Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын хорооны дарга Н.Батлав өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол тэмдэг хүртлээ.
Тэрбээр Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, жүдо бөхийн ОУХМ Ч.Болдбаатар, Г.Хэрлэн, Г.Батбилэг, Д.Мөнгөнхуяг нарын олон арван тамирчдыг дасгалжуулан бэлтгэсэн, Дархан-Уул аймгийн БТС-ын байгууллагыг олон жил амжилттай удирдаж яваа шилдэг сурган хүмүүжүүлэгч юм.
Тэр тусмаа Афины олимпийн хүрэл медальт, Жүдо бөхийн анхны Дэлхийн аварга, Ази тивийн хошой аварга, Зүүн Азийн аварга, Азийн наадмын аварга, жүдо бөхийн “Дэлхийн цом”, “Их дуулга”, Гран-при, “World Masters” тэмцээний аварга, Дэлхийн жүдо бөхийн чансааг гурван жил дараалан тэргүүлсэн цорын ганц монгол тамирчин Хашбаатарын Х.Цагаанбаатарыг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн анхны багш гэдгээр нь спортынхон түүнийг үнэлэн хүндэлдэг.
Хожуу ч гэлээ бүтээсэн хөдөлмөр, байгуулсан гавьяагаа төр, түмнээрээ үнэлүүлж буй Гавьяат дасгалжуулагч Н.Батлав танд баяр хүргэж, их спорт үргэлж ивээж байхыг ерөөе.