Мэргэжилтэй ажилтныг захиалгаар бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

Мэргэжилтэй ажилтныг захиалгаар бэлтгэнэ

Хөдөлмөрийн яамнаас санаачлан ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагуудын захиалгаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх нөхцлийг бүрдүүлж, ирсэн захиалгын дагуу богино хугацааны эрчимжсэн сургалтыг зохион байгуулж эхэлжээ.

Тухайлбал, ажил олгогч та “Оюутолгой” ХХК-ийн санхүүжилтээр 2013 онд Үндэсний хэмжээний уул уурхай, барилга, зам, тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт шаардлагатай мэргэжилтэй ажилтныг Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудтай хамтран бэлтгэх боломжтой болсон байна.

Ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагууд хөдөлмөрийн насны иргэдээс өөрийн шалгуурт тэнцсэн хүнийг ярилцлагын үндсэн дээр сонгон ирэх оны хоёрдугаар сараас эхлэх мэргэжлийн сургалтад хамруулна. Сургалт онолын мэдлэг, үйлдвэрлэлийн дадлага хосолсон сургалтын хосмол хэлбэрээр явагдаж, сургалтын агуулга, хөтөлбөрөөс шалтгаалан 5-6 сар хүртэлх хугацаатай хамрагдах юм байна. 

“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн үр дүнд хөдөлмөрийн насны 3300 иргэн богино хугаааны сургалтад хамрагдаж, ажлын байртай болох боломжтой аж. Мөн суралцагч суралцах хугацаандаа сар бүр тодорхой хэмжээний мөнгөн тэтгэлэг авна.

Харин ажил олгогчийг сургалтын бүхий л шатны үйл ажиллагаанд татан оролцуулж, ингэснээр ажил олгогч нь мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээгээ тодорхойлж, шаардлагатай мэргэжилтнийхээ ур чадварыг дээшлүүлж сонгож авах боломжтойн зэрэгцээ сургалтын байгууллагатай хамтран сургаж, үйлдвэрлэлийн дадлагыг өөрийн үйлдвэр, аж ахуйн нэгж дээр хийлгэх, төгсөлтийн шалгалтыг хамтран авч, төгсөгчийг ажлын байраар хангах зэрэгт хамтран ажиллах боломжтой гэнэ.

Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогчид мэргэжилтэй ажилтны захиалгаа тухайн аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хэлтэст 2013 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн дотор ирүүлэх боломжтой. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллага, ажил олгогчид Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн төв биржийн 77111331, 77001331 дугаарын утсанд хандаж болохыг Хөдөлмөрийн яамнынхан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдлээ. 

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж