МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн нэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Ц.Оюунбаатарыг өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргүүлнэ гэсэн мэдээлэл өчигдрөөс эхлэн цацагдсан билээ. Энэ талаар бид УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс тодруулахад “Ц.Оюунбаатар тангараг өргөх эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд энэ асуудал байхгүй” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Надад мэдэх юм алга. Сонгуулийн ерөнхий хорооноос асуу” гэсэн хариулт өглөө.
Сонгуулийн ерөнхий хорооны хувьд өнгөрсөн намар есдүгээр сард Ц.Оюунбаатарын УИХ-ын гишүүний тангаргийг өргүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн Харин МАХН-ынхны зүгээс УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн 11 дэх гишүүн бол Ц.Оюунбаатар биш Э.Батшугар байх ёстой гэж үзэн, энэ асуудал өнөөг хүртэл шийдэгдэхгүй явж байгаа билээ.
Г.ДАРЬ