Бид универсал вагон авах сонирхолтой байна

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

Бид универсал вагон авах сонирхолтой байна

“Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар төмөр зам”-д зээл олгохоор болсон билээ. Энэ талаар тус компанийн Тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаатай ярилцлаа.    

“Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар төмөр зам” хэчнээн төгрөгийн зээл авах вэ?

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд ачаа тээврийн зардал нөлөөлдөг. Засгийн газар Монголбанктай гэрээ байгуулж, тушаал гаргасан юм билээ. Төмөр замын үйлчилгээг сайжруулж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай тээвэрлэх зорилгоор шаардлагатай хөдлөх бүрэлдэхүүнийг нэмж авах хэрэгтэй гэсэн судалгааг Монголбанкнаас хийсэн. Хөдлөх бүрэлдэхүүн нэмж авснаар өргөн хэрэглээний барааг Замын-Үүд боомт дээр гацаахгүй байх нөхцөл бүрдэх юм. Монголбанкны зүгээс 303 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулж өгөх боломжтойгоо мэдэгдсэн. Гэхдээ хэдий хэрийн зээл авах шийдвэрийг манай Ерөнхий хорооны хурлаас гаргана. Эхний ээлжинд хөдлөх бүрэлдэхүүн авах бодолтой байна. Мөн зүтгүүр авах шаардлага бий. Гэхдээ нэгдүгээр сард болох Ерөнхий хорооны хурлаас эцсийн шийдвэр гарна.

1990-ээд оноос хойш Улаанбаатар төмөр замд дорвитой хөрөнгө оруулалт хийгээгүй. 2012 онд хоёр Засгийн газрын шийдвэрийн дагуу Улаанбаатар төмөр замын үндсэн хөрөнгийг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх төслийн хүрээнд 31 шинэ зүтгүүр авсан. Хамгийн сүүлд хийсэн томоохон хөрөнгө оруулалт энэ. Техник хэрэгслийн хувьд их хуучирсан, шинэчлэлт хийх шаардлагатай байгаа. Манайх 2000 гаруй хөдлөх бүрэлдэхүүнтэй. Түүний 60 орчим хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн учир бага багаар нь актлах шаардлагатай.

Мөн сүүлийн жилүүдэд манай улсын гадаад худалдаа эрс нэмэгдсэн. Энэ үсрэнгүй хөгжлийг давах техникийн бололцоо бидэнд байхгүй болчихоод байна. Гаднаас вагон, зүтгүүр түрээсэлж аргалсаар өдий хүрлээ. Замын-Үүдэд 2007 оноос хойш бөглөрөл үүсч эхэлсэн шүү дээ. Тэр үед Замын-Үүд өртөөнд машинаас их хэмжээний ачаа шилжүүлж ачих боломж байдаггүй байсан. Тухайн үед 200-гаад мянган тонн цемент хилээр орж ирэхэд Замын-Үүд цементэд живчихсэн. Өнгөрсөн зун 800-гаад мянган тонн цемент Замын-Үүдээр орж ирсэн. Бид Замын-Үүд 2 өртөөг өөрсдийн хөрөнгөөр барьсан юм. Шилжүүлэн ачих гуравдугаар талбайг шинээр барьснаас үүдэн өнгөрсөн зуны хувьд дараалал их байсан ч цэгцтэй байлаа. 

Түргэн муудах хүнсний бараа бүтээгдэхүүн тээвэрлэх стандартын вагон хэрэгтэй гэж ярьж байсан. Зээлийн хүрээнд энэ төрлийн хөдлөх бүрэлдэхүүн шинээр авах уу?

Манайд түргэн муудах хүнс тээвэрлэдэг вагон байдаггүй тул энгийн битүү вагон гаргадаг. Үйлчлүүлэгчид маань өөрсдөө дулаалж, хэрэгцээндээ тааруулан янзлаад хүнсний бүтээгдэхүүнээ зөөвөрлөдөг. 1990-ээд оны эхээр манайд өөрийн гэсэн вагон ч байдаггүй байсан. Бид энд тэндээс хуучин вагон цуглуулж байж, дээр хэлсэн 2000-аад вагонтай болсон юм.

Түүнээс гадна манай үйл ажиллагаанд тариф нэлээд дарамт болдог. Нийгмийн чанартай ачаа, дотоодын цахилгаан станц, халаалтын нүүрс, хүнсний ачаа, өргөн хэрэглээний ачаа чингэлгийг зөөхөд бид алдагдалтай ажилладаг. Энэ алдагдлаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг зөөснөөр нөхдөг. Гэхдээ жилээс жилд бага зэргийн ашигтай ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ ашиг техник технологийн шинэчлэлд хүрэлцэхүйц их хэмжээтэй биш. Ажилчдынхаа цалингаа тавьж, засварын ажил хийхэд л хүрэлцдэг.

Алдагдалтай тарифаар ажилладаг гэлээ. Одоо зээл авчихаар хүүгээ төлөхийн тулд  тарифаа нэмэх үү?

Монголбанкнаас бид зээл авч байгаа гэдгээ онцолж хэлмээр байна. Май гээд өгч байгаа бэлэг биш шүү дээ. Цэвэр арилжааны зээл учраас буцааж төлнө. 303 тэрбум төгрөгийн зээл авах боломж байгаа. Гэхдээ шууд авч болохгүй л дээ. Бид тооцоо судалгаа гаргаж байна. Үйлчлүүлэгчийн нуруунд нэмэгдэл дарамт учруулж, тариф нэмэхгүйгээр зээлээ төлөх гарц хайж, тооцоо хийж байна.    
  
Тусгай зориулалтын хөдлөх бүрэлдэхүүн авахад бидэнд хүндрэлтэй байна. Тухайлбал цестерн авахад зөвхөн нефть л ачих болно шүү дээ. Үүнд цемент ачиж болохгүй. Хүнсний бүтээгдэхүүн ачих вагон авахад талдаа хоосон явах гээд хүндрэл байдаг. Тиймээс универсал вагон авах сонирхолтой байгаа.

Э.Хулан

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж