Тусгай зөвшөөрөл олгохыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2012.12.29-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрөл олгохыг хориглолоо

УИХ энэ оны отгон хуралдаанаа өчигдөр хийж, олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дотор хамгийн анхаарал татахуйц нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн нэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Ц.Оюунбаатарын тангаргыг өргүүлж, 74 гишүүнтэй болсон явдал байлаа. Эл асуудал тухайн өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй байсан боловч үдээс хойшхи гэнэт оруулж ирсэн юм. УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг тус эвслээс УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшиж гишүүний түр үнэмлэхээ аваад байсан Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүний тангаргаа өргөхөд бэлэн байгааг мэдэгдсэнээр энэ бүхэн ёсчлогдсон юм. УИХ-ын даргын зүгээс гишүүний тангаргаа өргөсөн Ц.Оюунбаатарт баяр хүргээд гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг уншиж танилцуулахад гишүүдийн 86 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдав.

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улмаар хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь УИХ-ын даргын шийдвэрээр УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо хуралдаж, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглох хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус бүр хийсэн юм. Энэ хооронд чуулганыг түр завсарлуулсан. Дараа нь байнгын хороодоор хэлэлцсэн асуудлуудыг УИХ-ын чуулганд танилцуулж, тус бүр хэлэлцүүлгийг нь хийж баталсан. Тухайлбал, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг байнгын хорооноос гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж, энэхүү хуулийг баталсан юм.

Эл хуулийн төсөл батлагдсанаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг үргэлжлүүлэн хориглож байна, мөн ашигт малтмалын лицензийг бусдад шилжүүлэх явдлыг ч хориглоод буй юм. Эл хууль 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Өмнө баталсан хуулийн хэрэгжих хугацаа шинэ оноос эхлэн дуусгавар болж байгаа тул ийнхүү УИХ амжиж дээрх хуулийн хугацааг дахин сунгалаа. 

Мөн хуралдаанаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, тогтоолын нэрийг өөрчилж, “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” болгон өөрчилж баталлаа.  Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 84.4 хувийн дэмжлэгтэйгээр энэхүү тогтоолын төсөл батлагдсан. Тогтоолыг 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөнө.

Үүгээр УИХ 2012 оны отгон хуралдаанаа өндөрлүүлж, УИХ-ын дарга З.Энхболд шинэ оны эхнний өдөр хэрэгжих чухал хууль, тогтоолыг хэлэлцэж баталсан эрхэм гишүүддээ талархал илэрхийлж, шинэ оноо сайхан угтахыг ерөөв.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж