-Улирч буй 2012 онд улс төрийн салбарт болсон онцлох үйл явдлаас нэрлэнэ үү гэвэл та юу хэлэх вэ?
-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Монголын парламентад МҮАН, МАХН гэсэн хоёр намын төлөөллөөс бүрдсэн 11 гишүүнтэй улс төрийн гуравдагч хүчний эвсэл гарч ирсэн. Энэ бол сүүлийн 23 жил парламентад байгаагүй хүчний харьцааг бий болгосон үйл явдал юм. Одоо УИХ гурван гол хүчний тэнцвэр, өрсөлдөөн, тэмцэл дунд ажлаа явуулж байна.
-Танай бүлгээс өнгөрч буй жил хийж амжуулсан хамгийн гол ажил юу байв?
-Шинэчлэлийн Засгийн газрыг хамтран бүрдүүлж, сонгогчдодоо амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлээд байна. Гэхдээ манай бүлгийн хамгийн гол хийж хэрэгжүүлэх ёстой ажил бидний өмнө байгаа.
-Гэхдээ өмнө байгаа гол ажлаа хийхээсээ өмнө танай эвсэл задарч мэдэхээр байгаа юм биш үү. Нэг нам нь засгаас гарна, эсвэл түр болилоо ч гэв үү. Ийм мэдэгдлүүд хийх болсон. Эвсэл дотроо ер нь их зөрчилтэй байна уу гэж харагдахаар байгаа?
-Эвсэлд ямар ч зөрчил бэрхшээл байхгүй, дардан замаар явж байгаа гэж би хэлэхгүй. Гэхдээ эвсэл задрахдаа тултал хурцадсан зүйл одоогооор харагдахгүй байна.
-МАХН засгаас гарна, үгүй гээд баахан шуугиан дэгдээлээ. Энэ талаар таны бодол..?
-Тэр асуудал бол МАХН-ын дангаараа гаргасан шийдвэрүүд байсан. Эвсэл болон бүлгээс ямар нэгэн шийдвэр гараагүй, байр суурь ч илэрхийлээгүй, тэгэх шаардлага ч үүсээгүй.
-УИХ-д МАН бүлэгтэй болох асуудал, Дэгийн хуульд байгаа завсарлага хугацаагүй байсныг хугацааны зохицуулалттай болгосон асуудлууд танай эвслийн бүлгийн байр сууринаас шууд хамаарч шийдэгдэх шиг боллоо. Гэвч бүлэг дотроо ойлголцоход амаргүй байсан болов уу гэж санагддаг?
-МАН бүлэгтэй байх тухай асуудлыг манай бүлэг гацаавал юу болох вэ. Сонгогчид юу гэж ойлгох вэ. Гацаавал парламентын ажил илүү сайжрах юм уу гэх зэрэг олон асуудлын дунд үүнийг авч үзэж ойлголцсон. Завсарлагатай холбоотой асуудал бол бид олонхийг бүрдүүлж, Засгийн газрыг хамтарч байгуулсан улс төрийн хүчин. Тийм учраас нийгэм, эдийн засгийн зорилтот хөтөлбөрүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх эрх зүйн бололцоог хангахын төлөө ямагт байх ёстой. Өөр нэг нарийн ньюанс нь МАН бүлэгтэй болох болон завсарлагатай холбоотой асуудлууд хоёр өөр хуулиар зохицуулагдаж байгаа. Гэхдээ тэр хоёр хуулийг бие биетэй нь уялдуулан хэлэлцэж санал хураах ёстой байсан. Энэ мэт шалтгаануудын дунд хуулийг хэлэлцэж завсарлагын хугацаа зохицуулалттай болсон.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмнэлгээс шорон руу авч үйлдлийг та юу гэж харж байгаа вэ?
-Би урьд нь ч хэлж байсан. Н.Энхбаяр даргатай хэтэрхий хүнлэг бус харилцаад байна уу гэж бодогдоод байгаа. Дахиад л баахан масктай залуучууд. Ингэх хэрэг байсан гэж үү. Тэр тусмаа төрийн тэргүүн байсан хүндээ ингэж хандаж хэрхэвч болохгүй гэж бодож байна. Энэ манай уламжлал биш.
-Ирэх 2013 онд та ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Хэд хэдэн хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэж байгаа. Энэ тухай он гаргаад ярина. Хуулиудын гол агуулга нь үндэсний эрх ашгийг бэхжүүлэх чиглэлээр юм. Үндсэн хуулийн өөрчлөлт, үүн дотроо улс төрийн тогтолцооны зарим өөрчлөлтийн талаар асуудал хөндөж эхлэнэ. Энэ талаар бусад гишүүдтэй санал солилцож байна.
-Та шинэ оноо сайхан угтаарай, ажлын амжилт хүсье.
-Баярлалаа, нийт монголчууддаа шинэ жилийн халуун мэнд хүргэе.