Хуучирсан мэдээ: 2012.12.31-нд нийтлэгдсэн

Өнгөрөн одож буй 2012 оны дуулиант үйл явдлын нэгэн эзнээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тодроод байна.
Түүнд ТВ-9 телевизийн  119.534 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглаж, тухай цагийн нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хувьчлан нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Т.Билэгт, иргэн До.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонины байрыг өөрийн дүү Н.Энхтуяагийн “Медиа Холдинг” ХХК, До.Чулуунбаатар нарын нэрээр худалдан авч улмаар өөрийн үүсгэсэн байгуулсан компанид охин компани болгон завшиж, нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт”  үйлдвэрийн захирал асан Х.Наранхүү нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөгийг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн ялыг шүүхээс эхлээд тогтоосон юм.

АТГ-аас удаа дараа зарлан дуудах бичиг өгсөн ч очилгүй “гүрийсэн” хэргээр энэ оны дөрөвдүгээр сарын 5-ны үүрээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүчний байгууллагын 600 албан хаагчийн хүчээр баривчлав. Хүчнийхний мөрөн дээгүүр хүрэн оймстой хөл гозгонуулан одсон Н.Энхбаяр даргын “имиж” тэр аяараа МАХН-ын сонгуулийн РR болж УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл тойргоос болон жагсаалтаар 11 суудал авч анх удаа УИХ бүтэцдээ гурван бүлэгтэй боллоо. Түүгээр зогсохгүй “Шударга ёс” эвсэл шинэтгэлийн Засгийн газрын нэг субъект болж МАХН-ын гурван сайд Н.Алтанхуягийн танхимд багтав. Нэгэн нийтлэлчийн бичсэнээр УИХ-ын сонгуульд Н.Энхбаяр яллаа. Энэ үйл явдал МАН-ын задралд хүч нэмж Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан гээд эрхмүүд олон жил зүрхэн тушаагаа нандигнасан гал улаан батлахаа төрхөмд нь тушаагаад Н.Энхбаярыг дагасан.

Төв аймгийн урьдчилан хориход 11 хоног хуурай өлсгөлөн зарлаж, шүүхийн тогтоол танилцуулахаар очсон ажилтны өөдөөс чихээ хуруугаараа таглаж “Сонсохгүй байна. Сонсохгүй байна” хэмээн шулганасан нь тэрхэн үедээ сонгодог хэлц үг болон тархаж, дэггүй жаалууд эцэг эхийнхээ амыг тагладаг хэллэг болтлоо “түгэн дэлгэрэв”. Төв аймгийн хорихоос  Урьдчилан хорих буюу Ганц худагийн 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирээд эмч, сувилагч нарт салаавч гаргаж, хөлөөрөө өшигчиж,  элдэв үгээр доромжилсон нь “Монголчууд бид ийм хүнийг Төрийн тэргүүнээр залж байсан хэрэг үү” гэсэн гайхашралд нийгмийг автуулав. Өнгөрсөн наймдугаар сард МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал болж наймдугаар сарын 2-ны өдөр түүнд дөрвөн жилийн хорих ял ногдуулав. Түүний өмгөөлөгч, академич С.Нарангэрэл нар давж заалдан хэргийг Нийслэлийн шүүхээр шүүлгэсэн ч анхан шатны шүүхийн шийдвэрийг есдүгээр сарын 25-ны өдөр хэвээр баталсан юм. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн МАХН-ын харьяалалтай гишүүд үүнийг эсэргүүцэж Нийслэлийн шүүхийн байр тийш шар цэцэг шидлэн аягласан нь Монголын шүүхийн практикт үзэгдээгүй явдал болов.

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнжамъян МАХН-ын даргын төрсөн дүү Н.Энхтуяа, “Өргөө” буудлын хэрэгт хамааралтай Б.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжлахгүй байхыг шаардсан захидал илгээсэн нь бас л ээлжит шуугиан дэгдээсэн. МАХН-ын даргын өмгөөлөгч нар дахин хяналтын шатны шүүхэд хандлаа. Энэ зуур МАХН-ынхан “Засгийн газраас гарлаа” гэх шантааж маягийн үйлдэл гаргаж хэсэг зуур бужигнуулаад амжив. Гэвч арванхоёрдугаар сарын 7-нд Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хурал болж “Эрдэнэт” үйлдвэр, TV-9 телевизтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон ч үлдсэн хоёр хэрэгт нь хоёр жил, зургаан сарын ялыг ногдуулсан юм. Ийнхүү Монгол Улсын бүх шатны шүүх Н.Энхбаяр нарын хэргийг хэлэлцэн экс Ерөнхийлөгчид хоёр жил хагасын хорих ял эдлүүлэхэр боллоо. Гэхдээ тэрээр энэ хугацаанаас найман сарыг өнгөрсөн хугацаанд эдэлчихээд буй.  Дарга нь хяналтын шатны шүүхээс ял сонссоны дараа МАХН Засгийн газраас гарна гэсэн шантаажаа зогсоов. Хяналтын шатны шүүх хурал болсноос 14 хоногийн дараа буюу “Дэлхий сүйрнэ” гэсэн цуурхал “биелэх” байсан арванхоёрдугаар сарын 21-ний их үдэд МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмчлүүлж байсан хоёрдугаар эмнэлгээс нь Зайсан дахь ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги руу ачлаа.

Түүнийг хүчнийхэн хорих руу шилжүүлэхдээ дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хэрэглэсэн аргаа ашиглаж дахин дуулиан дэгдээв. Өмнөхийг бодвол МАХН-ынхан бужигнаагүй, эмнэлгийн тайван орчинд тусгай албаны нүүрээ битүүлж боосон ажилтнууд эмнэлгийн люкс өрөөнд давхин орж МАХН-ын даргыг дарж байж хувцаслаад өргөн авч машинд оруулсан нь арай л сүржин явдал болов гэмээр. Ямар ч гэсэн энэ жилийн турш содон үйл явдлын гол баатар байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр Зайсан дахь хориход ял эдэлж байна. Дахиад өлсгөлөн зарлана гэсэн мессэжийг  тэндээс чулуудаад амжсан. Өмгөөлөгч нар нь дахин Шүүхийн ерөнхий зөвлөл, олон улсын шүүхэд хандана гэдгээ зарлаад буй. МАХН-ын дарга Н.Энхбаярын дуулиан шинэ оны эхэнд ч үргэлжлэх биз ээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж