Богд хаан, Эх дагинийг хоёронтоо хаан ширээнд өргөмжилсөн нь

Хуучирсан мэдээ: 2012.12.29-нд нийтлэгдсэн

Богд хаан, Эх дагинийг хоёронтоо хаан ширээнд өргөмжилсөн нь

Богд хаант Монгол улсын төрийн ёслол, төрийн албаны түүхийн холбогдолтой олон баримтууд МҮНС, МҮТА, Гандантэгчинлин хийд, Эрдэнэсийн сан зэрэг олон газар хадгалагдаж байна. Харамсалтай нь бид өнөөг хүртэл энэ баримтуудыг бүрэн гүйцэд судлаагүй, бүртгээгүй байна. Энэ нь нэг талаас нэг л үзэл сурталыг барьж ирсний уршиг. Нөгөө талаас ”хос ёст төрийн уламжлал” буюу ”шашин төрийг хослосон” улс төрийн дэг сургуулийг судлахад бурхны шашны болоод төвдсудлалын мэргэшил ч бас давхар давхар хэрэгтэй юм.  

Академич Ц.Дамдинсүрэн, доктор Л.Хүрэлбаатар нарын зэрэг бидний өмнөх үеийн судлаачид ”Монголчууд Цагаан хэрмийн гадуур Шар хэрэм татсан”, ”Төрийн уламжлалыг шашны хальс бүрхэвчинд нуусан” гэсэн хоёр санааг байнга хэлж сануулж, үүнийгээ баталж нотлохыг зорьж байлаа. Бид ч энэ чиг шугамаас хазайхгүй. Өнөөг хүртэл төрийн уламжлалд байр сууриа алдалгүй ирсэн олон ойлголтуудыг нэхэн судалж, сурвалжлах болно.

Үүний нэг нь бидний өнөөдөр танилцуулах гэж буй ”Алтан навчит өргөмжлөл”-ийн тухай юм. Хэдийгээр өнөөдөр үүнтэй ижил төстэй Манж Чин улсын үеийн түүхийн баримтууд Төвдийн түүхийн архив, Бээжингийн Манжийн түүхийн архивуудад хадгалагдаж байгаа бөгөөд латин галиг, англи орчуулгатай хэвлэгдэн гарсан ч өнөөх л ”хос ёсны сургааль” болоод төвдсудлалын түвшингээсээ болоод, улс төрийн системээсээ болоод нарийн нягт судлах боломжгүй байна.

"Алтан навчит өргөмжлөл” (eng: Golden certificate) (tib: GSER GYI ‘JA’ SA) –ийг хаан хийгээд хатныг ширээнд залах, төрд онцгой гавъяа байгуулсан ноёд, ноёгтой нарт олгож иржээ. Энэ уламжлал Манж Чин улсаас өмнө Монголын их бага хаадын үед нилээн өргөн дэлгэр хэрэглэгдэж байжээ. Энэ өргөмжлөлийг тухайн ёслол дээр чангаар дуудаж, нийт олонд сонордуулдаг бөгөөд ингээд тухайн хүн эзэмшснээр үүрд хадгалагдах буюу дараагийн хаан ноён гарч иртэл хүчин төгөлдөр байдаг байжээ. Энэ тухай нилээдгүй төвд түүхийн сурвалжууд дээр дурдсан байдаг.

Богд хаан, Эх дагина хоёрыг хоёрондоо хаан, хатны ширээнд залах ёслол болжээ.

Эхний удаад 1911 оны 12-р сарын 29-нд өргөсөн байна.
Монголын Үндэсний Номын сангийн Монгол гар бичмэл, модон барын номын фондын

8067/99 дугаартай хадгаламжид:

”Жал там аасол даш яннян шүгсо” буюу ”Хааны тамга өргөмжлөл өргөх өлзийт яруу эгшиг” нэртэй Богд хааны өргөмжлөл, 9 хуудас, болгомол хар цаасан дээр алтаар бичсэн (13.5 см х 50 см)

"Жасаа нян дон жүд ман лү ян шүгсо””Өргөмжлөл өргөх ятгын яруу эгшиг оршивой” нэртэй Эх Дагины өргөмжлөл 11 хуудас, болгомол хар цаасан дээр алтаар бичсэн ном байна.
Энэхүү ном нь соёмбо(төвд), төвд, монгол гурван үсгээр бичигдсэн байна.
   
Богд хаанд хааны тамга өргөмжилөл өргөх өлзийт яруу эгшиг оршивой
Ум сайн амгалан болтугай

Алины яруу алдрын нарны гэрэл сонорын голын мөрөөс мандсан төдийгөөр ч
Хязгаарлашгүй сансарын егүүтгэлийн харанхуйг арилгаж
Нас хийгээд бэлгэ билгийн лянхуа цэцэрлэгийг насад нээгч
Итгэл Аюуш бурхан насныг өршөөгч Дара эх хоёр зүйл сэлтээр
Амьтныг удирдагч дээд очирын махбодод бүтэхийн бум өлзийгөөр сахих болтугай хэмээн бэлгэлэж өгүүлэхийн яруу үгсийн мандарва цэцгийн эрхисээр замыг уужимсгаж үйлдээд
тэр ч нь ийн хэмээн хамгийг айлдагч Банчин богд гэгээн бээр:
”Бурхан бүхний нууцын санг барих бөгөөд
Гүн хийгээд агуу их номын хаан
Төрийг тэтгэгч түгээмлийн эзэн Загдсамбар бээр дээд багшийн
Ёсыг үзүүлсэн ламын чуулганд залбиралыг талбимуй… хэмээн номлосон мэт
илийн үзэлд бодисад Намхайнямбуу хийгээд
үнэн чанартаа Цогт Дэмчог бурхан тэр өөрөө санасан мэт
дээд багш Очирдара-ийн дүрээр заларч,
шашин төр хослон барилдсан
болгомол сайн шижир алтан хүрдээр
замбутивийн умар зүгийн дэлхий дахиныг эрхшээсэн мэргэн бөгөөд
шидтэний эрхэм Загарвад
~Аврал итгэл дээд Богдын гэгээн их эрдэнэ алдрыг өгүүлхүйеэ бэрх Агванлувсанчойжинямданзанванчигбалсанбуугийн алтан өлмийг өргөмжлөгч эрдэнийн ширээ зузаан өндөр
сансар нирваны суврага илт мэлтэрсний дэргэд
гурван үүдний бишрэл ихээр мөргөх лүгээ сэлт
залбирал талбихын гол нь лам Чойжингийн зарлигаас:
”Чухаг дээдийн нигүүлсэнгүйн адистэд огторгуйд бигшээд
Арван буяны хааны цаазны луугийн дуун хүрхэрч
Амьсгалтан амьтныг амгаланд байгуулагч цогт
Алтан хааны угсаа үл буурах болтугай хэмээн номлосон мэт.

Бид Их монголын улс энэ ямагт ану:

~Тэнгэрийн бошогт дэлхийн эзэн их Богд Чингис хаан,
Хүчит загарвад Алтан гэгээн хаан
Аугаа хүчтэний эрх баялаг Автай сайн хаан тэргүүтэн
Эцэг өвөг эртний дээдсийн үеэс
Чухаг дээд их эрдэнэ гурван зүйлийг оройн чимэгт шүтсэнээс
Арван буяны цааз журам сайнаар
Харъяат албат даяарыг номын ёсоор тэтгэсээр байсан боловч
Одоо цаг нэн цөвтөөд садар явдлын мөндөрийн хүрд тэсэшгүйгээр
Шашин амьтны тус амгалангийн тариаг өдөр тутам товроглон үйлдэхийн байр байдал нь
Бурхан бүхний цохолт үгүй нигүүлсэхийн толилолд илэрхий байгч энэ мэт бөгөөс
Бид нар умар зүгийн амьтан бүхний даруй хийгээд
Алсын амгалан жаргалан сайн чуулганыг хоцролгүй зохиогч эзэн
Тэнцэх хань байхгүй аврал итгэл нигүүлсэнгүйн их адисаар,
Замбутивийг амгалан жаргалангийн элсээр (илч) тэтгэх болтугай” хэмээн номлосон таалалын уг гүн ямар ёсчлон
Айлдах энэрэх чадал гурвын их эрдэнийн тоос овоолсон
Бодтой лагшины их Сүмбэр уул
Монголын гүрэн улсын далайн дунд
Зуун галавт мөнх бат хас хадны мөн чанартай заларч айлдаад,
Шашин төр хослон барилдсан наран сарны гэрэл бумаар
Шашин амьтан дөрвөн тивийн буурлын зузаан харанхуйг арилгах бөгөөд
Арван буянт хаан цаазны лянхуа цэцэрлэгийг нэн их дэлгэрүүлэн зохиосноос
Бид нар тухайтай шавь нар их багын зөгий даяар
Энх амгалангийн балын шимд дур зоргоор төгс эдлэх сайн цаг
Шинийн баясгалангийн их хуримыг өршөөн сүлжсэн
Очирын зангиаг хэзээ ч үл алдруулан
Гэгээний ачийг их бага бүхний оройн чимэгт өршөөхийг айлдан айлд аа.
Сарва мангалам

Өргөмжлөл өргөх ятгын дуу эгшиг оршивой

Ум сайн амгалан болтугай
Гурван цагийн ялгуусны үйлс Дам үсгийн хөрөнгө
Мөнхийн рашааны цогцод мэлтэрсэн
Хутагт Цагаан дара эхийн нигүүлсэнгүйн сүрээр
Амь нас очирын махбодод адистидла хэмээн бэлгэлэж өгүүлэхийн яруу үгс цагаан лянхуан эрхисээр замыг уужимсгаж үйлдээд, тэр ч ийн хэмээн Царчин Чойжижалбуу бээр
”Огмины орноо хамт төрсөн ялгуусны эх
Хорин дөрвөн орноо арилсан төрөлхтөн эх дагини
Дэлхий дахинаа Гарма мудра эх
Егүзэр минь авралын дээд гэтэлгэгч эх хэмээн номлосон мэт үнэн чанартаа төгс жаргалангийн биеийн тугдам таалал номын бие их амгалан лугаа нэгэн чанар ялгаварлах ялгамж үгүйн мөн чанарт мөнх заларсан боловч ил үзэлд алийг номхотгохын рид хувилгааны торын цэнгэл идэр элдэвт ч хувилсан егүзэрийн эрхт эх тоолшгүйн эгч дүү болсон
 ­~Гэтэлгэгч хутагт эх Дондүвлхам-ын алдарыг эрхшээсэн алины өлмийг өргөмжлөх эрдэнийн ширээ өндөр өлзий буяны хутаг бэлгэс сүр адис илт бадарсны өмнө, бишрэхүй ихээр сөгдөх лүгээ сэлт алтан сонорт айлтгахын гол нь лам Чойжинчинбуугийн бошго зарлигаас:
”Зах хязгаарын Халх харанхуйн зул болсон
Дээд Жавзандамбад бишрэн мөргөмүй
Өлмий лянхуа батдах бөгөөд амьтныг муу үйлээс гэтэлгэж
Харъяат шавь нарыг амгаланд байгуулахын ерөөлийг өршөөж
Мөнх өнө удаан залрахын өлзий хутаг орштугай” хэмээн номлосон мэт,
бид нар умар зүгийн Халх Монголын орон үүнд амьтан бүхэн амаржин жаргаад хаан төр бат бөгөөд мөнх, бурхан шашин өрнөн дэлгэрэх тэргүүтэн сайн буяны үүд ямар чинээ байх бүгд нь
~Аврал итгэл зузаан харанхуйг нэрийн үлбэрт болгоод тус хийгээд амгалангийн гэгээ гэрлийг арван зүгт түгээмэл дэлгэрүүлж гурван нууцын зохиол үйлс гайхамшигтай болсон ёс энэ ямагтыг бэлгийн нэвтэрхий толь тунгалагийн төвд сайтар таалсан бөгөөд эртний ерөөлийн үлэмжийн санаа ариуны хөө хуяг батыг цаг хэзээ ч сулруулан үл талбихуйд
~Аврал итгэл гурван цагийг айлдагч Тавдугаар Богдын зарлигаас:
”Бодийг хүртэл Ригжэдма та бээр
Нэгэн агшин төдий ч хагацалгүй эзлэн барьж
Гадаад дотоодын шулмын байлдаанаас машид ялаад шамдаж
Хичээлт үгүйд юу санасныг зөндөөн бүтээж өршөө” хэмээн номлосон мэт
Урьдийн дадсан сайн ерөөлийн их далайг амьтны буяны салхиар хутгаснаас гарсан гайхамшигтай дээд гэгээний наран орчлон үл хоосрохыг хүртэл, туналан мандсаны талаас арга мэргэн рид хувилгааны хурц нарны гэрлээр шулмын аймгийн бүднэрийн шувууны зүрхэнд аюулыг өгөх бөгөөд амьтан бүхний тус амгалангийн тариаг цагт нь боловсруулан зохиосноос ламын тугдам таалалын утга даяарыг шамдал үгүй зөндөөн бүтэхийн төгс жаргалангийн сонин баясгалангийн хурим агуу ихийг хэзээ бүхэнд түгээж өршөөн соёрх хэмээн бид Халх Монголын шашин төрийн үйлдвэрийг тэргүүлэн баригч лам ноёд бүхнээс залбирал тавьсаар
~Улсын эх дагина их-д өргөмжилж яруу алдрын утга төгөлдөр алтны өргөмжлөл өргөх лүгээ нэгэн хамтад өвөр бусдын ариун цагаан буян чуулганыг хязгааргүй ертөнцийн байцад хувилгасан мандал тахилын үүлээр тэргүүлэн шашин төр батадахын бэлгэ зохиож бодтой өргөлийг дараалсан эдгээрийг мэлмийн өмнө жагсаасан мөний тулд ямар мэт залбирал тавьсны хэрэг бүгдийг тугдам таалалын өлзий утсанд зуун үе соёрх хэмээн бид нийт Халх Монголын орны шашин төрийг тэргүүлэн баригч лам ноёдуудаас эхлэн шар хар нийт бүгдээр чин үнэн бишрэхүйгээр залбирал тавьсаар
~Шашин төрийг хослон баригч наран гэрэлт Богд их хаанд өргөмжлөл өргөж өлзийт зургийн тэмдэгт чин бат хас эрдэнийн тамга энэ мөнгөн-ийг мутарт өргөх лүгээ нэгэн хамтад өөр бусдын бие төгс эдлэл гурван цагийн буян лугаа сэлтийг гурван мянган ертөнцийн байцад хувилгасан мандал тахилын үүлээр тэргүүлэн удамжилж шашин төр очир хад мэт батдахын бэлгэ аяндаан жигдрэх бодтой өргөлийг дараалан мэлмийн өмнө жагсаагаад сүжиг бишрэл нэгэн чигээр залбирал тавьсан мөний тулд, ямар мэт залбирал тавьсны хүссэн үр хэрэг төгс боловсрохын ач чандмани эрдэнийг үр шавь нар бүгдийн оройн их амгалангийн хүрдний чимэгт өршөөхийг айлдан айлд аа. Сарва мангалам.        

Энэхүү хоёр өргөмжлөл нь одоогоор олдоод байгаа алтан навчит өргөмжлөл болоод, хас жуух, бат оршилын ерөөл буюу даншиг зэрэг адил утга санаа бүхий төр ёсны бичиг баримтуудаас олон зүйлээрээ онцлог байна. Жишээ нь: Төвдийн түүхийн архивт хадгалагдаж буй Манжийн хаадаас Далай лам, Банчин богд нарт өгсөн өргөмжлөл нь өөрийн харъяат албатдаа өгч буй захиран тушааж батламжилж буй өнгө аястай байна.
Тэгвэл энэ өргөмжлөл нь Монголын Алтан ургийн ноёд, ихэс лам нараас дээш нь өргөн дэвшүүлж буй асар гүн итгэл бишрэл, хүндлэл шингэсэн өргөмжлөл юм. Энэхүү өргөмжлөлийн эхийг хуучны аман яриагаар бол Да лам Цэрэнчимэд зохиожээ.
      

Хоёр дахь удаагаа хаан ширээнд залагдсан нь:

МҮНС-ийн гар бичмэл монгол модон барын фондын 1319/96 тоот хадгаламжид хаан хатан хоёрыг дахин ширээнд залах ёслолд зориулан бичсэн нугалбар байна. Энэхүү өргөмжлөлийн эх нь үү? алтаар бичсэн үү? алин нь тодорхойгүй боловч, МҮНС байгуулагдахдаа VIII Богдын номын сангийн суурь дээр байгуулагдсны тул энэ нугалбар нь лавтай Богдын номын сангаас эхтэй болов уу хэмээн бодож байна.

Богдыг дахин хаан ширээнээ суулгахуйд айлтгасан ерөөлийн бичиг
Ум сайн амгалан болтугай.

Монгол Төвд Орос Буриад улсын жанжин хан ван бэйл бэйс гүн засаг хамба цорж хутагт хувилгаан лам нараас
дараалан шар хар олон нийтээр гурван үүдний чин бишрэлээр хичээнгүйлэн мөргөж өчин
Айлтгах ану. Бидний олон овгийн шавь боолчууд нэгэн сэтгэл, нийт хүчнээр чин хэмээн чармайн зүтгэж, хар буруу номт харш дайсныг арилгаж, газар орныг бүрэн бүтэн болгон олны сэтгэлийг амгуулсан учир, бүгдээр нэгэн сэтгэлээр хөвхлөн баярлаж, урьд гурван улсын өргөмжилсөн ёсоор Олноо өргөгдсний 11-р оны цагаан сарын 15-ы өлзий учрал бүрэлдсэн энэхүү сайн өдрийг сонгон тохиолдуулж,
    Шашныг мандуулагч
    Амьтныг жаргуулагч
    Аврал итгэл
    Хамгийг айлдагч
    Оройн чандмани
    Очирдар Жавзандамба лам
    Шашин төрийг хослон баригч
Наран гэрэлт
Түмэн наст
Богд эзэн гэгээн

Шашин төрийг хослон өрнүүлэгч
Чин үнэн сүсэгт
Тус ачлалт
Тунгалаг чандмани
Далай дайчин
Ялгуусан дагина
Эрх Цагаан дара
Эрдэнэ сэцэн ноён
Айлдал энэрэлийн эзэн
Гурван орны дагинасын эрхэм
Улсын эх дагинийн гэгээнтнээн
Өөр өөрийн эрдэнийн сууринд хэвээр залаад, хас эрдэнийн тамга өргөмжлөл сэлтийг ёслон дэвшүүлж,
Баторшил өргөн мөргөөд, хичээнгүйлэн гуйх ану,
    Одоо үүнээс
    Очирдар Богд гэгээн
    Түмэн настай Богд эзэн хаан хийгээд
    Айлдал энэрэлийн эзэн
    Улсын эх дагина гэгээнтний мани алтан өлмийн лянхуа
    Солбисон очир мэт өнө батдаж
    Арслант их ширээний дээр
    Аюуш бурхан лугаа ялгалгүй гэрлийн цогийг бадруулан
    Мөшөөнгүйн дүрээр хөдлөшгүй залран оршиж
    Сэтгэлийг хангагч чандмани эрдэнэ мэт
    Чухаг дээд судар тарнийн шашин их эрдэнэ нь
    Буман нарны гэрэл мэт
    Арван зүгт хир үгүй сацран мандаад
    Шавь нар боолчууд болсон хувь ерөөлтэй биднийг
    Нэгийг ч үлдээлгүй бүрнээ Шамбалын орноо дагуулж
    Номын хуримаар цэнгүүлэн
    Сансарын далайгаас бүрмөснөө гэтэлгэж
    Бодийн хутагт удирдах ба
Түмнийг жолоодон төвшитгөж
Түгээмэл их төр нь
Хас хаднаас чин бат бөгөөд
Болор эрдэнээс тунгалаг тодохройгоор сайтар тогтож
Эрдэм өршөөл нь
Дэлхий дахинаа яруухнаар дуурсч
Түмэн овогтнийг нэгнээ хамтатгаад
Аливаа харшлахын шалтгаан нэрийн төдий ч сонсдохгүй
Зохилдохын шалтгаан ер хүсэлтгүйгээр хурын үргэлжлэл мэт
Аяндаан хуран чуулж амьтан бүхнийг өнө үүрд
Амгалан жаргалангийн их далайд хангуулан цэнгүүлэх хийгээд
Ялангуяа
Улсын алтан сурвалжит эрхэм үндсийг тасралтгүйгээр залгамжилсаар
Олон овгийн шавь боолчууд бид бүхэнд
Баяр билгийг хэзээ ямагт хотод төгсөөр хослон хүртээж
Басхүү төрөл тутамд агшин төдий ч салалтгүй эзлэн барьж жолоодон
Удирдсаар ахуг бүгдээр зүрхний төвөөс чин бишрэлээр түмэнтээ хүсэн ерөөж
Хичээнгүйлэн өргөж ёслон мөргөмүй
Их нигүүлсэхүйгээр энэрэн таалж зөвшөөн соёрхож, өршөөн тогтоож,
Жаалхийлэн
Зарлиг буулгахыг
Айлдан
Айлдан
Айлд аа.

Их баяр бүрдсэн арван тавны сайн өдөр өө
        
Энэхүү өргөмжлөлөөс гадна Богд хаант монгол улсын түүхтэй холбоотой нэн чухал олон баримтууд байгаа бөгөөд бүртгэж, хэвлэх ажил нь цаашид Богд хаант Монгол улс, ер нь монгол улсын төрийн ёслолын албаны түүхийн судалгаанд өндөр ач холбогдолтой билээ. Мөн энэхүү судалгааг хийхийн тул төвд хэлт утга зохиол болоод түүхийн судалгааг өргөжүүлж дэмжих бодлогыг ч хийх хэрэгтэй байгаа дахин дахин дурдъя.

Төвд судлаач Г.Нямочир

(2011 онд болсон Олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр тавьсан илтгэлээс товчлон авав. Энэ илтгэлийн дараа МҮНС энэхүү баримт бичгийг Монгол улсын хосгүй үнэт дурсгалд бүртгүүлсэн.)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж