
Татварын ерөнхий газраас харьяа хэлтсүүдийнхээ хэмжээнд энэ онд хийсэн ажлаа дүгнэсэн тайлан хурал хийлээ. Төрийн байгууллагуудын аливаа бичиг баримт, данс хөтлөлт, мэдээллийн санг цахим орчинд шилжүүлэх зорилтын хүрээнд Татварын ерөнхий газраас энэ жил улсын хэмжээнд 85.320 аж ахуйн нэгжийн албан тушаалтнуудтай “Тоон гарын үсгийн технологийн дүрэм” –ийн дагуу гэрээ байгуулж, хувийн болон нийтийн түлхүүрийг олгосон байна. Энэ нь цахимаар тайлангаа явуулах боломжтой, интернэт орчинд баримт бичгийг хуурамчаар үйлдэхээс хамгаалах нууцлал бүхий түлхүүр юм. Өөрөөр хэлбэл, тоон гарын үсэг нэвтрүүлэх ажил идэвхтэй өрнөж байгаа тухай салбарынхан нь дүгнэлээ. Түүнчлэн татварын албыг иргэдэд хүндрэлгүй байлгах үүднээс цахим орчинд шилжүүлэх талаарх иргэдийн санал хүсэлтийг авч, хариулж, сургалтуудыг хийсэн байна.
Цаашдаа Засгийн газраас 2013 оныг Татварын шинэчлэлийн жил болгох зорилт тавьсан байна. Энэ хүрээнд татварын цахим тайлагналыг хялбаршуулах, тайлагнах, төлөх үйл явцыг улам цөөрүүлэх хоёр үндсэн агуулгад ажлаа зангидаж ажиллахыг ТЕГ-ын дэд дарга Ч.Жигжид ТТХХ-ийн дарга Д.Баяраа болон хэлтсийн хамт олонд үүрэг болголоо.
Мөн татварын албанд татвар төлөгчдөөс олон асуулт, албан бичиг ирдэг байна. Эдгээрт хариулт өгөх үүрэгтэй хэлтсүүд нэгдсэн байдлаар ажлаа зохицуулах хэрэгтэй гэж үзэв. Тиймээс тусгай ажлын хэсэг байгуулан ажиллах талаар албаныхан санал дэвшүүлсэн байна.
У.БОЛОР