
Улсын онцгой комиссын ажлын хэсэг өвөлжилтийн байдал хүнд байгаа Өвөрхангай аймагт очиж, зудын байдалтай газар дээр нь танилцаж, зохих шийдвэрүүдийг гаргаж байна. Өвөрхангай аймгийн нийт нутгаар есдүгээр сарын 20-оос хойш 40 шахам удаа их бага хэмжээгээр цас орсны улмаас аймгийн нийт нутгийн 90 гаруй хувь нь цастай, хойд талын Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга, Бүрд сумын бүх нутаг тал газартаа 30-35 см, гуу жалгандаа 60-90 см цасан бүрхүүлтэй болж, хүйтний эрч чангарч байгаагаас мал бэлчээрт гарах боломжгүй болж, мал өлдөх, турж эцэх, хэвтэр бууц нь хөлдөх, цасан дарагдах, зам даваа хаагдах, малчид өргөн хэрэглээний бараагаар гачигдах зэрэг хүндрэл бэрхшээлүүд гарч эхэлжээ. Өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан ядарч доройтох төлөвтэй малыг тэжээлд оруулах, онд орох найдвар муутай малыг ширвэж нядлах, улс, аймаг, сумын нөөцөөс өвс тэжээл хуваарилаж малчдад олгох, хаагдсан зам давааг сэтлэх, бололцоотой айл өрхүүдийг цас багагтай газруудад нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч эхлээд байна.
Өвөрхангай аймгийн хувьд цас ихтэй байдал хүндэрсэн газруудаас цас нимгэн бэлчээр сайтай газруудад малчдыг нүүлгэх ажлыг зохион байгуулж, арав, арван нэгдүгээр саруудад есөн сумын 369 өрхийг нүүлгэсэн байна. Урьд жилүүдтэй харьцуулахад энэ жил малыг харьцангуйгаар эрт тэжээж эхэлсэн, тэжээх малын тоо олон байсан зэргээс шалтгаалан малчдад малаа тэжээх тэжээлийн хэрэгцээ өсч өөрсдийн бэлтгэсэн тэжээлийн нөөц хомсдсон байна. Өнгөрсөн сарын 1-нээс эхлэн аймгийн аюулаас хамгаалах нөөцийн фонд болон Хар хорин, Сант суман дахь улсын нөөцийн салбар, Нарийн тээл суман дахь улсын нөөцийн цэгт байгаа өвсний 50 орчим хувийг малчдын захилгын дагуу худалдаад байна.
Цаг агаарын урьдчилсан төлвөөр ирэх нэгдүгээр сард ихэнх нутгаар хүйтний эрч олон жилийн дунджаас 1,5-2,5 хэмээр хүйтэн, орох цасны хэмжээ олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна. Цаашлаад хоёр, гуравдугаар сард цас нэмэгдэн орж 2009-2010 оны зудтай байсан үеийн нөхцөл байдал давтагдаж болзошгүй байна. Өнгөрсөн зун нийт нутгаар зуншлага сайхан болж, мал тарга хүч сайн авсан болон өвөлжилтийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд Өвөрхангай аймгийн ихэнх нутгаар зудын нөхцөл байдал үүссэн ч өнөөдөр аймгийн хэмжээгээр малын хорогдол гарч малчид хохирол амсаагүй байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.