Нэгэнт парламентад гурван бүлэг бүрдсэн тул түүнийгээ дагаад мөн л түүхэнд анх удаа УИХ-д гурван дэд дарга төрлөө. УИХ-ын дарга З.Энхболд АН-ын бүлгийг төлөөлсөн С.Баярцогт, МАН-ын бүлгийн М.Энхболд, “Шударга ёс” эвслийн Л.Цог гээд гурван дэдийг дэргэдээ суулгаж “дэдээр арвин” спикер болов. Долоон байнгын хороогоо найм болгосон гэж байгаа. Ес хүргэчихвэл гурван гурвын гээд бас нэг бэлгэдэл үүснэ.
Засгийн газраа АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гээд гурван субъект нийлж байгуулав. МАХН-ынхан хааяа хааяа засгаас гарна гэж айлгаж байгаа. Тэднийх гарвал дахиад л гурав дахь хүчин орж орон зайг нь нөхнө. Гэхдээ тэгтэл өдий.
Элдэв маргаан, тойргийн будилаанаас болоод гишүүд нь хэд ч тасарч тангараг өргөв дөө. Анх долдугаар сарын 6-нд 72 гишүүн тангараг өргөхөөр болж СЕХ шийдвэрээ гаргасан ч гурав нь дутаж 69 гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Дутуу гурвын хоёр болох Ц.Цолмон, О.Баасанхүү нар хэд хоногийн дараа тангараг өргөсөн боловч гурав дахь болох Ц.Оюунбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч, СЕХ, УИХ-аас “виз”-ээ авсан хэрнээ одоо болтол сураггүй. Түүний суудлыг Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарт “нөөсөн” тухай МАХН-ынхан удаа дараа мэдэгдэж буй.
Гишүүн асан У.Хүрэлсүх, эрхэм гишүүн Г.Баярсайхан нар чуулганы танхимын үүдний өрөөнд нударга зөрүүлж шуугиан дэгдээв. Нэг нь өөрийгөө “эр хүн, армийн хурандаа салаавч тавиулж хоолойгоо боолгохгүй” гэж тодотгосон бол нөгөөх нь шударга ёс, хууль цааз ярьж бужигнуулсан. Удалгүй У.Хүрэлсүх гишүүн гэргийгээ гадаадад эмчлүүлэхээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж 71 байсан гишүүдийн тоо 70 болов. Чуулганы танхимаас чирэлцэж гарч ирээд түмний нүдэн дээр нэгийгээ цохиж унагаснаараа бас л парламентын түүхнээ анхны тохиолдол.
АН-ынхан Өвөрхангайн Х тойрогт будилаан гарсан хэмээн МАН-ын нэр дэвшигчдийг ухрааж АН-ын Г.Батхүү, Д.Зоригт нараар тангараг өргүүлэх гэснээс үүдэн УИХ дахь МАН-ын төлөөллийн гишүүд хуралдааныхаа танхимын үүдийг буйдангаар таглан уриа лоозон тэвэрч суулт үйлдсэн нь бас л анхны бөгөөд одоогоор цорын ганц үзэгдэл.
Эцэс сүүлдээ намууд тохирч АН-ын Г.Батхүү тангараг өргөлөө. Гэхдээ ганцаараа бигш гурвуулаа. МАН-аас Баянзүрх дүүрэгт дахин санал хураалтад ялсан Д.Арвин, У.Хүрэлсүхийн оронд жагсаалтаар орж ирсэн Д.Сарангэрэл нартай тангараг өргөн гурвын тооны бэлгэдлийг үргэлжлүүлэв. Хоёрхон хоногийн дараа Д.Арвин гишүүн МАН-аас гарч АН-д орсон нь Ц.Цолмон гишүүн МҮАН-аас МАХН-д шилжсэний үргэлжлэл болов.
Одоо УИХ 73 гишүүнтэй. Элэг бүтэн болоход бас л гурван гишүүн дутуу. Өвөрхангайн тойргоос МАН-ын С.Чинзориг, Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалтаар АН-ын Л.Эрхэмбаяр, МАН-ын Д.Сумъяабазар нарын аль нэг, МАХН-аас уг номоороо бол Ц.Оюунбаатар орж ирж байж 76 гишүүн бүрдэх учиртай.
Ийнхүү гурвын тооны нигууртай УИХ-ын сонин содон үргэлжилж байна.