АНУ-ын Нью-Йорк хотын Бронкст оршин суудаг 37 настай Ноуэл Альба гэгч эмэгтэй энэ арванхоёрдугаар сарын дундуур Коннектикут мужийн Ньютаун хотын “Сэнди Хук” бага сургуульд гарсан аймшигт хэргийн нэрийг барин ашиг, хонжоо олж байсан нь илэрчээ. Ноуэл Альба нь “Facebook” хуудсандаа өөрийгөө “Сэнди Хук” бага сургуулийн халдлагын үеэр амь үрэгдсэн нэгэн сурагчийн эгч хэмээн зарлан фейсчдэд хандан хохирогчдийн ар гэрийнхэнд зориулан оршуулах ёслолын ажилд мөнгө нэмэрлэхийг уриалан, өөрийн дансандаа хүмүүсийн хандивыг цуглуулсан аж. Хожим нь түүнийг цагдаа нар шалгахад тэрээр амь үрэгдсэн сурагчидтай ямар ч холбоогүйн дээр фейсчдийн хандивласан мөнгийг хохирогчдын ар гэрийнхэнд өгөөгүй нь тогтоогджээ. Энэ тухай Коннектикут мужийн прокуророос олон нийтэд зарлан мэдэгдэж, “Зарим нэг шунахай этгээдүүд Ньютаун хотын “Сэнди Хук” бага сургуульд гарсан аймшигт халдлагын хохирогчдын нэрийг барьж бусдыг залилсан хэрэг гарсан тул дахин ийм хэрэг гаргахгүй байх үүднээс сэрэмжүүлж байна” гэсэн байна. Ноуэл Альба бусдыг залилан ашиг, хонжоо олсон нь шүүхээр батлагдсан тохиолдолд тэрээр таван жил шоронд хорих болон 250 мянган ам.долларын торгууль төлөх ял сонсох аж. Коннектикут мужийн Ньютаун хотын “Сэнди Хук” бага сургуульд өнгөрсөн 14-ны өдөр Адам Ланза гэгч залуу халдлага үйлдэж, гал нээснээс 20 сурагч, зургаан хүн амь үрэгдсэн хэрэг гарсан билээ. Үүний дараа харгис халдлага үйлдсэн Адам Ланзаг хэвлэлүүдээр сэтгэцийн өвчтэй гэхчилэн янз бүрээр бичиж байгаа ч албаныхан түүний тухай албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд генетикчид түүний ДНК-д шинжилгээ хийж байгаа юм байна.
Б.АНХТУЯА