон УДБЭТ-ын шилдэг гоцлоочдын нэг Б.Эрдэнэтуяа тоглолтын дараа “Армяны тенор үнэхээр гайхалтай байсан. Түүний хоолой үнэхээр хүчирхэг, дээр нь тэр бол дүрдээ 100 хувь хувирч чаддаг жүжигчин. Түүнтэй хамтран тоглоход их сайхан байлаа. Би өөрийгөө жинхэнэ Тоска болсон мэтээр мэдэрч байлаа” хэмээн хэлж байсан удаатай. Ийнхүү УДБЭТ 49 дэх улиралд дэлхийн шилдгүүд Монголын тайзнаа чуулсан жил байсан бол театрын хаалтын тоглолтод орчин үеийн дэлхийн хөгжмийг мэдрүүлж, анх удаа Америкийн “Бродвей” театрт тоглогддог шилдэг мюзикль, Холливудын кинонуудын хөгжмүүдийг эгшиглүүлсэн юм. Театрын хүндтэй зочин, уран бүтээлийн хамтрагч Америкийн Стэнфордын их сургуулийн профессор, удирдаач Жин Дон Кей дахин Монголд айлчилж, урьд өмнө Монголд тоглож байгаагүй “Оддын дайн”, “Театрын сүнс”, “Муурнууд” зэрэг алдартай бүтээлүүдийг Монголын симфони оркестр, Морин хуурын чуулгатай хамтран тоглосон нь театрын зүгээс үзэгчдэд барьж буй бэлэг байв. Тоглолтын хамгийн сонирхолтой хэсэг нь удирдаач Жин Дон Кей   Монголын сор болсон бүтээл “Алтан өргөө” киноны хөгжмийг удирдсан нь байв. Ийнхүү Жин Дон Кей театрын 49 дэх улирлын хаалтын тоглолтыг удирдсан.

Оддын буухиа үргэлжилсэн 50 дахь улирал

Дэлхийн шилдгүүдтэй хамт үргэлжилсэн 49 дэх улирал хаалтаа хийснээс даруй гурван сарын хугацаа өнгөрч хэдийн театр 50 дахь улирлын нээлтээ аравдугаар сарын 6-нд А.Хачатуряны “Спартак” балетаар үүдээ нээв. 50 дахь улирлын нээлтээ хийсэн даруйдаа УДБЭТ-ын уран бүтээлчид Ж.Вердийн 200 жилийн ойг угтан түүний алдартай бүтээл “Реквием”-ийг аравдугаар сарын 17-нд тайзнаа амилуулж, түүхийн дахин нэг шинэ хуудсыг нээв. “Реквием” буюу “Амирлахуй”. Энэхүү бүтээлийг Урлагийн Гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэхийн санаачлагаар тайзнаа амилуулсан байна. Ж.Верди дуурийн урлагийн ноён оргил “Аида”, “Риголетто”, “Трубадур”, “Травиата”, “Отелло” зэрэг хамгийн агуу дуурийг бичсэн суут хөгжмийн зохиолч. Түүний бүтээлүүдийг ойлгож сонсоно гэдэг нэг талын маш хэцүү ч, ойлгож чадвал асар их сэтгэлийн хат, хүч тэнхээ, бүхий л мэдрэмжийг өгч чаддаг бүтээлүүд байдаг. Түүний нэг нь “Реквием”. Энэ бүтээлийг эгшиглүүлнэ гэдэг уран бүтээлчдээс асар их хүч шаарддаг төдийгүй үзэгчид ч өөрсдийгөө бэлтгэсэн байх хэрэгтэй байдаг аж. 50 жилийн түүхтэй театрын уран бүтээлчид харин энэ өдөр Ж.Вердийн “Реквием”-ийг амжилттай тайзнаа амилуулж, үзэгчдийг уйлуулж орхисон.  Монголын сонгодог урлагийнхан  хүчирхэг уран бүтээлчид гэдгээ тэд жил ирэх тусам батлан харуулсаар байна.

Дэлхий дахинд Монголын сонгодог урлагийн талаар хэдийн ярьж эхэлсэн. Монгол Улс сонгодог урлагийн театртай дээр нь уран бүтээлчид нь эхнээсээ дэлхийд танигдаж эхэлж байгаа учир мэдээж хөрш орнууд Монголд ирж тоглохыг хүсэлгүй яахав. Монголын театрыг зорих эхний цуваа бол Оросын балетын одод. Тэд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 2-нд УДБЭТ-ын тайзнаа шилдэг тоглолтоо сонирхуулсан. ОХУ-ын “Большой театр”, “Марийнский театр”, В.Гордеевийн “Русский балет”, “В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит театр”,  “Новосибирский театр”-ын гээд нийт 16 уран бүтээлчид Монголд ирж, үзэгчдийн алмайруулсан. Оросын балетын оддын шуугиан намдаж амжаагүй байхад Холливудын од, “Американ балет” театрын гоцлол бүжигчин Саша Радецки театр зочлов. Түүнийг дэлхий дахинд А.Аданы “Жизель” балетын Альберт хэмээн нэрлэдэг. Дэлхийн Альберт Монгол Жизель Гавьяат жүжигчин, УДБЭТ-ын гоцлол бүжигчин Г.Цолмонтой хамт алдарт “Жизель” балетад бүжив. Саша Радецкиг ирэх үед Монголын Жизель хэмээн ард түмэндээ хайрлан, хүндлэгддэг УДБЭТ-ын гоцлол бүжигчин Г.Цолмон Монгол Улсын Гавьяат Жүжигчин хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаасан нь давхар баяр болов. Оддын цуваа үргэлжилсээр дэлхийн одод Монголын тайзнаа бүжих боллоо. Харин энэ арванхоёрдугаар сард тодруулбал зул сарын баяраар жил бүр П.И.Чайковскийн “Щелкунчик” балетыг тоглодог уламжлалтай. Гэхдээ энэ жил монголчууд “Щелкунчик” балетаа үзэж чадахгүй нь. Учир нь БНХАУ-ын Тяньжины “Grand Theater”-ынхан УДБЭТ-ын уран бүтээлчдийг урьжээ. Иймд 150 хүний бүрэлдэхүүнтэй театрын уран бүтээлчид “Щелкунчик” балетаа БНХАУ-ын иргэдэд толилуулахаар замд гарах нь.

Ингэж л 500 жилийн түүхтэй сонгодог урлагийг монголчууд 50 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд хүртэл нь хөгжүүлж чадлаа. Нүүдэлчин монголчууд дэлхийн соёлтой хэдийнэ танилцаж, эн зэрэгцэн алхаж явааг дэлхий дахинд харуулж эхлээд байна БИД…

М.ДӨЛГӨӨН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж