Оюутолгойн баяжуулах үйлдвэр ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

Оюутолгойн баяжуулах үйлдвэр ажиллаж эхэллээ

“Оюутолгой” ХХК-ийн зэс баяжуулах үйлдвэр ашиглалтад орлоо. Монголын хамгийн том, хамгийн дэвшилтэт технологитой зэс баяжуулах үйлдвэр болж байна. Оюутолгой шинэ оны эхний улиралд зэсийн баяжмалаа үйлдвэрлэж эхлэх бөгөөд хоёрдугаар улиралд багтан бүтээгдхүүнээ нийлүүлэхээр төлөвлөжээ.

Зах зээлд нийлүүлэх эхний бүтээгдхүүнээ ил уурхайгаас олборлосон хүдрийн овоолгоор боловсруулж байна. 2016 онд далд уурхай ашиглалтад орохоор нийт хүдрийн 80 гаруй хувийг далд уурхайгаас олборлох ажээ.

Баяжуулах үйлдвэрийн нээлтийн арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, бусад зочид төлөөлөгчид, “Оюутолгой” ХХК-ийн төлөөлөл оролцлоо. Оюутолгой уурхайн Баяжуулах үйлдвэрийн асаах товчлуурыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг дарж асаажээ.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаандаа хийж баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулахад бэлэн болсон нь манай өвөг дээдсээс хойч үеийнхэндээ өвлүүлсэн үнэ цэнтэй баялгийн маань баталгаа, олон улсад нэр хүнд бүхий “Рио Тинто” компанийн санхүүжилт босгох туршлага менежментийн чадварын үр дүн гэдгийг цохон тэмдэглэхийг хүсч байна” гэж хэлэв.

“Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш баяжуулах үйлдвэрийг нээх хүртэл ололт амжилтаар дүүрэн байлаа. “Оюутолгой” ХХК Монгол Улсын түүхэн дэх хамгийн том, хамгийн шилдэг технологитой уурхайг барьж байгуулахын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Өнөөдөр бид Оюутолгойн ил уурхай, баяжуулах үйлдвэрийг богино хугацаанд бүтээн байгуулсан амжилт гаргалаа, ирээдүйд бүтээн байгуулалтын болон үйлдвэрлэлийн олон ололт амжилтыг хамтдаа гаргана гэдэгт итгэж байна” гэж хэлсэн байна.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж