
Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх “Иргэний танхим”-д болсон уг хэлэлцүүлгийн эхэнд Эрдэнэмандал багийн Засаг дарга С.Оюун мэдээлэл хийж, багийнхаа нутаг дэвсгэрт тулгамдаад байгаа шийдвэрлэх асуудлуудыг нэрлэсэн юм. Гэр хорооллоос бүрддэг энэ багийн нутаг дэвсгэрийн авто болон явган зам шаардлага хангахгүй байгаа учир Хөх толгойн хавцалын бороо, шар усны үерт идэгдсэн замыг шинэчлэх буюу чиглэлийг өөрчлөх, цэцэрлэгт хамрагдаагүй 90 гаруй хүүхэд бий тул багийн нутаг дэвсгэрт шинэ цэцэрлэг барих зэрэг асуудлыг өнгөрөгч сарын 26-ны өдөр хуралдсан Багийн ИНХ-аас эрэмбэлэн жагсаажээ.
Мөн гэр хорооллын айлуудаас ахуйн болон нүүрсний үнс хог ихээр гардаг. Хог хаягдлын тээвэрлэлт, зайлуулалт тогтмол биш, зарим өрхөд хүрч үйлчилж чаддаггүйн улмаас багагүй хувь нь гуу жалганд хаягдаж эргээд гудамж орчныг бохирдуулж байгааг иргэд шүүмжлэв. Түүнчлэн аймгийн төвийн гэр хорооллын айл өрхөөс гадна хүчин чадал багатай олон уурын зуух түүхий нүүрс шатаан албан байгууллагын дулааныг хангаж, агаарын бохирдлын ихэнхи хувийг “үйлдвэрлэж” байгаагаас үүдэн хоолой хорсгож, хөшиглөсөн хар утаа нийслэлээс ч дутахааргүй болох нь гэх иргэд ч байв. Иймд аймгийн төвийн орчны бохирдлын ихэнхийг бий болгож буй гэр хорооллын асуудал болон нэгдсэн дулаан хангамжийг цаашид яаж шийдэх вэ гэдэгт анхаарал хандуулах цаг нэгэнт болсон гэдэг нь хэлэлцүүлгийн үеэр яригдсан гол сэдэв байлаа.
Ундны усны түгээлт, зөөвөрлөлт хүрэлцээгүй байгаагаас айл өрх нэг литр усыг 6-8 төгрөгөөр худалдан авч байна, бүр ийм үнээр ч зөөвөрлөх нь хангалтгүй байдаг тухай Эрдэнэмандал багийн иргэд хэлэлцүүлэгт жишээ татан онцолсон. Чухам ийм нөхцөл байдлаас үүдэн халдварт шар зэрэг өвчин гарах нэг шалтгаан үүсэх вий гэх болгоомжлол ч байлаа.
“Чандмань” ОНӨ Компаний удирдлагатай ажил авсаныхаа дараахан уулзаж, ажил байдалтай нь танилцаад иргэдэд ундны усыг нэг литр тутам нь дөрвөн төгрөгөөс хэтрэхгүй хүргэх үүрэг болгосон аймгийн Засаг дарга энэ асуудалд ойлгомжтой, бодитой хариулт өгөхийг тус компаний захирал М.Хосбаяраас шаардахад “Бид усан санд литр усыг нэг төгрөгөөр, морин тэргээр зөөвөрлөдөг иргэдэд литр усыг 50 мөнгөөр өгч байгаа. Ингэснээр та бүхэн усан сангаас нэг литр усыг хоёр төгрөг, зөөврийн усыг дөрвөн төгрөгөөр авах боломжтой гэж үзсэн. Гэвч морин тэрэгтэй зөөвөрлөгчид үнийг нэмээд байна” гэх тайлбар хийж байв.
“ Гэр хорооллын одоогийн байдлыг яаж өөрчлөн шийдвэрлэж болох вэ гэдэгт төр засгаас хийх ажил маш их байна. 2013 онд аймгийн төвд Дулааны цахилгаан станц барих хөрөнгийн асуудлыг бид шийдүүлж чадсан төдийгүй ТЭЗҮ нь хийгдээд батлагдаж байна. Нэгдсэн дулаанаар хангах ажил удахгүй биелэлээ олсоноор дутуу шатсан нүүрсний хог, утаа багасна. Гэр хорооллыг амины орон сууцжуулах, цэвэр бохирын шугамд холбох ажилд 3,5 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа учир үр дүнтэй байлгахад анхаарч байна. Энэ бүхэнд иргэн хүний оролцоо чухал. Та бүхэн хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож, тулгамдсан асуудлаа ярьж, саналаа хэлж байгаа нь нэг талаасаа төрийн бодлогод дуугаа хүргэж байгаа хэлбэр юм шүү” гэдгийг аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан онцлов.