БНХАУ-ын Тянъжин "Гранд" театр нь 2012 оны 4 сараас эхлэн уран бүтээл, үйл ажиллагаагаа эхэлсэн, дэлхийн сүүлийн үеийн жишигт нийцүүлэн барьсан, "бүтээн байгуулалт" юм. Тус театрын байгууламж нь тоглолтын зал, концертын залнуудаас бүрдэнэ. Тоглолтын зал-1600, концертын зал нь 1200 хүний суудалтай. Энэ богинохон хугацаанд тус театрын тайзнаа дэлхийд данстай ОХУ-ын Москвагийн хөгжмийн театр, BBC үндэсний оркестр, Мама Миа мюзикл, NHK-ийн симфони оркестр, Валерий Гергиевийн удирдлаган дор Марийнский театрын оркестр зэрэг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн нэр хүндтэй уран бүтээлчид тоглолтоо хийсэн байдаг.
Харин энэ жил Монгол Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид урилгаар энэхүү театрт залу сарын баярт зориулан “Цөмөөхэй” балетыг тоглосон юм. П.И.Чайковскийн "Цөмөөхэй" балет нь "Зул сарын" баярт зориулсан цорын ганц дэлхийн сонгодог урлагийн төлөөлөл юм. Энэхүү айлчлан тоглолт нь Монголын соёл урлагийн түүхэнд анх удаа 150 хүний бүрэлдэхүүнтэй, дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлийг цогц, бүрэн хэмжээгээр нь гадаадад сурталчилсан юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, III нарийн бичиг Д.Булган болон албаны бусад хүмүүс, "Нью-Йорк" сонины сурвалжлагч Sheilla M, Tianjin Daily сонины эрхлэгч Han Xiao Jing, Тянъжин хотын Азийн асуудал хариуцсан захирал Teng Jian Zhen нар оролцлоо.
Хаалтын ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд эрхт Элчин сайд Xiaolong Wang оролцож, УДБЭТеатр Тянъжин "Гранд" театрын хооронд хамтын ажиллагааны (3 жилийн) санамж бичигт "Гранд" театрын захирал Qian Cheng, УДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн нар гарын үсэг зурснаар уг арга хэмжээ амжилттай өндөрлөлөө.