Марадона: Пеле бол домог, би бол брэнд

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

Марадона: Пеле бол домог, би бол брэнд

Аргентиний алдарт хөлбөмбөгч Диего Марадона Эмиратын “Аль-Васл” багийг дасгалжуулж байгаад халагдсан билээ. Хаана ч явсан олны анхаарлын төвд байдаг түүнийг Иракийн шигшээ багийг дасгалжуулах болсон хэмээх мэдээлэл гарсан билээ. Марадона  “Emirates Today”-д ярилцлага өгснийг товчлон нийтэлж байна.

-Иракийн шигшээ багийг дасгалжуулах болсон тухай мэдээлж байна. Та яагаад энэ багийг сонгох болов?

-Ийм мэдээлэл гарсан байна лээ. Үнэнийг хэлэхэд Иракийн багийг дасгалжуулахаар тохиролцсон зүйл алга.

-Ямар ч гэрээ хэлэлцээ хийгээгүй гэсэн үг үү?

-Жилийн өмнө Иракийн хөлбөмбөгийн холбооны төлөөлөгч надтай уулзаж тодорхой санал тавьж байсан. Тухайн үед Зико тус багийг дасгалжуулж байсан болохоор би татгалзсан. Түүнийг халсны дараа иракууд дахиад санал тавьсан,би татгалзсан. Ийм л юм.

-Тэгэхээр та Иракийн багийг дасгалжуулахгүй юм байна гэж ойлгож болох уу?

-Би хэзээ ч энэ багийг дасгалжуулахгүй гэж хэлээгүй шүү дээ. Хамгийн гол нь тохиромжтой цаг нь болоогүй байна. Түүнээс биш би Иракийн багийг голсон юм биш.

-Чансаагаараа 92 дугаарт бичигдэж байгаа багийг дасгалжуулахаас эмээхгүй гэж үү?

-Чансаа гэж юу юм бэ. Энэ бол зүгээр л үзүүлэлт.Муу баг гэж байдаггүй юм,харин муу удирдлага л гэж байдаг юм.  

-Муу дасгалжуулагч гэж байдаг уу?

-Мэдээж байлгүй яахав.

-Та аль нь вэ?

-Их хэцүү асуулт байна. Тэр тусмаа өөрийгөө тодорхойлох бүр ч хэцүү байна.

-Аливаа дасгалжуулагчийг удирдсан багийнх нь амжилтаар л тодорхойлдог?

-Тэр ч тийм ээ,үүнийг би үгүйсгэхгүй.

-Таниас их амжилт хүлээж байгаа. Гэтэл таны удирдсан багууд сайн амжилт үзүүлэхгүй байна. Энэ тантай холбоотой юу,эсвэл?

-Би ч шүүмжлүүлсээр байгаад залхаж байна шүү. Гэхдээ шүүмжлэл бодит байвал хамаа алга. Сүүлийн үед намайг давах,чадах гэсэн хүмүүс л олширч дээ.

-Амжилт муу байгааг та хүлээн зөвшөөрнө биз дээ?

-Хүлээхээс өөр арга байхгүй л дээ. Гэхдээ нэг талаар би их хэцүү байдалд байгаа.

-Ямар?

-Би өөрийгөө сайн тоглогч байсан гэдгээ мэднэ. Үүнтэй хэн ч маргахгүй биз. Харин дасгалжуулагч гэдэг бол миний хамгийн сайн хийж чадах ажил биш юм байна. Их хэцүү шүү дээ. Бүх тоглогчийг гуйна гэдэг амаргүй. Зарим нь үглээд ч хөдөлж өгөхгүй юм. Үргэлж гуйх нэг хэцүү. Гуйхгүй байхаар сайн тоглохгүй юм байна шүү дээ. Эцсийн дүнд би чинь Марадона шүү дээ. Хэн ч танихгүй жаалыг сайн тогло,тэг,ингэ гээд гуйгаад явах үнэхээр хэцүү юм байна л даа. Гэхдээ ингэх үүрэгтэйгээс хойш яахав дээ.

-Та шантарсан хэрэг үү?

-Би сайн дасгалжуулагч болж чадахгүй гэдгээ ойлгосон. Энэ бол гашуун ч гэсэн үнэн. Гэхдээ би бууж өгөхгүй.

-Дасгалжуулагчийн ажлаа орхино гэсэн үг үү?

-Яалаа гэж. Би сайн дасгалжуулагч болж чадахгүй юм байна гэдгээ л ойлгосон. Түүнээс биш дасгалжуулагчийн ажил хийхгүй гэсэн үг биш.

-Арабын Эмиратын"Аль-Васль" багийг дасгалжуулаад амжилт үзүүлээгүйн гол шалтгаан юу вэ?

-Болохгүй зүйл болдоггүй л юм билээ. Энд миний буруу ч бас бий. Хэн ч танихгүй багийг дасгалжуулахаар зөвшөөрч л байдаг.

-"Аль-Васль" талаар юу хэлэх вэ. Хүчтэй баг болох магадлал байна уу?

-Дасгалжуулж байсан багаа муулах утгагүй л байх. Гэхдээ үнэнийг хэлэх хэрэгтэй. Энэ багт мэргэжлийн тоглогч алга. Тоглогчдын олонхи нь оюутнууд байна. Зарим нь бүр цэргийн албан хаагч гээд бод доо. Уг нь бэлтгэл хийхээр ирж байгаа тоглогч эрч хүчээр дүүрэн байдаг. Гэтэл манай багийн оюутан тоглогчид хичээлдээ сууж ядраад эвшээлгэсээр л талбайд гарна шүү дээ. Үнэхээр утгагүй. Ийм байхад хэн ч дургүй хүрнэ шүү дээ.Тэгээд бэлтгэл таслахыг нь яана. Зарим өдөр  10 тоглогчтой л бэлтгэл хийнэ шүү дээ. Бодит байдал ийм байхад багийн удирдлага надаас дэндүү ихийг шаарддаг байсан. Тэд надад их мөнгө төлж байгаагаа байнга сануулдаг нь миний дургүйг хүргэж байлаа. Ер нь арабууд юмны учрыг ойлгохдоо их хэцүү хүмүүс юм.

-Магадгүй та Английн Премьер лигт баг дасгалжуулахаар ирж мэдэх юм?

-Үүнийг би үгүйсгэхгүй.   

-Та Мессигийн талаар юу хэлэх вэ. Бүгд л түүнийг шигшээ багтаа муу тоглодог хэмээн шүүмжилж байна. Гэтэл тэр энэ улиралд 91 гоол оруулчихлаа шүү дээ?

-Месси гайхалтай сайн байгаа. Тэр улам л хүчирхэг болж байгаа. Хувь хүнийхээ чанараар бус харин талбайд өөрийгөө харуулж буй тэр арга хэлбэрээрээ. Мессийг бөмбөг эзэмшиж байхыг нь харах  үнэхээр бахдам хэрэг шүү. Яаж ийм гайхалтай болж чаддаг байнаа л гэж би бодоод байдаг юм.

-Энэ жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгч Месси мөн биз?

-Ямар ч маргаан алга.Месси шиг агуу тоглогч одоо алга.

-Тэгвэл Месси,Марадона хоёрын хэн нь хамгийн шилдэг нь вэ?

-Намайг Пелетэй харьцуулсан дүгнэлтийг би олон удаа сонсч байлаа. Энэ бол утгагүй асуудал. Харин Пеле бол домог,Марадона бол брэнд гэж хэлбэл өөр хэрэг.

-Тэгвэл Месси?

-Месси бол Месси. Одоогоор энэ л хангалттай. Би бас хоёр хүнд тодорхойлолт хиймээр байна.

-Хэн,хэн бэ. Ямар шалтгаан байна вэ?

-Аргентиний хөлбөмбөгийн холбооны Хулио Грондон,дасгалжуулагч Билардо нарыг нэрлэх гэсэн юм. Хулио Грондон намайг хууран мэхэлсэн,харин Билардо надаас урвасан. Шалтгааныг нь хэлэх хэрэггүй байх.

-Месси шигшээ багтаа сайн тоглож чадахгүй байгааг түүнийг дэмжих тоглогч шигшээд байдаггүйтэй холбон тайлбарладаг?

-Тэр ойлгомжтой шүү дээ.

-“Барселона”,Аргентиний шигшээ багийн аль нь илүү хүчтэй вэ?

-Мэдээж “Барса”.Харин Аргентиний шигшээ багт дэлхийн шилдэг хөлбөмбөгч Месси байгаа. Тийм ч учраас Аргентин сайн байдаг. Мөн бусад довтлогчдыг орхиж болохгүй Харин тэд шилдэг байлаа гээд “Барса” багийн төвшинд хүрч чадахгүй. Үүний тулд шилдэг дасгалжуулагч шилдэг хагас хамгаалагчид хэрэгтэй. Тэгээд ч “Барса”-д бас Месси байна шүү дээ.

-Хэрвээ та Английн аль нэг багийг дасгалжуулахаар болбол хэнийг багтаа авмаар байна?

-Карлос Тевесийг нэрлэх байна. Тэр ч бөмбөг алдана гэж байхгүй, бүх хүчээ гаргаж тоглоно шүү. Карлито бол ёстой “чөтгөр” л гэсэн үг. Ийм тоглогчтой байхад ямар ч багаас айхгүй шүү.

-Таны хүргэн Агуэро “Манчестер Сити”-д сайн тоглож байна. Түүнийг та мэдээж магтах байх?

-Надад түүнийг худлаа  магтах шаардлага байхгүй. Тэр бол гайхалтай сайн хөлбөмбөгч.

-Түүнийг “Реал” аваагүйд та эхэндээ бухимдаж байсан?

-Би тэр үед бухимдаагүй. Харин Агуэрог авсан нь дээр гэж “Реал”-ынханд зөвлөж байсан. Хэрвээ тэд Агуэрог авсан бол өрсөлдөх чадвар нь эрс дээшилж, “Барселона”-гийн түвшинд очих байсан. Гэвч тэд энэ наймааг хийгээгүй, тэгээд алдсан. Одоо Агуэро “Манчестер Сити”-д гайхалтай тоглож байна. Английн баг ийм гайхамшигтай довтлогчтой болсондоо баярлаж байгаа биз.

-Та ач хүүгээ хөлбөмбөгч болгох уу?

-Би ач хүү Бенжаминыг спортын хүн болгохгүй. Эцэг нь ч тийм бодолтой байгаа.Миний ач хүү хэн нэгний дарамт дор мөнгө олох бус өөрийн оюун ухааныг ашиглаж амьдрах хэрэгтэй.  

Бэлтгэсэн Н.ЭНХ

“СПОРТЫН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж