Лондонгийн хөрөнгийн бирж

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Лондонгийн хөрөнгийн бирж

Лондонгийн хөрөнгийн бирж /London Stock Exchange/ 1801 онд Их Британийн нийслэл Лондон хотод байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Өнөөдөр тус бирж дэлхийн хамгийн том биржүүдийн нэг болсон бөгөөд Их Британийн компаниудаас гадна гадаадын, өөр орнуудын компаниуд хувьцаагаа тус бирж дээр арилжаалдаг. Лондонгийн хөрөнгийн бирж нь “LSE” хэмээн нэрлэгддэг “London Stock Exchange Group” хэмээх компанийн нэг хэсэг.

Өнөөдрийн байдлаар тус бирж дээр 70 гаруй орны 2747 компани хувьцаагаа арилжаалж байна. Лондонгын хөрөнгийн бирж дээр “FTSE-100”, “FTSE-250”, “FTSE-300”, “FTSE-SmallCap”, “FTSE-All-Share” гэсэн индексүүд ашигладаг. Арилжаа Лондонгийн цагаар өглөөний наймаас үдээс хойш 16.30 хүртэл хийгддэг бөгөөд Бямба, Ням гаригуудад бирж амардаг. Санхүүгийн зах зээл дээрх мэдээллийг өөрийн ТВ-ийн студиэс дэлхий даяар өдрийн турш шууд дамжуулдаг.

Тус бирж үндсэн дөрвөн төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр нь: хөрөнгийн зах зээл, олон улсын арилжаа, мэдээллийн боловсруулалтын үйлчилгээ, үүсмэл хувьцаа буюу “derivatives”-ын арилжаа хийдэг. Тус бирж дээр өдөрт 600 мянган арилжаа хийгддэг бөгөөд тэдгээр нь 16 тэрбум паундаар үнэлэгддэг юм. 2010 оны дөрвөн сард гаргасан танилцуулгаас нь үзвэл тус бирж дээр хувьцаа гаргах компани 6,389-369,689 паундын төлбөр төлөх ёстой. Яг хэдийг төлөх вэ гэдэг нь хэдий хэмжээний хувьцаа гаргаж, хэр хэмжээний мөнгө тус биржийн зах зээл дээрээс босгосон бэ гэдгээс хамаардаг. Дээр нь Их Британид арилжаа хийсний НӨАТ 17.5 хувь төлөх болно.

Шинээр үйл ажиллагаа эхлүүлж байгаа олон улсын арай жижиг компаниуд тус биржийн “AIM” гэсэн ангилалд хамаарагдаж арилжаанд оролцвол илүү ашигтай бололтой. Олон улсад зартай том компаниуд “Main” буюу гол багцад багтаж арилжаанд оролцдог. Жижиг компаниудад “AIM” багц харьцангуй давуу талууд санал болгодог. Тухайлбал нийтийн гар дээр компанийн хувьцааны тэдэн хувь нь байх ёстой гэсэн шалгуур тавьдаггүй. Түүнчлэн өмнө нь дотоод гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаа хийж байсан туршлага шаарддаггүй. Лондонгийн хөрөнгийн бирж 1995 онд тус ангиллыг нээсэн бөгөөд түүнээс хойш 2800 компани тус зах зээл дээрээс 49 тэрбум паундын санхүүжилт босгосон байна. Тус ангилалд багтахын тулд сонирхсон компани эхлээд өөрийн зөвлөгч буюу “Nomad”-ыг томилох ёстой. “Nomad” тухайн компанийг Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахад зөвлөгөө өгч туслах болно. Түүний дараа холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн Лондонгийн хөрөнгийн биржид өгөх болно. “NYSE”, “Toronto”  зэрэг дэлхийн өөр томоохон хөрөнгийн биржүүд дээр хувьцаа гаргасан компаниудын бүртгүүлэх ажлыг илүү богино хугацаанд хийдэг байна.

Тухайн компаниуд Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах шаардлага хангаж байна уу гэдгийг шийдэхдээ зөвлөгч нар дараах асуултуудыг харгалзан үздэг. Үүнд:

  • Тухайн компанийн удирдлагууд хувьцаат компани авч явах туршлагатай юу?
  • Тухайн компани өсөж, хөгжиж, хөрөнгө оруулагчдад ноогдол ашиг олгох чадвартай юу, ямар хэтийн төлөв харагдаж байна?
  • Тухайн компанид зориулж брокерууд хөрөнгө босгох бодит боломж хэр байна?
  • Лондонгийн хөрөнгийн биржийн дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулах чадвар нь хэр байна вэ?

Удахгүй зургаадугаар сарын 28-нд тус бирж дээр Монголын компаниудын өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж