Гэмт хэрэгт холбогдох үүд хаалга нээлттэй байгааг хүүхдүүд сануулав | News.MN

Гэмт хэрэгт холбогдох үүд хаалга нээлттэй байгааг хүүхдүүд сануулав

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Гэмт хэрэгт холбогдох үүд хаалга нээлттэй байгааг хүүхдүүд сануулав

Дарга нар индэрт гарч, хүүхдүүд байтугай томчууд ч учрыг нь олмооргүй баахан хууль дүрэм ярьдаг хурлуудын тогтсон дэгийг эвдэж, нэг төвшинд ээлжлэн үг хэлж, санал солилцох уулзалтыг нийслэлийн 362 мянган хүүхдийн төлөөлөл хотын удирдлагуудтай хийлээ. Хурлын эхэнд үг хэлсэн хүүхэд “Та нарт боломж нь байна. Бидэнд хүсэл эрмэлзлэл байна. Хамтраад бүгдээрээ хүүхдүүдийн өмнө тулгараад буй дараах асуудлуудыг шийдье л дээ” гэсэн юм.

Харин хүүхдүүд “Бидэнд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байдаггүй. ЕБС-ийн сурагчдын 20 хувь нь л хичээлийн бус цагаар өөрсдийгөө хөгжүүлж байна. Бусад нь гэртээ харьдаг нэртэй ч гудамжаар дэмий сэлгүүцэж, тамхи архи хэрэглэх, гэмт хэрэгт холбогдох үүд хаалга дэлгээтэй байдаг. Иймээс та бүхний туслалцаатайгаар хүүхдийн хөгжлийн төвийг олноор байгуулмаар байна” гэдгээ илэрхийлэх гэсэн юм. Сургуулиуд дээр дугуйлан хичээллэдэг ч маш цөөхөн хүүхэд хамрагддаг. Сурагчдын хөгжлийн төв гэсэн хаягтай өрөө сургууль бүр дээр шахуу байдаг ч дарга нарыг шалгалтаар ирэхэд нээж үзүүлчихээд түлхүүрийг нь нийгмийн ажилтан халааслаад яваад өгдөг. Хорооны дэргэд байдаг хөгжлийн төв ч мөн ялгаагүй. Тэнд ганц хоёр ширээтэй өрөөнөөс өөр хүүхдүүдийг татах юу ч байдаггүй. Компьютерт донтлоо гэж адлахаасаа илүүтэй кибер тэмцээн зохион байгуулж болдоггүй юм уу” гэсэн саналуудыг хэлж, “асуудлаа” хэнээс ч бэргэлгүй хөндөн тавьж байлаа. Уулзалтыг Нийслэлийн хүүхдийн төлөө газраас зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дүүргийн удирдлагуудтай мөн ийм арга хэмжээ зохион байгуулсан юм байна. Дарга нар энэ өдөр хүүхдүүдтэй нэг төвшинд очиж ямар нэгэн албархуу ярианаас татгалзсан юм.

Д.Цээнэ      

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж