Халамжийн мөнгийг чирэгдэлгүй олгож байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.28-нд нийтлэгдсэн

Халамжийн мөнгийг чирэгдэлгүй олгож байна гэв

Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд оны өмнөх энэ өдрүүдэд бас нэгэн бэлэн мөнгөний бэлгийг хүртэж эхлээд байна. Хүний хөгжил сангаар дамжуулан ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй 340 мянган төгрөг нь эх орны хишиг болох нэг сая төгрөгийн сүүлийн хэсэг гэж хэлж болно. 340 мянган төгрөгийн санхүүжилт энэ удаад асуудалгүйгээр шийдэгдсэнд албаныхан болоод иргэд талархалтай хандаж байгаа бололтой.

Санхүүжилтийг шийдэхдээ нийт шаардлагатай 114.8 тэрбум төгрөгийг гурав хоногийн өмнөөс арилжааны банкуудад шилжүүлж эхэлсэн юм. Үүний тулд санхүүгийн эх үүсвэрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Засгийн Газрын Хүний хөгжлийн сангийн 940 тэрбум төгрөгийн бонд гаргасныг Монголбанк худалдан авсан.  Харин 108.1 тэрбум төгрөгийн бондыг Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс худалдаж авсан” хэмээн тодотгожээ.

Иргэд “Хаан”, “Хадгаламж”, “Капитал” банкуудаар халамжийн мөнгөө авч байгаа бөгөөд тухайн дүүргийн хүн амын байдлаас хамаарч банкинд дугаарлан зогсох хүмүүсийн цуваа адилгүй байна. Тухайлбал, Сансарт байрлах “Хаан” банк Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны иргэдэд үйлчилдэг бөгөөд энэ хороо хүн ам ихтэй тул банкинд халамжийн мөнгөө авахаар дугаарлах зогсох ахмадууд тасрахгүй ирж байлаа. Иргэд нэн тэргүүнд санах зүйл нь хэрэв урьд нь халамжийн мөнгөө Хүний хөгжил сангийн дэвтрээрээ авдаг байсан бол түүгээрээ авна. Харин картаар авдаг байсан бол дансанд нь шууд шилжих юм.
Халамжийн мөнгөө авч буй ахмад настан Б.Дэлгэрээс зарим зүйлийг тодрууллаа.

-Банкнаас мөнгө авахад бэрхшээлтэй зүйл байна уу?

-Өмнө нь хоёр удаа ингэж банкинд оочерлоод 340 мянган төгрөгөө авч байсан болохоор ч тэр үү, өнөөдрийн хувьд заавал өглөө эрт ирэхийг бодсонгүй. Нэгэнт л өнөөдрөөс эхлээд 340 мянган төгрөгийг авах ёстой бүх хүнд л өгнө гэсэн юм чинь гэж бодоод ингээд өдөр ирээд л зогсч байна. Асуудал үүсэхгүй байх шиг байна. Банкныхан ч иймэрхүү халамжийн мөнгөө тараагаад сурчихсан байна. Ер нь он дамнуулаад өгнө, өгөхгүй гэж ярихын оронд ингээд өгчихөж байгаа нь сайшаалтай хэрэг.

-Зарим иргэд цагаан сарын өмнө хэрэгтэй байсан гэх юм. Таны хувьд?

-Миний хувьд ч гэсэн цагаан сарынхаа бэлтгэлд хэрэглэнэ. Гэхдээ оны өмнө авч байсан нь дээр л дээ. Одоо бол Хүний хөгжил сангийнхаа дэвтрээр авч байна.  Авсныгаа данс нээлгээд хадгалчихъя гэж бодож байна.

-Иймэрхүү халамжийн бодлогыг та хэр оновчтой гэж үздэг вэ?

-Нэгэнт өгч байгаа мөнгийг бол хүн бүхэн л авах гэнэ. Гэхдээ халамжийн бодлого барааны үнийг тэнгэрт хөөргөж байгаа нь бол үнэн юм шүү.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж