Айлууд хашаа дагасан цас мөсөө цавчих боловч нэмэргүй, шөнө болгон шахам будрах хялмаа нэмж дагтаршин, өдрийн бага зэрэг наранд хайлмагтаж дахиад л мөсөн гагнаас үүсгэнэ.
Хотын төвд бол элс, давс, бодис цацаад зам, талбайг бараантуулчихаж байна. Уулын араар нуугдсан гэр хорооллынхонд тийм “халамж” үгүй болохоор аргаа бараад үнс цацаж амиа аргалж эхэллээ. Өгсүүр гудамжны голд яалт ч үгүй хий эргэж гацсан машины эзэд хавь орчны айлуудыг “Үнс асгаад өгөөч” гэж гуйхад хүрч байгаа юм. Өглөө, үдшийн харуй бүрийгээр тэмтчин өгсч уруудаж явахад үнс асгасан газар “авралын од” мэт л харагдана. Мөнөөх гэр хорооллыг Багануурын хямд нүүрсээр хангах хөтөлбөр ч халтиргаа гулгаанаас болоод өндөрлөгт байрлах газруудад бараг зогссон шиг байна лээ.
“Бээрсэн аалз” гэгчээр бээвгэнэж явтал дэргэдээс машин гулсан орж ирнэ. Хашааны ёроол дагах гэхээр зуудаг нохой ухас хийнэ. Нохойд уруулах уу, машины дугуй нөхөх үү, хөлдүү газар савж ойчих уу, эсвэл энэ гурван аюул зэрэг учрах уу гэдэг гэр хорооллынхны хамгийн хэцүү айдас, зовлон болж байна.
Өнөөдөртөө халтиргаа гулгаанаас аврах ганц аврал болсон үнс хавар ирж цас ханзрахаар харин уушгины дайсан болох дараагийн аюул учирна. Тоосноос нарийн ширхэгтэй үнсэн тоосонцор хаврын хавсарганаар хавь орчныг бүрхэж хамар ам руу чигжин уушгинд сорогдож амьсгалын замын эрхтнүүдийг сэвтээх гамшиг хоёрхон сарын дараа нүүрлэх гэж байна. Тэр дунд өсч бойжиж буй нялх үрсийн уушги, зүрх ямархан болох нь ойлгомжтой. Утаанаас ч илүү хор үнсэнд агуулагдаж байгааг мартаж боломгүй.
Уг нь удахгүй хаус хороолол болох гэх зэрэг гэгээн ирээдүй гэр хороололд бий л дээ. Гэтэл өвөл ирэхээр л халтирч унаж яс үсээ яйлах уу, үнсний тоосонцорт уушги, улаан хоолойгоо таглуулах уу гэсэн адармаатай байдалд гэр хорооллын иргэд тулж ирдэг. Үүнийг л гэр хорооллын там гэж хэлэхээр байна.