Монголын Радио, Телевизийн Академи, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Мэдээллийн сайтуудын ассоциаци хамтран "Болор үзэг" хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл шалгаруулах арга хэмжээг зохион байгуулж, 2012 оны 12-р сарын 25-ны үдэш Монголын чадварлаг, авьяаслаг сэтгүүлчид нэгэн дээвэр дор чуулж, шилдгүүдээ шалгаруулсан юм. Сонин, сайт, сэтгүүл, телевиз, радио, фото, сэтгүүлзүйн шүүмж гэсэн номинациудад шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд “Гранд” сэтгүүл 2012 оны шилдэг сэтгүүлээр шалгарч, Болор үзэг гардан авлаа. Энэ жилийн Болор үзэг наадмын нэг онцлог нь сэтгүүлчдийн бүтээлийг онцлон шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд манай сэтгүүлийн тухайд ярилцлагуудаараа энэхүү шагналыг авсан. Бид фото мэдээллээс гадна мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн чанартай, даацтай ярилцлага, уншигчдын оюуны мэлмийг нээх сонгодог урлаг болон танин мэдэхүйн нийтлэлүүдээрээ хэдийнэ хэвлэлийн зах зээлд өөрийн брэнд үүсгэж, орон зайгаа эзэлсэн. Энэ бүх амжилт, 2 жилийн хөдөлмөр манай хамт олонд 2012 оны шилдэг Болор үзэгтэн сэтгүүл хэмээх эрхэм хүндтэй, бидний хөдөлмөр, хичээл зүтгэлд өгсөн үнэлгээ, шагналыг авчирлаа. Энэ дашрамд бидэнтэй үргэлж хамт байдаг үнэнч уншигчиддаа талархсанаа илэрхийлж, шинэ оны халуун мэнд хүргэе.