Онцлох үйл явдлууд-дэлхий дахинд

Хуучирсан мэдээ: 2012.12.30-нд нийтлэгдсэн

Онцлох үйл явдлууд-дэлхий дахинд

News агентлаг уламжлал ёсоор өнгөрсөн жил дэлхий дахинд өрнөсөн үйл явдлуудаас онцлохыг нэрлэж байна.

УЛС ТӨРИЙН ӨӨРЧЛӨЛТҮҮД БУЮУ ДЭЛХИЙН СОНГУУЛЬ

Улирч
буй 2012 он дэлхийн олон орны хувьд улс төрийн өөрчлөлт шинэчлэлийн жил
байлаа. 2012 онд дэлхийн 103 оронд ерөнхийлөгч болон парламентын
сонгууль болжээ. Үүнээс хамгийн онцлох нь АНУ, ОХУ болон БНСУ-ын
ерөнхийлөгчийн сонгууль, Япон болон Грек улсын парламентын сонгууль гэж
нэрлэж болно. Мөн БНХАУ-ын коммунист намын 18 дугаар их хурлаар Хятадын
засаглал Ху-гаас Ши рүү шилжиж, коммунист ардчиллын замыг сонгож
байгаагаа албан ёсоор зарласан нь онцлох үйл явдал боллоо.

Б.Обамагийн
эргэлт. АНУ-ын энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуулийг түүхэнд
тэмдэглэгдэм өрсөлдөөнтэй сонгууль гэж нэрлээд байгаа. Митт Ромни-г бүгд
найрамдахчуудын нэр төрийг ч гайхалтай сайн хамгаалсан гэж үнэлж
байгаа. Харин Обамагийн хувьд боломж тун бага гэгдэж байсан ч дахин
ялалт байгуулж чадлаа. Учир нь, эхний мэтгэлцээнд Ромнигийн баримталсан
тактик амжилт олж, олон нийтийн итгэлийг төрүүлсэн. Обамагийн засаглалын
үед өрийн хямрал эрчимжиж, ажилгүйдэл нэмэгдэж, эрүүл мэндийн
шинэчлэлийн систем нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байсан нь Обамад
нэрмээс болов. Гэхдээ ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Нью
Жерси мужид болсон Сенди хар салхины гамшгийн дараа Обама ард
иргэдтэйгээ хамт байж, тулхтай улстөрчийн имижийг бүрдүүлж чадсан нь
сонгогчдын саналыг эргүүлэхэд нөлөөлж чадлаа. Ийнхүү тэрбээр АНУ-ын
түүхэнд хоёр удаа сонгогдсон хар арьст ерөнхийлөгч хэмээн тэмдэглэгдэх
болсон билээ.

Путин эргэж ирэв. Улс төрийн олон ажиглагч үүнийг
улс төрийн тоглолт гэж харж байсан. Медведевийн засаглалын үед ерөнхий
сайдаар ажиллаж байсан Путин дахин ерөнхийлөгч болж, Медведев ерөнхий
сайд болов. Оросын залуучууд болоод баруун Европын улсууд үүнийг
ардчиллаас ухарсан алхам хэмээн үзэж буй. Владимир Путин ард иргэдийн
63,6 хувь буюу 46 сая 602 мянган хүний саналаар ерөнхийлөгчөөр
сонгогдсон билээ. Тэрээр ийнхүү ерөнхийлөгчийн албыг 12 жил хашихаар
болж байгаа юм. ОХУ-ын өнцөг булан бүрт түүний ялалтыг эсэргүүцсэн
залуус жагсч ихэнхэд нь сахилгын шийтгэл оноосон. Мөн эсэргүүцэл
илэрхийлсэн хэмээн “Pussy Riot” хамтлагын дуучдыг шоронд хорих хүртэл
арга хэмжээг авсан юм.

Шинзон Абе Японд ялалт байгууллаа. Түүний
тэргүүлдэг Либерал ардчилсан нам парламентын сонгуульд 43,1 хувиар
ялалт байгуулж парламетын 294 суудлыг авч чадсан юм. Хэдийгээр ардчилсан
намыг энэ жил гарцаагүй ялна хэмээн таамаглаж байсан ч тэд ялалт
байгуулж чадсангүй. Үүнд Японы эдийн засгийн хямрал нөлөөлсөн гэж
ажиглагчид үзэж байна. Абе 2006-2007 оны хооронд нэг жилийн хугацаанд
Японы ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд тэргүүлдэг байсан Засгийн
газрынх хоёр ч гишүүн авлигын хэрэгт орооцолдож Хөдөө аж ахуйн сайд нь
амиа хорлосон хэрэг гарснаар түүний байр суурь ганхсан юм. Улмаар
Либерал намын даргын сонгуульд ч тэрээр олонхийн санал авч чадаагүй
билээ. Олон нийт болоод ажиглагчид түүний улс төрийн замнал ерөнхийдөө
өндөрлөсөн гэж үзэж байсан ч энэ оны сүүлд гайхалтай эргэлт хийж чадсан
юм.

БНСУ түүхэндээ анх удаа эмэгтэй хүнээр улсаа удирдуулахаар
боллоо. Пак Гён Хэ олон нийтийн 51,6 хувь буюу 15 сая 773 мянган хүний
саналаар ерөнхийлөгчөөр сонгогдов. Хэдийгээр түүний өрсөлдөгч Ардчилсан
намаас нэр дэвшигч Мүүн Жае Ин ялалт байгуулах өндөр магадлалтай байсан ч
санал хураах өдөр байдал эсрэгээрээ эргэсэн. Пак Гён Хэ Өмнөд
Солонгосын гурав дахь ерөнхийлөгч, цэргийн дарангуйлагч гэгддэг Пак Чун
Э-гийн том охин. Түүнийг нэр дэвшинэ гэдгийг зарлахад өрсөлдөгч намынхан
нь сөрөг сурталчилгаагаа аль хэдийнэ бэлтгээд байсан гэхэд хилсдэхгүй.
Сонгуулийн сурталчилгаа ч яг үүний дагуу өрнөсөн. Гэсэн хэдий ч Пак Гён
Хэ аавынхаа улс төрийн үзлийг эсэргүүцээд зогсохгүй, “Би ийм зүйлийг
дахиж гаргахгүй байхын төлөө ажиллана” гэж олон нийтэд зарласан билээ.
Магагүй энэ үг нь болоод сүүлийн үед дэлхий нийтэд танигдаад байгаа PSY
түүний сонгуулийн кампанид ажилласан нь нөлөөлсөн байж болох талтай.

БНХАУ
удирдагчаа солив. Харвардад боловсрол эзэмшсэн Ши Жинпинг ирэх жилүүдэд
Хятад улсыг удирдахаар болсон юм. Тэрбээр коммунист ардчилсан
засаглалыг эргэлт буцалтгүй сонгож байгаагаа зарласан бөгөөд эдийн
засгийн нээлттэй бодлогыг дэмжиж, гадны хөрөнгө оруулалтыг татах бодлого
баримтлана гэдгээ зарлав. Мөн авлигатай тууштай тэмцэж улс төрийн
томоохон тушаалтнуудыг шалгахаа ч амлаад байгаа. Өмнөх удирдагч Ху
Жинтао ч шалгагдах хүмүүсийн тоонд багтсан гэдгийг санах хэрэгтэй. АНУ
энэ үйл явдлыг чих тавин хүлээж суусан. Учир нь, сүүлийн 10 жилийн
хугацаанд БНХАУ-ын эдийн засаг дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг
болж хувираад байгаа билээ.

ЕВРО БҮСИЙН ХЯМРАЛ

2007-2008
оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойш Европын ихэнх улсад эдийн
засгийн сэргэлт ажиглагдахгүй байна. Зөвхөн Герман, Франц, Их Британи
гэсэн томоохон гүрнүүдийн эдийн засаг харьцангуй тогтвортой байгаа гэж
хэлж болно. Франц, Их Британи Европын холбоонд нэгдсэн ч мөнгөн
тэмдэгтээ еврогоор бүрэн солиогүй. Харин Герман еврогийн мөнгөний анхны
ханшийг германы дойч маркийн бусад улстай харьцах ханшинд тулгуурлан
тогтоосон нь энэ улсад эдийн засгийн хямралд өртүүлэхгүй байх нэг
үндэслэл болсон гэхэд хилсдэхгүй.

2012 оны дунд гэхэд бүх Европ
даяар хямрал ажиглагдаж эхлэв. Өрийн болон зээлжих зэрэглэлээрээ дэлхийн
банкны тогтоосон төвшнөөс доогуур үзүүлэлттэй улсуудын тоо ч нэмэгдсээр
байсан юм. Эхлээд Грек, Кипр, Португаль улсын эдийн засаг эмзэг
байдалтай байгаа гэсэн судалгаа гараад байсан бол  2012 оны аравдугаар
сар гэхэд Европын 17 улсын эдийн засаг эмзэг болжээ.

2012 оны
гуравдугаар сарын 9-ний өдөр Грек улс дэлхийн хамгийн том бондыг авч
чадав. 206 тэрбум еврогийн бондыг Грекийн Засгийн газар гаргасан. Хэрвээ
энэ бүх зээлийг 2022 оны Грекийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй
харьцуулж үзвэл 117 хувиар өсөх дүр зураг ажиглагдаж байгаа юм. Грек анх
2010 оны нэгдүгээр сард 47,8 тэрбум еврогийн зээл авсан бол 2011 оны
есдүгээр сард 180 тэрбум еврогийн зээлийг аваад байсан билээ. Үүнтэй
холбоотойгоор тавдугаар сард болж өнгөрсөн сонгуулийн дараа Грек улс
Европын холбооноос гарна гэсэн мэдээлэл цацагдсан ч үүнийг хэрэгжүүлэх
эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Ямар ч байсан Грекийн эдийн засгийг
ирэх 30 жилийн хугацаанд аврахын тулд дэлхийн томоохон 10 гаруй эдийн
засагчийг ажиллуулна гэсэн мэдээлэл дэлхий нийтээр цацагдаад байна.

2012
онд Ирланд улсын эдийн засаг томоохон хямралтай учрав. Гэхдээ хямрал
зөвхөн 2012 онд гараад ирсэн юм биш. 2008 онд дэлхийн эдийн засгийн
хямралаас хойш Ирландын эдийн засаг сэргээгүй гэж болно. Эдийн засгийн
байдлыг нь харвал тус улс Грекээс хамаагүй дээр байгаа ч сүүлийн 20
жилийн хугацаанд тулгарч байгаагүй хямралтай учрав. 2010-2011 оны
хугацаанд Европын холбооноос эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 85 тэрбум
ам.долларын зээл авсан билээ. Үүнийг 2012 оноос төлж эхэлж, бага зэргийн
сэргэлт ажиглагдаж байсан Ирландын эдийн засаг дахин ганхаж эхлэв. 2012
оны долдугаар сарын 26-ны өдөр Ирландын Засгийн газар таван жилийн 6,1
хувийн хүүтэй таван тэрбум ам.долларын бондыг аваад байгаа юм.

Португал
улсын эдийн засгийн хямрал 2010 оноос эхэлсэн гэж үздэг. Үүнийг цэвэр
улстөрийн тохиромжгүй бодлогоос үүдэлтэй гэж үздэг бөгөөд нийгмийн
халамж болоод олон нийтийн үйлчилгээний салбарт зарцуулсан мөнгөнөөс
хямралын үндэс тавигдсан байна. Харин үүн дээр евро бүсийн болоод АНУ-ын
өрийн хямрал ташуур өгсөн гэхэд болно. 2012 оны есдүгээр сард гаргасан
судалгаагаар 2014 он гэхэд Португалын өрийн хэмжээ ДНБ-нээс даруй 30
хувиар давна гэж тооцоолж байна. Энэ оны хоёрдугаар хагасын байдлаар тус
улсын ажилгүйдлийн хэмжээ 15 хувь болтлоо өсчээ. Мөн өнгөрч буй 2012
онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт дөнгөж нэг хувь хүрчээ.

Испанийн хувьд байдал бас л тийм сайн биш. Хэдийгээр олон улсын
хамтын нийгэмлэг болоод Европын холбооны туслалцаа нэг их хэрэгтэй биш
үзэж байсан ч өнгөрч буй 2012 онд аргагүйн эрхэнд Засгийн газрын бонд
гаргахаар болов. Европын холбооны гурав дахь томоохон эдийн засаг
гэгддэг энэ улсын тухайд 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын
дараачаас эдийн засаг нь тодорхой бус байгаа юм. 2012 оны зургадугаар
сараас Европын холбооноос 10 жилийн 7 хувийн хүүтэй 100 тэрбум еврогийн
бонд авахаар ярилцаж эхэлсэн бөгөөд 2012 оны аравдугаар сард л энэ
шийдвэрийг Испанийн тал бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа зарлан бонд
арилжихаар болов. Зарим ажиглагчид энэ шийдвэрийг дэндүү хожимдсон гэж
харж байгаа ч испаничууд өөдрөгөөр харж байгаа юм.

АРАБЫН ЕРТӨНЦ ХАЛУУН ЦЭГ ХЭВЭЭР

Дэлхийн
халуун цэг болоод байгаа Сирид мөргөлдөөн биш иргэний дайн явагдаж
байна гэж өнгөрсөн тавдугаар сард эрх баригчид нь ч, босогчид ч, НҮБ
болон Арабын лигийн орнуудын Сирийн асуудлыг зохицуулан эвлэрүүлэх
тусгай элч төлөөлөгч Кофи Аннан ч хүлээн зөвшөөрөв. Персийн булангийн
баян орнууд босогчдыг дэмжиж суннитийн сүсэгтнүүд эрх барьдаг орон
бөгөөд Ираны хамсаатан Сирийн шийтийн дэглэмийг унагаснаар Ираныг
ганцаардуулан бүслэх стратегийн зорилтоо тодотгож буй гэж үзэв.
Сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх хожимдсон чармайлт нь үр дүнд
хүрээгүйгээс Кофи Аннан огцорсон ч, шинээр сонгогдсон төлөөлөгч ч
байдлыг засч чадахгүй байгаа.

Харин энэ хугацаанд босогчид
барууныхны тусламжтайгаар байр сууриа бэхжүүлсээр байна. Сирийн тархай
бутархай сөрөг хүчнийг нэгтгэн нийлүүлэх асуудлыг Катар удирдахаар
болов. Энэ сарын 12-нд Марракешт болсон дэлхийн 130 орны төлөөлөгч
оролцсон олон улсын бага хурал Сирийн сөрөг хүчнийг хүлээн зөвшөөрсөнөөр
тэд улам хүчирхэгжив. Үүний өмнө АНУ Сирийн босогчдыг хүлээн зөвшөөрч
байгаагаа Барак Обама зарласан билээ.

Башар Ассадын эсрэг
тэмцэгчдийг дэлхийн ихэнх орон хүлээн зөвшөөрснөөр босогчид зэр зэвсгийн
тусламж авахаас гадна НАТО-гийн цэргийн оролцоо Сирид нэвтрэх зам
засагдаж байна. Мауммар Каддафийн эсрэг дайныг мөн л сөрөг хүчин нь
хүлээн зөвшөөрснөөр эхлүүлж байсан билээ.

Гэхдээ Сир, Ливи
хоёрын байдал өөр. Ливи эхнээсээ Бенгази гэсэн баазтай эв нэгдэлтэй болж
чадаж байсан бол Сирийн сөрөг хүчний нэгдэл сөргөлдөөн эхэлснээс хоёр
жилийн дараа бий болов. Сирийн сөргөлдөөний эхэнд барууныхан босогчдод
туслаагүй. Харин энэ 2012 онд босогчид Идлиб мужийг бараг эзлэн Аллепо
мужийг хянах болсны дараа тэдэнд тусламж үзүүлэх боллоо. Мөн Сирийн эрх
баригчид хүчин мөхөсдөж байгаагаас химийн зэвсэг хэрэглэх аюул гаргах
болов. Химийн зэвсэг хэрэглэх нь Ассадын эцсийн алхам болохыг бүгд
сануулж байна. Харин өнгөрч байгаа энэ онд Ассадын дэглэмийг Хятад, Орос
хоёр дэмжсэнээр сөргөлдөөнийг улам даамжрууллаа. Орос Ойрхи Дорнодод
хүчтэй байсан Зөвлөлтийн ашиг сонирхлыг ямар нэгэн хэмжээгээр алдахгүй
гэсэн сонирхолтой байгаа. Хэрэв Ассадын дэглэм унавал дараагийн
мөргөлдөөн Иранд  шилжин Орост улам ойртох болгоомжлол бас Орост бий.
Дайн Орост ойртох тусам исламын хэт даврагчдын урсгал Хойд Кавказад орох
боломж гарна.

Мароккогийн 
Гадаад хэргийн сайд Саад-Эддин эль-Отмани (зүүнээс), Саудын сайд Сауд
аль-Файзал бин Адбулазиз аль-Сауд (төвд нь), Францын Лоран Фабиус нар
“Сирийн найз нөхдийн” Марракеш дэх уулзалт дээр. Фото Reuters

Сирийн
сөрөг хүчин гэсэн төсөл бол барууны болон Персийн булангийн орнуудын
хэрэгжүүлж буй ажиллагаа. Сирийн сөрөг хүчний бүрэлдэхүүнд янз бүрийн
бүлэг хүчин байгаа нь Вашингтонд тэдэнд зэвсэг нийлүүлэх боломж
гаргахгүй байгаа. Зарим нэг бүлгийг нь АНУ алан хядагчдын жагсаалтдаа
оруулжээ. Гэтэл "Аль-Нусра" гэх бүлгийг босогчид өөрсдийн хамгийн дайчин
хүч гэж тооцож байгаа юм.

Гэхдээ Сирийн өнөөгийн байдал гадны
тусламжгүйгээр  босогчдын ялалт ойртож буйг харуулж байна. Босогчид
хурдтайгаар шинэ газар нутгийг эзлэн авч Ассадын дэглэмд тоотой хэдэн
хоног үлдэж байна.

Ийнхүү Сирийн хэрэг явдал нэгэн дэглэмийн
төсгөл ойртож буйг зөгнөж байгаа бол харин Египетийн хувьсгал үргэлжлэх
хандлагатай боллоо. Энэ жил Египетийн ерөнхийлөгчийн сонгууль олны
анхаарлыг аргагүй л татлаа. Мусальман ахан дүүс хөдөлгөөний Мохаммед
Мурси ерөнхийлөгчөөр сонгогдоод богино хугацааны дотор практикч 
улстөрчөө харуулан засгийн дээд хэсгээс цэргийн зөвлөлийг зайлуулж
чадав. Дараа нь Палестин Израилийн ээлжит мөргөлдөөнд амжилттай зуучлан
нэр хүндээ улс орондоо гадаадад ч өсгөж чадлаа. Гэтэл таван сарын турш
олж авсан нэр төрөө хэдхэн хоногийн дотор өөрийн эрх мэдлийг хязгааргүй
болгох зарлиг гаргаснаар унагав. Өөрөөр хэлбэл, Египетийн либерал
ардчилсан хувьсгалчид болон исламуудын хоорондын мөргөлдөөнийг шариатын 
гэх шашны хуулинд тулгуурласан шинэ Үндсэн хууль гарган олон нийтийн
санал асуулгаар шийдүүлж байгаа нь нийгмээ хагарахад хүргэлээ. Египетийн
өнөөгийн байдал нь шашны урсгалуудын хоорондын мөргөлдөөний шинжтэй
болсноор хяналтаас алдвал иргэний дайнд хүргэх аюул дагуулахаар байна.
Бүх египетчүүдийн ерөнхийлөгч болохоор амласан Мохаммед Мурси Арабын
хаврын үргэлжлэлийн шинэ давалгааныг өдөөж байна.

НҮБ-ын
ажиглагч орон болсон Палестин, ураны баяжуулалтаа зогсолтгүй хийж байгаа
Иран, Палестины нутагт суурингаа үргэлжлүүлэн барихаар амласан Израиль,
Сирийн босогчдын амжилтууд зэрэг үйл явдлаар Ойрхи Дорнод 2012 онд
аргагүй л анхаарлын төвд байлаа.  
Фото Reuters

ХОЙД СОЛОНГОСЫН ПУУЖИНГИЙН АЙДАС

Пхеньян
дахиад л 2012 оны гол үйл явдлын нэгд зүй ёсоор тооцогдож байна. Бага
зэрэг төөрөлдүүлэн хугацааг нь хойшлуулсан гэж байсан хиймэл дагуулаа
тэд товлосон хугацаандаа хөөргөв. Дэлхийн хамтын нийгэмлэг БНАСАУ дэлхий
орчмын тойрог замд хиймэл дагуулаа гаргалаа гэж мэдээлэв. Дэлхийн
коммунизмын сүүлчийн түшиц болсон ядуу орон сансрын гүрэн гэж хэлэгдэх
эрхтэй боллоо.

