&#34Отелло&#34-г сэргээхэд анхны Дездемон нь би болсон

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

&#34Отелло&#34-г сэргээхэд анхны Дездемон нь би болсон

Банзрагчийн Тунгалаг гэж жүжигчнийг Монголын урлагт хөтөлж ирсэн хүн нь гавьяат жүжигчин Ө.Эрэнцэнноров. Тамирын хөвөөнөөс нийслэлд ирж театрын хүн болсон тэрбээр урлагт 40 гаруй жил зүтгэж яваа нэгэн юм. Монголын Урлагийн ажилтны холбооны гүйцэтгэх захирал, гавьяат жүжигчин Б.Тунгалаг дэлхийн сонгодгуудыг, олон сайхан уран бүтээлийг тайзнаа амилуулж байсан нэг үгээр уран бүтээлийн ансамбль бүрдэж, уран бүтээлчдийн хүч жигдэрсэн ид оргил үед нь ажиллаж байснаараа бахархдаг гэсэн. Тэрбээр урлагийн гал тогоонд буцалж явсан цаг үеийнхээ талаар ийн ярьсан юм.

ТЕАТРТ ИРЭЭД ХИЙСЭН АНХНЫ АЖИЛ МИНЬ ЗЭРЛЭГ ЗУЛГААХ

-Бид Багшийн дээдийн кино драмын ангийн гурав дахь төгсөлтийнхөн. Сургууль төгсөөд яг 40 жил болж байна шүү дээ. Театрт манай ангиас Б.Цэцэгбалжид, Ё.Гантөмөр бид хэд ирсэн.

Б.Цэцэгбалжид бид хоёр театр руу хамт очсон. Театрт ороод бид хоёрын хамгийн анх хийсэн ажил нь зэрлэг зулгаах. Тэр зун улсын баяраар Баяжихын Пүрэв гуай, Лха.Долгор гуай хоёр гавьяат авч байсан, 1971 оны долдугаар сард. Театрынхан амраад явчихсан болохоор бид хоёрт хийх ажлыг өдөрт нь боловсон хүчин Дэндэв гуай зааж өгнө. Бид хоёр ромбоо зүүчихсэн, зэрлэг зулгаахаасаа жаахан ичээд байна аа. Зэрлэг зулгааж байхдаа хүн харагдахаар нь бараг нуугдчихна. Залуу байж дээ. Тэгэхэд талийгаач Цээнямбуу эгч, Жигжиддулам гуай, Мэндээ эд нар их хөөрхөн. Мэндээг бүр хараад хараад ханадаггүй байлаа. Ганган дэгжин гэдэг ч жигтэйхэн. Тэр үед “Бөмбөрчин” гэдэг Бейльс багшийн найруулсан жүжигт тоглочихсон. Нэг үгээр жүжигчин болох нь танигдчихсан байсан үе нь. Цээнямбуу эгч  “Өглөө” киноны “Сэлэм” Тогмидын хайртай хүүхэнд тоглоод, гадаадад олон улсын кино наадамд яваад ирчихсэн байлаа. Тийм гоё хүмүүс дотор Цэцэгбалжид бид хоёр орсон. Тэднийг ирэхээс өмнө театрын хашаагаар орох гэж, явсан хойно нь гарах гэж өвснийхөө ард суугаад л байдагсан. Бушуухан театр цуглаасай, жүжигт тоглох юмсан гэж бодно. Тэгж тэгж тоглосон дүр нь инээдэмтэй. “Арын албаныхан” жүжигт дүр хуваана гээд жүжигчдийг 17-д цуглууллаа. Та хоёрт дүр өглөө, нэг нь орос, нөгөө нь монгол цэрэг шүү гэж байна. Бид ч цэргийн дүртэй боллоо гээд баярлаад. Шархадсан орос  цэргээ монгол нь түшээд тайзны араар явах л үүрэгтэй. Тэгээд шинелиэ очиж аваад нүүрээ будаж будаж тайзны сургууль дээр очтол “За та хоёр одоо ингээд эндээс энэ хүртэл хөшигний араар яв” гээд. Тэрэндээ их баярладаг байлаа. Тэгж л театрын хүн болж байв. Гэхдээ л бид хоёр гол дүрийн жүжигчид шиг хамгийн түрүүнд ирээд будаад, шинель, бакал, малгайгаа өмсөөд зогсчихно. Хөлсөө гоожуулаад л. Би амьдралдаа эрэгтэй хүүхдийн дүрд ганцхан удаа тоглосон юм. Д.Батбаярын анхны зохиол Г.Гомбосүрэн багшийн найруулсан “Дөшин жирмийнхэн” гэдэг жүжигт Д.Оюунцэцэг эмэгтэй хүүхдэд, О.Норолхоо бид хоёр эрэгтэй хүүхдэд тоглосон юм. Би хотоос илгээлт аваад хөдөө очсон амьдрал мэдэхгүй хүүхэд. Тэр жүжигт би О.Норолхоогоос их зүйл сурсан. Яаж зогсох, яавал яг эрэгтэй хүүхэд шиг харагдах, дээлээ яаж бүслэх гээд л. Би дөнгөж сургууль төгсөж ирээд Гомбосүрэн гуайн найруулсан “Тангараг” гэдэг жүжигт Оюун багш гэдэг рольд тоглосон. Нэгдүгээр роль нь Цэрэнпагма, би дублер нь. Тэгэхэд Цэрэнпагмаас их юм сурсан. Цэрэнпагма туршлагажсан, бас тайзан дээр үнэн байж чаддаг, байгаагаараа байдаг, жүжиглэх гээд байдаггүй.

МИЧИКО НАМАЙГ ОЛОНД ТАНИЛ БОЛГОСОН

1975 онд “Маш нууц”-ын Мичико гэж япон эмэгтэйд тоглосон. Ч.Чимид гуайн зохиол. Хувьсгалаас зугтаж урагшаа гарсан монголчуудын тухай юм.  Бидэнд гол зөвлөгөөг зохиолч З.Баттулга гуай өгдөг байлаа. Тэрбээр тагнуулд явж байсан болохоор урагшаа гарсан монголчууд яаж зовж зүдэрч байгаа тухай ярьдаг байсан юм. “Маш нууц”-ын Мичико намайг жүжигчин болох юм байна гэдгийг харуулсан анхны минь дүр учраас би их хайртай. Э.Оюун багшийн найруулсан С.Удвал гуайн “Бумбат эрдэнэ”-ийн Чимгээ гэж надаас бол тэс өөр характерийн дүрд тоглосон. Эрдэнэтэд эвлэлийн илгээлтээр очсон, танхайгаараа зартай хүүхний дүр. Би тэрийг гаргаж чаддаггйү ээ. Тэгсэн надад О.Норолхоо хоёрхон хөдөлгөөн хэлж өгсөн. Яаж зогсох, яаж явахыг минь. “Чам шиг ингэж бөмбөгнөөд яваад байх юм бол танхай Чимгээ биш болно” гэж байж билээ. Оюун багшид “Гараад л явах юм, гүйгээд л ороод ирэх юм. Буцаад л гарах юм. Торхон дотор хийчихсэн хэрэм биш дээ, чи” гээд л загнуулж байсан болохоор нь О.Норолхоогийнхоо хэлснээр хийгээд үзэхэд болчихсон.

Ер нь би уйлсан, унжсан уянгын дүр, хайр дурлалын баатарт их тоглосон, хүн дээ. “Оролмаа”-гийн Хүүхнээгээс эхэлсэн. Инээдмийн дүрд их цөөхөн гарсан. Ч.Чимид гуайн “Эмч нар” жүжгийн Сэмжид, “Худалч эхнэр” жүжгийн Мэжи хоёр л байна даа. Бусад нь бүгд уянгын дүр. Тэр үед улиралд нэг жүжиг гаргадаг байлаа. Зарим жүжиг бүр хагас жил үргэлжилнэ. Тийм учраас мартагдахгүй гүн бат хийж чаддаг үе байсан.

МОНГОЛЫН ТЕАТРЫН ТҮҮХЭНД ДӨРӨВХӨН ЛУЙЗА БАЙСАН

Намайг төгсөөд ирэхэд алтан үеийнхнээс Цагааны Цэгмид гуай, Бат-Очир гуай нар л байгаагүй. Бусад нь бүгд байсан үе. Бид бие биенээсээ их асууж сурч авдаг байсан. Намайг хүртэл залуу гэж голохгүй урд суугаад хараад өгөөч гэнэ шүү дээ. Р.Доржпалам найруулагч театрт Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл”-ийг  тавих гэтэл Луйзад тоглох хүн байдаггүй гэнэ. Тэгээд Цээнямбуу эгчийг авчирч байсан гэдэг. Анхны тоглосон дүрээрээ  алдаршсан хүн Нямбуу эгч л байх шүү. Монголын театрын түүхэнд дөрөвхөн хүн Луйзад тоглосон байдаг юм. Хамгийн эхнийх нь Нямбуу эгч, тэгээд Мэндбаяр бид хоёр. Харин сүүлд нь Г.Урнаа тоглосон. Цээнямбуу эгч, Д.Мэндбаяр хоёр сонгодог жүжигт тоглосноороо биднээс хамаагүй илүү.  Намайг сонгодог жүжигт тоглоход хамгийн их нөлөөлсөн хүн нь Д.Мэндбаяр. Надад олон сайхан дүрээ дублердэж өгсөн. “Отелло”-г 19 78 онд сэргээхэд тоглосон анхны Дездемон нь би юм.  Тэгэхэд Мэндбаяраас их зүйл сурсан. Мэндээ сонгодог дүрд тоглоод сурчихсан байсан, тиймээс надад сонгодогт гарахдаа иймэрхүү янзаар бие авч явж, ийм юмыг баримталж, үгийг илүү дутуу юмгүйгээр хэлдэг гэдгийг заасан нэг үгээр багш минь. Бүр хувцсаа өмсүүлээд тайзан дээр хараад чи тэнд нь буруу хэлчихлээ, ингэчихлээ гээд. Энэ бол жүжигчний нэг сайхан чанар. Дублёроо гаргадаггүй, хувцсаа өгөх байтугай, хэлж заадаггүй хүн ч байдаг. Тийм хүнтэй таарахад нэг сайн тал бий. Цаад хүн нь өрсөж тэмцэж гардаг. Ц.Гантөмөр ах, Г.Гомбосүрэн гуай хоёр “Отелло”-д өрсөлдөж байсныг би мэднэ.  Гэхдээ тэд хэн хэн нь өөр өөрийн Отеллог урласан. Эхлээд Г.Гомбосүрэн гуай тоглоод үзэгчдийн сэтгэлд мөнхөлчихсөн хүн. Сүүлд нь Ганаа ах тоглосон. Бид зрительд суучихаад Гомбосүрэн гуай хоолойгоо засахаар Ганаа ах сандраад эхлэхийг харж л суулаа. Ганаа ах их хяналттай жүжигчин. Хаана хэн яахнь нь вэ гээд нүд нь бүлтэгнээд л хараад байдаг юм.

ТЕАТР БИДНИЙГ ХҮН БОЛГОСОН ЮМ

Одоог бодвол их дэгтэй, театр оволзсон их ажилтай завгүй байж. Зарим үед ямар өдөр болоод өнгөрснийг бүү мэд өнгөрдөгсөн. Өглөө ирэнгүүт улс төрийн сонсголтой. Хүүхдүүдээ цэцэрлэг, яслид нь санд мэнд хүргэж өгчихөөд гүйхээрээ ирнэ, тэгээд л жүжгийн сургууль, мягмар, лхагваас бусад орой болгон тоглолтой. Тоглолтоо тарчихаад гарахад харанхуй болчихсон байна. Тэр үеийн жүжигчид бүгд нийгмийн их идэвхтэй байж. Социалист уралдаанд үүрэг амлалт авна, түрүүлсэн хүн нь нэр хүндтэй. Би дөрвөн жил дараалан социалист уралдаанд түрүүлж байлаа. Жүжигчид бараг бүгд ямар нэг олон нийтийн байгууллагын сонгуультай. Үйлдвэрчний хороо, эвлэл, эмэгтэйчүүд, хянан шалгах, нам, батлан хамгаалахад туслах, Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг, биеийн тамир, улаан загалмай гээд хүн болгон нэг нэг дарга. Биеийн тамир, Батлан хамгаалахын дарга нь С.Дамдин ах. Тэгээд батлан хамгаалахын болзол хангуулна гээд уралдаан тэмцээн зохион байгуулна. Д.Оюунцэцэг бид хоёр лав нэг жилийнх нь буудлагад түрүүлж байв. Ер нь бол Э.Оюун багш театрт байхдаа биднийг юм хийж сур гэдэг байлаа. Э.Оюун багш өөрөө нийгмийн зүтгэлтэн болохоор биднийг нийгэмшүүлж чадсан. Театр биднийг хүн болгосон юм.

Н.САРАНГЭРЭЛ

Эх сурвалж: "Өдрийн шуудан"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж