Тэмцээнд багууд хоёр тойрог хоорондоо тойргоор тоглож нийлбэр дүнгээр эхний дөрвөн байр эзэлсэн баг хагас шигшээ, шигшээ тоглолтод шалгаран хасагдах системээр Лигийн аварга баг тодорно. Лигийн тоглолтын эхний тойрог өндөрлөсөн бөгөөд хоёрдугаар тойргийн тоглолт ирэх оны нэгдүгээр сарын 14-нд дуусаж, хагас шигшээд өрсөлдөх багууд тодорно.
Шилдэг найман багийн эхний тойргийн дүн гарахад А.Мэндбаяр эзэнтэй “АПУ-Фрутта” баг зургаан хожил, Г.Даваасүрэн эзэнтэй "ӨЕГ" баг, Ц.Гантулга эзэнтэй “Төмөрт Транс” багууд тус бүр таван хожилтойгоор тэргүүлж байна. Д.Энхчимэг эзэнтэй “Петровис” баг, Ж.Түмэн-Аюуш эзэнтэй "Хасу Мегаватт" багууд тус бүр дөрвөн хожилтой, н.Дорждэрэм эзэнтэй Бридж констракшн ХХК-ний “Баянзүрх” баг хоёр хожилтой, Х.Эрдэнэбаяр эзэнтэй “Time out ” сэтгүүлийн баг, Э.Одончимэг эзэнтэй "Бласт" багууд тус бүр нэг хожилтой явна.
Эхний тойргийн дараа нэг бүрчилсэн чансаагаар эрэгтэй тамирчдыг “Петровис” багийн тамирчин, спортын мастер Б.Баярмагнай 39 оноо, "Хасу Мегаватт" багийн тамирчин ОУХМ Л.Алтантулга 35 оноо, “ӨЕГ” багийн тамирчин Э.Лхагвасүрэн 34 оноогоор тус тус тэргүүлж байгаа бол эмэгтэй тамирчдыг Бридж констракшн ХХК-ны “Баянзүрх” багийн тамирчин, ОУХМ Б.Батхишиг 39 оноо, “АПУ-Фрутта” багийн тамирчин н.Индра 36 оноо, “Хасу-Мегаватт" багийн тамирчин спортын мастер Б.Эрдэнэсувд, “АПУ-Фрутта” багийн тамирчин О.Бадамцоо, “Бласт” багийн тамирчин М.Дэлгэрмаа 32 оноотой тус тус лигийн тамирчдын чансааг тэргүүлж байна.
Лигийн тоглолтод оролцож буй багуудын бүрэлдэхүүнийг танилцуулбал:
“АПУ-Фрутта” баг: А.Мэндбаяр эзэнтэй тус баг үндэсний лигийн аваргаар хоёр удаа шалгарч байсан бөгөөд лигийн тоглолтын I тойргийг зургаан хожилтойгоор тэргүүлжээ. Багийн бүрэлдэхүүнд ОУХМ Т.Энхтөр, ОУХМ О.Бадамцоо, спортын дэд мастер Б.Мөнх-Оргил, I зэрэгтэй Г.Индра, Б.Эгшиглэн, Г.Чулуудай.
“ӨЕГ” баг: Г.Даваасүрэн эзэнтэй "ӨЕГ" баг I тойргийг таван хожилтойгоор II байраар шалгарсан байна. Багийн бүрэлдэхүүнд Спортын мастер Э.Лхагвасүрэн , Ц.Жаргалсайхан, спортын дэд мастер Ё.Батдэлгэр, Анх-Эрдэнэ, Саруулсайхан, Д.Цэнджаргал
“ТӨМӨР ТРАНС” баг: Ц.Гантулга эзэнтэй тус баг I тойргийг таван хожилтойгоор III байраар шалгарсан байна. Багийн бүрэлдэхүүнд спортын мастер Н.Энхсайхан, спортын мастер Ц.Наранцацрал, спортын дэд мастер М.Ариунболд, Т.Биндэрья, спортын II зэрэгтэй н.Мягмарсүрэн
“ПЕТРОВИС” баг: Д.Энхчимэг эзэнтэй тус баг I тойргийг дөрвөн хожилтойгоор IV байраар шалгарсан байна. Багийн бүрэлдэхүүнд спортын мастер Я.Бэгз, спортын мастер Б.Баярмагнай (нэг бүрчилсэн чансаагаар 39 оноогоор I тойргийг тэргүүлээд байна), спортын мастер Б.Энхжин, спортын мастер С.Дөлбадрах, I зэрэгтэй Б.Сосорбарам, Н.Энхцацрал (Өсвөрийн УАШТ-ий мөнгө, хүрэлтэй)
"ХАСУ МЕГАВАТТ" баг: Ж.Түмэн-Аюуш эзэнтэй тус баг I тойргоос дөрвөн хожилтойгоор V байраар шалгарчээ. Багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Д.Энхбаатар, ОУХМ Л.Алтантулга (нэг бүрчилсэн чансаагаар 35 оноогоор II байрт байна), спортын мастер Л.Баярмагнай, спортын мастер Т.Батзориг, спортын мастер Б.Эрдэнэсувд (Монголын бүх ард түмний спартикададын шинэ аварга, Баянхонгор аймаг), I зэрэгтэй Б.Ууганцэцэг, П.Цэнгэлмаа, П.Билэгжаргал, Б.Дэмбэрэлзодов
“БАЯНЗҮРХ” баг: н.Дорждэрэм эзэнтэй “Бридж констракшн” ХХК-ний тус баг хоёр хожил авчээ. Багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Д.Мөнхсайхан, спортын мастер Д.Мөнхсайхан, спортын дэд мастер Д.Баатарсүрэн, ОУХМ Б.Батхишиг (эмэгтэйчүүдийг нэг бүрчилсэн чансаагаар 39 оноогоор тэргүүлж байна), I зэрэгтэй Б.Мөнхзаяа, Ц.Мөнхжин, Ж.Мөнхнаран
“TIME OUT” сэтгүүлийн баг: Х.Эрдэнэбаяр эзэнтэй “Time out ” сэтгүүлийн баг нэг хожил авчээ. Багийн бүрэлдэхүүнд ОУХМ С.Галбадрах, спортын мастер З.Төрболд (Монголын бүх ард түмний спартикададын шинэ аварга), спортын мастер Х.Эрдэнэбаяр, спортын дэд мастер Б.Мөнгөнцэцэг, I зэрэгтэй Т.Өсөхбаяр, Г.Нармандах, Б.Должинзуу
"БЛАСТ" баг: Э.Одончимэг эзэнтэй тус баг I тойргийн тоглолтоос нэг хожил авсан байна. Багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Т.Мэргэн, спортын дэд мастер Б.Билэгт, спортын дэд мастер Т.Чинзориг, спортын дэд мастер М.Дэлгэрмаа (болсон Азийн хүүхдийн тавдугаар их наадмын гурван алттай), I зэрэгтэй Б.Тамир, н.Нямдулам, М.Ундрам, Б.Есүнгэ нар багтжээ.
Лигийн тоглолтын ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Т.Бат-Эрдэнэ, шүүгчээр олон улсын шүүгч Ж.Болд, улсын шүүгч Х.Энхбат, В.Отгонбаяр (Монгол улсын арван удаагийн аварга), Р.Батбаяр нар ажиллаж байна.
Монголын ширээний теннисний холбооны үндэсний лигийн долоо дахь удаагийн тэмцээний II тойргийн тоглолт ирэх нэгдүгээр сарын 14-нд өндөрлөж, хагас шигшээд өрсөлдөх багууд тодорч, улмаар шигшээд өрсөлдөх эрхийн төлөө багууд дахин тоглох учиртай. Тэмцээн долоо хоног бүрийн Баасан (18:00), Ням (10:00-15:00) гаригуудад ширээний теннисний “ОЧ” клубт болж байна.
Сануулахад, Монголын ширээний теннисний холбоо энэ оны төвшинд дотоодод 14 тэмцээн уралдаан зохион байгуулжээ. Мөн энэ жил Германы Дортмунд хотноо болсон багийн ДАШТ-нд эрэгтэй баг “Е” хэсэгт 28 багтай өрсөлдсөнөөс найман хожилтойгоор алтан медаль хүртсэн бол Сахад болсон Азийн хүүхдийн тавдугаар их наадмаас гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж 11 улс оролцсон тус тэмцээнээс багаараа нэгдүгээр байр эзэлсэн. Мөн Монголын бүх ард түмний спартикадад шинэ аваргууд төрж, улмаар Баянхонгор аймгаас оролцсон спортын мастер Б.Эрдэнэсувд түрүүлж, “Өег” компанийн нэрэмжит өсвөр үеийн “TOP-10” тамирчин шалгаруулах тэмцээнд Баянхонгор, Эрдэнэтийн тамирчид түрүүлсэн зэрэг нь хөдөө, орон нутагт тус спорт өндөр түвшинд байгааг харуулж байна.
Тус холбоог ирэх онд улсын аварга шалгаруулах гурван (ахмадын, насанд хүрэгчид, өсвөр) том тэмцээн хүлээж байна. Мөн ирэх оны тавдугаар сард Францын Парис хотноо ширээний теннисний ганцаарчилсан төрлийн ДАШТ болох тул лигийн тоглолт болон улсын аварга шалгаруулах тэмцээнээс тамирчдыг сонгох ажээ.