Шар тэнгисийн эрэгт, Хятадтай хил залгаа нутагт
байх Сохэгийн сансрын хөлөг хөөргөх талбайгаас арванхоёрдугаар сарын
12-ны өдрийн орон нутгийн цагаар өглөөний 09.49-д пуужинг хөөргөлөө. Уг
нислэгийг ажиглан хянаж байсан дэлхийн улс гүрнүүдийн зохих
байгууллагууд хөөрөлт амжилттай болсныг хүлээн зөвшөөрөв. Пуужингийн
эхний шат ажиллаж дуусаад гарааныхаа газраас 200 км-ийн зайд Шар
тэнгист, хоёр дахь шатны хөдөлгүүр нь Зүүн  Хятадын тэнгист, гурав дахь
нь Филлиппинээс зүүн тийш 300-гаад км-ийн зайд далайд унав.

ОХУ-ын
Сансрын орон зайг хянах систем, АНУ-ын Агаар, сансрын хамгаалалтын
командлал (НОРАД) Пхеньян дэлхий орчмын тойрог замд ямар нэгэн биет
гаргасан гэдгийг нотоллоо. Олон орны мэргэжилтэн  пуужингийн зөөгч нь юу
байсан талаар судлаж, уг пуужин сансрынх уу эсвэл цөмийн цэнэг зөөх
баллистик уу гэдгийг шинжилж байна. Хэт хаалттай Хойд Солонгосын
пуужингийн хөөргөх бэлтгэл ажлын талаарх анхны мэдээллийг ажиглагчид
сансрын хиймэл дагуулын зургаас авч байв. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын
сүүлчээр үйлдвэрээс тив алгасан нисэх "Тэпходон" пуужингийн энгийн
хувилбар нь болох “Унха” пуужинг талбайд авчирсныг тэд илрүүлсэн. Энэ
арванхоёрдугаар сарын эхээр пуужинг талбайд байрлуулсан нь мэдэгдэх үеэр
энэ сарын 10-22-ны хооронд хиймэл дагуул хөөргөнө гэдгээ Пхеньян
зарласан юм.

Хойд Солонгосын хөрш орнууд “цөмийн клуб”-ын “отгон
гишүүн”-д баллистик пуужингийн туршилтыг хориглосон НҮБ-ын тогтоолыг 
зөрчиж буйг сануулж байлаа. Япон хэрэв пуужингийн томоохон хэлтэрхий
нутаг дэвсгэрт нь унахаар бол угтан сөнөөхөөр зэвсэгт хүчнээ байлдааны
бэлэн байдалд орууллаа. Мөн ийм арга хэмжээг Орос, Хятад, Өмнөд
Солонгос  авсан юм.

Арванхоёрдугаар 8-д Пхеньян техникийн саатал
гарсан учир 29-ний өдөр хөөргөнө гэж зарлан амжилттай “төөрөгдүүлээд”
пуужингаа хөөргөлөө. Ийнхүү Хойд Солонгос дөрөв дэх оролдлогоороо
“сансрын клуб”-ын “отгон гишүүн” боллоо.

Хойд Солонгос 2012 оны
арванхоёрдугаар сарын 12 хүртэл хиймэл дагуулыг тойрог замд оруулахаар
гурван удаа бүтэлгүй оролдлого хийсэн юм. Пхеньян 1998 оны наймдугаар
сарын 31-нд "Кванменсон-1”, 2009 оны дөрөвдүгээр сарын 5-нд
"Кванменсон-2" дагуулыг хөөргөх оролдлого хийсэн. Тэд хөөргөлтөө 
амжилттай боллоо гэж байсан ч Дэлхийн хамтын нийгэмлэг үүнийг бүтэлгүй
оролдлого гэж нэрлэсэн. Үнэндээ ч хойд солонгосчуудын хөлөг сансарт
“тэмдэглэгдсэнгүй”.

Дараа нь буюу энэ жилийн хавар хөөргөлт
хийхээр дахин зарлаж Пхеньян Кимийн овгийн гурав дахь Ким Чен Унын
удирдлага дор өмнө байгаагүй ил тод байдлыг харуулан гадаадын
сурвалжлагч нарыг урьсан. Харин Сохэ талбайгаас хөөргөсөн сайжруулсан
“Унха” нь гараанаас хөөрөөд хоёр минутын дараа дэлбэрсэн билээ.
 
Өмнөд Солонгосын телевизийн харуулсан зураг

Хойд
Солонгос хавар сүйрсэн "Кванменсон-3" нэртэй хиймэл дагуулаа тойрог
замд гаргасныг НОРАД батлан мэдээлсэн ч хиймэл дагуулаас ямар нэгэн
дохио, мэдээлэл аваагүй учраас хиймэл дагуул нэрээр цул төмөр хөөргөн
энэ халхавч дор тив алгасан нисэх пуужинг туршсан гэх сэжиг улам бүр
бодитой болж байна. Харин цэргийн чиглэлийн асар их сонирхолтой ч 
хөрөнгө мөнгөний ихээхэн гачаалтай, техникийн дэвшил сул энэ орон ийм
ээдрээтэй төслийг хэрхэн биелүүлж чадсан нь анхаарал татаж байгаа юм.
Өмнөд Солонгосын тооцоогоор эдгээр туршилтуудад Хойд Солонгос наад зах
нь 1,3 тэрбум ам.доллар зарцуулжээ. Гэтэл Хойд Солонгосын дотоодын нийт
бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилдээ 40 тэрбум доллар. Зөвхөн энэ жил
хөөргөсөн пуужингуудын зардлаар 4,6 сая тонн улаан буудай худалдан авч
болох  байв.

 Өмнөд Солонгос 2008 он хүртэл ахан дүүгийн тусламж
болгон жилдээ 400 мянган тонн цагаан будаа илгээж байв. Гэхдээ сүүлийн
жилүүдэд Хойд Солонгосын өлсгөлөн нь хэт дэвэргэсэн гэх дүгнэлтийг
мэргэжилтнүүд хийх болсон байна. Ихэнх иргэд нь маш хязгаарлагдмал
хэрэгцээн дор амьдарч байгаа ч тэд цэргийн зардлаа нэмсээр байна.

Өнгөрч
байгаа он Хойд Солонгосын шинэ лидер Ким Чен Унын хувьд амжилттай он
байсан гэж болно. Засагт гараад нэг жил болох хугацаанд тэрээр боломжийн
гэх засгийн бүх л эрх мэдлийг бүгдийг нь гартаа оруулж чадлаа. Цэргийн 
нөлөө бүхий дээд удирдлагыг өөрийн талын хүмүүсээр томилон хэт их эрх
мэдэлтэй маршлуудаа зайлуулж чадлаа. Микки Маус мэтийн шинэ дүр зургийг
урлагт оруулж, гэргийгээ нийтэд ил гарган танилцуулах мэтээр тэрээр
өөрийн “шинэчлэл”-ийг хийлээ. “Шинэчлэл” үүнээс цааш  хэтэрсэнгүй. 

Ихээхэн
зарлагатайгаар пуужингаа хөөргөснөөр тэрээр  шинэ лидерээр удирдуулсан
Хойд Солонгос өмнө гараагүй өндөрт гарсан мөн өөрийнх нь дэглэм цөмийн
зэвсэг хүргэх төхөөрөмжтэй гэдгийг харуулж байна. Пхеньян цөмийн
бөмбөгтэй эсэх нь чухал биш ч өөрсдийнх нь дээрээс унах магадлалтай
туршилтыг дэмжих орон байхгүй нь тодорхой билээ.

“GANGNAM STYLE”-ЫН ТЭСРЭЛТ

Энэ
оны долдугаар сараас дэлхий нийтийг донсолгох нэгэн дуу анх удаа
цацагдав. Өмнөд Солонгосын репер өдгөө 37 гаруй настай PSY-ын “Gangnam
Style” дуу. Анх цацагдаад хүмүүсийн анхаарлыг төдийлөн татсангүй. Харин
фейсбүүк болон твиттер хуудас болгонд постлогдсон нь тэсрэлт хийхэд
нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Энэ дуу Гиннесийн рекордын
номонд 6,2 сая “лайк” цуглуулснаараа бичигдэж, YouTube-ыг албан ёсоор
нээгдсэнээс хойш анх удаа 1,3 тэрбум хүн үзсэн видео болсон билээ.
Үүгээр түүний амжилт дуусахгүй. АНУ-ын бараг бүх нэр хүндтэй шоунд
уригдаж, Их Британийн ерөнхий сайдын урилгаар Их Британид, Барак
Обамагийн урилгаар түүний нэгэн буяны арга хэмжээнд дуулсан юм. Мөн
Барак Обама, БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гён Хэ нар сонгуулийн
сурталчилгаанд хувь нэмрээ оруулав.

Энэ дуучны нийгэмд үзүүлсэн
нөлөө нь ч асар их. АНУ-ын сансар судлалын академи болоод лалын хэт
даврагчдад хүртэл түүний энэ дуу нөлөөлж чадсан. Бүх улс орны төрийн
тэргүүн болоод улстөрчид түүний бүжгийг дуурайн бүжиглэж улс төрийн
“оноогоо” дээшлүүлж байсан. Мөн тэрээр Биллборд болоод Их Британийн
дууны жагсаалтад 1963 оноос хойш ази хүний үзүүлж байгаагүй амжилтыг
үзүүлэв. Биллбордын дууны жагсаалтад Японы дуучин  Кю Сакамото "Сукияки"
дуу 1963 оны зургадугаар сарын 15-долдугаар сарын 6-ны хооронд гурван
долоо хоног тэргүүн байрт бичигдэж байснаас хойш PSY-ын “Gangnam Style”
энэ амжилтыг бараг давтах шахав. Тэрээр 10 гаруй долоо хоногийн турш
Биллбордын шилдэг дууны жагсалтын эхний 10-т, 15 долоо хоногийн турш Их
Британийн хөгжмийн жагсаалтын эхний 10-т жагсч гайхалтай амжилт гаргасан
билээ. Үүнээс гадны өөр бусад 30 оронд тэргүүн байрт жагсчээ.

Сөүл
хотод байх Гангнам дүүрэг түүний буянаар дэлхий нийтийн анхаарлын төвд
орсон. Энэ нь Солонгосын хамгийн дээд зэрэглэлийн дүүргээс гадна эдийн
засаг бизнесийн томоохон төв билээ.

Мөн АНУ-ын хөгжмийн шагнал
гардуулах наадмаас шилдэг шинэ уран бүтээлч хүндэтгэлийн шагнал, MTV
Европын хөгжмийн наадмаас шилдэг клип, Mnet Азийн хөгжмийн наадмаас
шилдэг клип, шилдэг дуу, People’s Choice наадмаас олны таашаалд хүрсэн
клип зэрэг шагналын эзэн болжээ.

“Түүний хөгжмийг зүгээр л
сонсоод, Солонгосын тэсрэлтийг мэдэрье”. Энэ бол алдарт Bono-гийн үг. U2
хамтлагын уран бүтээлч тэрээр энэ дууг “Цэвэр олон нийтэд хүрэхийн тулд
шинийг сэдэж хийсэн уран бүтээл. Хэдийгээр мэргэжлийн талаас яривал
шаардлага хангахгүй ч энэ дууг сонсоод хүмүүс уйдахгүй” гэсэн байдаг.
Үүнээс гадна өөр олон уран бүтээлчид тухайлбал Lil Wayne, Britney
Spears, Katy Perry, Jessie J, Justin Bieber нар түүний уран бүтээлийг
магтсан байдаг. Энэ дууг олон хүн буяны арга хэмжээнд ашигласан байдаг
аж. Мөн дэлхий нийтийн уриалга болсон төсөл хөтөлбөрүүдэд ч гол дуу
болгон ашиглаж байгаа билээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр
Берлинд болох Шинэ жилийг угтах ёслолын үеэр түүний дуун дээр нэг сая
хүн бүжиглэх дэлхийн хамгийн том флешмобыг зохион байгуулахаар болжээ.
Үүнийг зохион байгуулах зардлыг Берлин хотын захиргаанаас гаргахаар
болсон аж. Мөн түүний дууг Эмнести Интернейшнл олон улсын байгууллага
хүний эрхийн төлөөх богино хэмжээний кинонд ашигласан байна.

Б.БОЛОРСҮХ, Ш.МЯГМАРСАМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж