Хуучирсан мэдээ: 2012.12.31-нд нийтлэгдсэн

Монголбанкнаас гаргасан 2012 оны арваннэгдүгээр сарын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн тайланд дурдаснаар ашигт малтмалын нийт экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 197 сая ам.доллараар буурсан байна. Үүнд хамгийн гол нөлөөлсөн хүчин зүйл нь нүүрсний экспорт буурсан явдал юм. Нүүрсний экспорт буурсан нь гол худалдан авагч Хятадын эдийн засгийн удаашралаас үүдэн гангийн үйлдвэрлэл буурсан болон дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасантай холбоотой. Энэ оны эхэнд  Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтод нүүрс, тээврийн гарцын өргөтгөл хийж, 30 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байсан ч сүүлийн мэдээгээр 18.5 сая тонн нүүрс экспортлоод байна. Нүүрсний экспортоос улсын төсөвт орлого тасарсанаас шинээр бүрэлдсэн УИХ төсвийн тодотгол хийж, зарим татварын хэмжээг нэмэгдүүлэх замаар хэдэн монголчуудаа шинэ онтой золгуулж байгаа.

Монголчууд 2012 онд уул уурхайгаас юу хүлээж байв?

Юун түрүүн уул уурхайн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаад буй хоёр том төсөл буюу Оюутолгой, Тавантолгой ордууд өгөөжөө өгч эхлэх байлаа. Стратегийн түншээ тодруулна гэж байсан Тавантолгойн тендер шалгаруулалт гацаатай, стратегийн түншээ сонгож чадах эсэх нь ч ээдрээтэй хэвээр, эцэс сүүлдээ сүүлдээ хамтран ажиллах оператор шалгаруулах замаар өөрсдөө олборлолтоо хийх шинэ гарц ч цухалзаж эхлэв. Хэдийгээр Тавантолгойн бүхэл ордын зүрх нь хэмээгддэг Зүүн Цанхийн ордод монголчууд, тодруулж хэлбэл “Эрдэнэс Тавантолгой” компани олборлолтоо хийж, ирээдүйд олборлох нүүрсээрээ дэнчин тавьж, Хятадын төрийн өмчит “Чалко”-той 250 сая ам.долларын урьдчилгаа хийж чадсан ч дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаснаар олборлолтоо зогсоож, хамтрагчтайгаа дахин хэлэлцээр өрнүүлэх арга замыг хайж байна. Харин урьдчилгаа болгон авсан 250 сая ам.доллар хийгээд хойшдын олборлолтын нөхцөлөө бүрдүүлэх ёстой байсан 340 гаруй тэрбум төгрөг монголчуудын хоолойгооро даваад алга болсон билээ. Ийн улстөрчдийн амлалтыг биелүүлэх “шахаа”-наас болж олборлолтоо явуулж байх ёстой Зүүн Цанхи ч хөрөнгө санхүүгийн хувьд хүнд байдалд ороод байгаа.

Оюутолгойн хувьд монголчуудыг “урам”-ын үгээр таслахгүй байгаа ч мөн л эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх баярт мөчийг гурван сараар хойшлуулсан. Үүнд БНХАУ-тай хийх эрчим хүчний хангалтын асуудлаарх гэрээнээс болж хугацаа алдсан гэж байгаа ч Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэсэн эх оронч улстөрчдийн дайралтад өнөөдөр ч гэсэн ноцуулсан байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ Оюутолгой ирэх 2013 онд жинхэнэ ёсоор орлого нь жигдэрнэ гэсэн өөдрөг найдвар арай илүү идэвхжиж байна.   Уул уурхайн тусгай зөвшөөрлийн шинээр олгохыг хориглоод даруй хоёр жил болж байна. Энэ салбарт болохгүй байгааг нь засч засварлах зорилготойгоор хийгдэж буй төрөөс авч буй арга хэмжээний нэг нв энэ юм. Үүнээс гадна Монголын төрийн бодлогыг тодорхойлогч УИХ-ын ээлжит сонгууль энэ жил тохиосон нь энэ салбарын зогсонги байдлын бас нэгэн шалтгаан юм. Шинэ УИХ, шинэ Засгийн газар хэрхэн бүрэлдэх, уул уурхайн салбарт ямар бодлого баримтлах нь уул уурхайн олон компанийг нүдэнд харагдахгүй хүлээсээр хүлж орхисон. Мөн өмнөх парламентын үед гаргасан Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хэмээх хуулиас үүдсэн болгоомжлол байсаар байна. Цөөхөн хүн ам, асар их газар нутаг, арвин их баялагтай монголчуудын хувьд стратегийн салбаруудад зохицуулалт хийсэн нь оновчтой алхам болсон гэгдэж байгаа ч гадаадын хөрөнгө оруулагчдыг болгоомжлолын байдалд оруулсан гэдгийг зарим эдийн засагч хийгээд гадаадын шинжээчид өгүүлж буй. Ямар ч гэсэн энэ хуулиас үүдэн  Монголын говиос нүүрс олборлож буй “Саутс гоби сэндс” компанитай хувьцаа худалдан авахаар ярилцаж байсан “Чалко”-гийн  наймааг буцааж дөнгөсөн бөгөөд нэгэнт Зүүн Цанхийн нүүрсийг дангаараа худалдаж авахаар гэрээ хийгээд байгаа Хятадын төрийн өмчид компани монополь байдал үүсгэж болзошгүй байсныг таслан зогсоож чадсан гэгдэж буй. Харин энэ хуулийн зарим зүйлд, тухайлбал, хяналт тавих хөрөнгө оруулалтын хязгаарыг 100 тэрбум төгрөг хэмээснийг 800 сая ам.доллар болгох гэх мэт өөрчлөлт хийхээр ярьж байна. Мөн уул уурхай болон бизнесийн орчинг илүү сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх, Тавантолгойн олборлолт, ашиглалтын асуудлыг эцэслэн шийдэх гэх мэт олон өөрчлөлт яригдаж байна. Дашрамд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх сэдэл ч бас мартагдаагүй. Өөрөөр хэлбэл, 2012 оны зогсонги байдлыг 2013 он халахыг хүлээж байна.

А.АЛТАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж