“Манай улсад шийдэл, зөв гарц олж чадахгүй байгаа олон асуудал бий. Яаж хямд орон сууц барьж, дэд бүтцээр хангах асуудлаа шийдэхээс эхлээд дэлхий олж ашиглаад, үр дүнг нь үзсэн олон амжилттай туршлага байгаа. Тэдгээрийг Монголд авчирч, монголчуудын шийдэл хайж байгаа асуудлуудыг шийдэхэд туслахыг хүсэж байна” хэмээн Ерөнхий сайд онцлов. Мөн тэрбээр нэг улстай гурван гол асуудлаар хамтарч ажиллах хэрэгтэйг тэмдэглээд, “Өмнөх шигээ олон арван салбарын тухай биш гол гурван салбарыг сонгон, хийсэн шиг хийх нь зүйтэй. Жишээлбэл, Өмнөд Солонгостой мэдээллийн технологи, эрүүл мэнд зэрэг 2-3 чухал салбарт хамтарч, том үр дүн гаргах хэрэгтэй” гэлээ. Хоёр орны харилцаа цэцэглэн хөгжиж байна гэдэг цээжний хэдэн өгүүлбэрээс татгалзаж оронд нь яаж хурдтай, үр бүтээлтэй ажиллах тухайгаа цаад улстайгаа ярилцах цаг болсон. Хамгийн гол нь эргэх холбоо сайтай, хурдтай ажиллаж, тогтмол видео уулзалт хийж байх нь чухал гэдгийг өнөөдрийн уулзалтад оролцогчид онцолж байсан юм.
Уулзалтын үеэр Элчин сайдуудтай товч ярилцлаа.
Австралид суугаа бүрэн эрхт элчин сайд Р.Болд:
-Австралийн хувийн хэвшилийн хөрөнгө оруулалтыг Монголд татах боломжтой. Австралийн уул уурхайн компаниуд Монголыг туйлын их сонирхож, хөрөнгө оруулах, бизнес хийх боломж эрх хайж байна. Гэхдээ үнэнийг хэлэхэд, Монголын түвшин австраличуудын шаардлагыг хангаж чадахгүй байна. Эрх зүйн орчны дутагдал, манай хүмүүсийн ур чадвар, өөрсдийгөө зөвөөр илэрхийлж чадахгүй зэрэг асуудал байгаа учраас анхаарах зүйлүүд их бий. Австрали улс Уул уурхайн тэсрэлтийн дараа ямар салбарт тулгуурт хөгжих вэ гэдгээ одооноос ярьж эхэлсэн байна. Австрали малчдаа мөнгөжүүлэх бололцоогоор ханган, мал аж ахуйгаа хөгжүүлж чадсан учраас хөдөө аж ахуйн биржийг хөгжүүлсэн арвин туршлагатай учир бид үүнийг анхааран судалж байгаа.
ОХУ-д суугаа элчин сайд Д.Идэвхтэн:
-ОХУ-тай голчлон ярилцдаг зүйл бол шатахуун. Үнэ яагаад өсөөд байгааг Роснефть компани болон холбогдох албаныхантай уулзаж ярилцдаг. Оросууд экспортын татвараа дээш, доош нь өсгөдөг албан ёсны томьёотой. Энэ томьёоны гол хамаарал нь олон улсын нефтийн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс шалтгаалдаг. Монголд зориулж үнээ нэмсэн юм байхгүй гэж тайлбарладаг. Гэхдээ манай импортлогч компаниуд үүнийг судалж байна. Манайд зарж байгаа үнэ Япон, Солонгос руу гаргаж байгаа үнээс дээгүүр байна. Тиймээс Уул уурхайн яамныхан удахгүй ОХУ-д очиж, асуудлыг тодруулан, уулзалт хийнэ. ОХУ хөрөнгө оруулалтын томоохон төсөл, уран, уул уурхайд хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Үүнийг яаж Монголын сонирхол, бодлоготой уялдуулах тухай судалж байна. Саяхан болсон Засгийн газар хоорондын комиссын хурлаар манай тал сонирхлоо тодорхой илэрхийлсэн.
БНХАУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар:
-Ирэх нэгдүгээр сард Бээжинд манай хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно. Энэ үеэр бид ирэх жил нүүрс болон бусад түүхий эд нийлүүлэх тоо хэмжээний талаар ярилцана. Хятад бол манай түүхий эдийн ганц гол худалдан авагч. Манай хоёр улсын худалдааны эргэлт энэ жил 5 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ жилийн эхний улиралд нүүрсний экспорт тааруу байсан ч сүүлийн саруудад эрчимжсэн. Хятадад хотжилт бүтээн байгуулалтын том төслүүд нь эдийн засгийн өсөлтийг дагаж удааширсан учраас төмрийн гол түүхий эд коксжих нүүрсний импорт багассан тал бий.