Тамирчид баярын мэнд хүргэж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

Тамирчид баярын мэнд хүргэж байна

Улиран одож буй он Монголын спортын түүхэнд амжилт ололтоор арвин байсан гэдэгтэй уншигч та санал нийлэх биз. Ирэх онд таны ажил улам бадрангуй, амжилтаар үргэлж цэцэглэж байхыг хүсэн ерөөгөөд Монголын спортын сор болсон шилдэг тамирчид та бүхэнд шинэ жилийн халуун мэндчилгээ дэвшүүлж байна.

Спортын бэлтгэлийн төвийн дарга, чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Наранбаатар

-Улиран одож буй 2012 онд Монголын спортод олон чухал үйл явдал тохиосон билээ. Спортын салбарын бүтэц өөрчлөлт, Лондоны олимпод үзүүлсэн Монголын тамирчдын бахдам амжилт зэргийг нэрлэж болох юм. Монгол түмний сэтгэлийг баясгасан түүхэн үйл явдалтай он дуусч, бид дахин нэг олимпийн циклтэй учран золгож байна. Удахгүй бид үндэсний шигшээ багаа байгуулж, 2014 оны Сочигийн өвлийн олимп, 2016 оны Рио Де Жанейрогийн зуны олимпийн наадмын бэлтгэлдээ эрчимтэй орж улам их амжилт үзүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Ингээд Монголын нийт ард түмэндээ хувийнхаа болон хамт олны зүгээс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Та бүхний ирэх оны ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Шинэ жилийн мэнд хүргэе. Монголчуудын минь ухаан санаа үргэлж цэцэн цэлмэг байх болтугай.

Бээжингийн олимпийн аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган

-Монголынхоо нийт ард түмэнд шинэ жилийн гал халуун мэндчилгээ дэвшүүлье. Та бүхэн ирэх ондоо амжилт, бүтээлээр дүүрэн байх болтугай. Хамгийн гол хүн бүр эрүүл энх байгаарай. Эрүүл биед саруул ухаан оршдог шүү дээ. Миний хувьд бэртэл гэмтлээ хурдан эдгээгээд та бүхэндээ их амжилтаар бэлэг барих болно. Нийт монголчууддаа дахин дахин чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Жүдо бөхийн дэлхийн аварга, Афины олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар

-Өнгөрч байгаа 2012 он спортынхон бидний хувьд амжилт арвин байлаа. Үүний нэг тод жишээ нь Лондонгийн олимп юм. Шинэ онд өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтаа улам баталгаажуулж, та бүхний надад итгэдэг итгэлийг хариулахын тулд бэлтгэл сургуулилтаа чамбайруулж, амжилтын оргил өөд тэмүүлэх болно. 2013 онд эрхэм монголчуудын маань юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэчлэн бүтэх болтугай. Монголынхоо ард түмэнд шинэ жилийн мэнд хүргэе.

Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа

-Юуны өмнө Монголоор овоглосон бүх хүнд шинэ жилийн халуун мэнд хүргэе. Та бүхэн ирэх ондоо эрүүл энх байж, амьдрал тань цэцэг шиг үргэлж дэлгэрч байх болтугай. Мөн Монголын буудлагын холбооны хамт олон болон дасгалжуулагч, тамирчдаас гадна спортын төлөө зүтгэж буй бүхий л зүтгэлтнүүдээ баярын мэнд хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хүн бүрт жаргал бэлэглэдэг шинэ жилийн баярын орой бүгд оргилуун дарш шигээ өөдрөг үзэлтэй, нүүрэнд нь инээд гэрэлтсэн тийм сайхан үдэш байгаасай гэж бодож байна. Миний хувьд ирэх жилээс та бүхэндээ арвин их амжилтаар бэлэг барихын тулд үргэлж хичээх болно.

Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Насанбурмаа

-2012 онд монголчуудад ээлтэй байсан гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа спортынхонд илүү их ээлээ өгсөн болов уу. Олимпийн наадмаас анх удаа таван медаль хүртсэн. Чөлөөт бөхийнхөн 30-аад жил тасарсан олимпийн медалийг авсан гээд амжилт арвин байлаа. Ирэх он жилүүд ч гэсэн тийм болно гэдэгт итгэл төгс байна. Тиймээс нийт тамирчдадаа болон Монголынхоо ард түмэнд шинэ жилийн халуун мэндчилгээг хувийнхаа зүгээс чин сэтгэлээсээ хүсье. Ирэх онд өнгөрсөн амжилтуудаа улам баталгаажуулахын төлөө хичээх болно. Элэг нэгт монголчууддаа инээд хөөр, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
Цагаан сүүний адил жаргал бэлэглэе.

“СПОРТЫН ШУУДАН”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж