Лиценз олголтын хугацааг хойшлуулна

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

Лиценз олголтын хугацааг хойшлуулна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл  шинээр олгохыг хориглох  тухай хуульд өөрчлөлт оруулах  хуулийн төслийг хэлэлцээд, гишүүдийн олонхи дэмжсэнээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлээд байгаа энэхүү төсөлд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох хуулийн хугацааг дахин сунгахаар заагаад байгаа юм. Мөн тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглох заалт тусгаад байгаа. Ерөнхийлөгчөөс өмнө нь энэхүү хуулийн төслийг санал болгож, УИХ-аар баталсан ч үйлчлэх хугацаа нь энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Тиймээс Ашигт малтмалын тухай багц шинэчилсэн хуулийн төсөл УИХ-д орж иртэл дээрх хуулийн хугацааг сунгах шаардлага үүссэн юм.

Танилцуулгад дурдсанаар улсын хэмжээнд 2010 оны дөрөвдүгээр сарын байдлаар  478 мянган га талбай бүхий 1096 ашиглалтын, 38,9 сая га талбай бүхий 3659 хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон нь нийт нутаг дэвсгэрийн 24,5 хувийг эзэлж байгаа аж.  Ингэхдээ Дорноговь  аймагт 491 тусгай зөвшөөрлөөр нийт 5 сая гаруй га газар олгогдсон нь аймгийн нийт нутгийн 50 орчим хувь, Өмнөговь аймагт 459 тусгай зөвшөөрлөөр 7,5 сая га газар олгогдсон нь газар нутгийнх нь 45 орчим хувийг эзэлж байгаа гэнэ. Мөн нийт олгогдсон тусгай зөвшөөрлийн 10 гаруй хувийг БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд эзэмшдэг байна.  Тодруулбал, Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 165 компани 322 тусгай зөвшөөрөлд хамрагдах 2,1 сая га газар, хамтарсан компанийн хэлбэрээр 74 аж ахуйн нэгж 123 тусгай зөвшөөрлөөр 700-гаад мянган га газрыг эзэмшдэг гэсэн судалгааны дүн гарчээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Алт” хөтөлбөрийн дүнд Монгол Улсад уул уурхайн ашиглалт замбараагаа алдсан гэж хэллээ. Гэхдээ эдийн засаг хүнд байсан үед тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбатын зүгээс “Алт” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн нь буруу биш, гол нь уул уурхайн компаниудын хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой. Нөгөө талаас Ерөнхий сайд асан М.Энхсайханы үед лиценз олголт замбараагаа алдсан. Нэг өдрийн дотор 70 гаруй лиценз олгогдсон жишээ байдаг. Энэ бүхэн нь эцсийн дүндээ өнөөдрийн хүнд байдалд хүргэсэн гэлээ.

Ингээд энэхүү хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Харин энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө УИХ-аар Гаалийн  тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталсан юм. Мөн Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Одоо чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулаад байна. Энэ хооронд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, арьс ширний үйлдвэрийг дэмжих хүрээнд Засгийн газраас гаргах 200 тэрбум төгрөгийн бондын асуудлыг хэлэлцэхээр боллоо. Улмаар энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж өнөөдрийн дотор батлахаар чармайж эхэллээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж