Кэйт Уинслет нууцаар хуримлав

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

Кэйт Уинслет нууцаар хуримлав

“Titanic” киноны Розагийн дүрээр үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Кэйт Уинслет сүйт залуу Нэд Рокнроллтойгоо Нью-Йорк хотноо нууцлаг байдлаар хуримлажээ. Хосуудын хуриманд Кейт Уинслетийн хоёр хүүхдээс гадна дотны найз, нөхөд цөөн тооны зочид уригдсан байна. Хосууд өнгөрөгч зун мөн олны нүднээс далдуур сүй тавих ёслолоо хийж байжээ.  Эх сурвалжийн мэдээлснээр Кэйт, Нэд нарын хурим дэндүү хувийн шинжтэй болж өнгөрсөн байна. Учир нь хосууд хуримын ёслолдоо эцэг, эхчүүдээ уриагүйгээр барахгүй бүр энэ тухай мэдээг дуулгаагүй гэнэ. Харин үүний дараа Нэдийн аав “Sun” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би тэднийг хуримласан тухай мэдээгүй. Гэхдээ миний хувьд тэдний гэрлэлт бол гайхаад байх зүйл биш” гэжээ.

Өдгөө 37 настай Кейт Уинслетийн хувьд хуримын ёслолоо тэгтэл нууцалж, маш даруухан хийсэн нь энэ бол хосуудын аль алиных нь гурав дахь гэрлэлт гэдэгтэй холбоотой юм. Кейт Уинслетийн анхны хайрын эзэн нь жүжигчин Стивен Тредре байсан бөгөөд тэд Стивенийг ясны хорт хавдраар 34 насандаа харамсалтайгаар хорвоог орхих хүртэл тав орчим жил үерхсэн байна.  Кейт хожим Стивен Тредрегийн талаар “Миний амьдралын хамгийн чухал хүн байсан” хэмээн дурсан ярьсан байдаг. Үүний дараа Кейт Уинслет 1997 онд найруулагч Жим Триплтонтой учирчээ. Хосууд 1998 онд хуримлаж, Мила гэдэг охинтой болсон ч  2001 онд салсан байна. Жимээс салсныхаа дараа Кейт Уинслет Сэм Мендестэй болзох болсноор 2003 онд Карибын далайн эрэг дээр охин Миа болон гурван найзынхаа хамт нууцаар хуримлажээ. Хосууд удалгүй Жо Альфа нэртэй хүүтэй болсон боловч мөн л 2010 онд хоёр тийшээ болсон аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж