Спортынхон шинэ яамтай болсноос хойш хамгийн их ярьсан асуудал бол үндэсний шигшээ баг байгуулах явдал байлаа. Тэгвэл уг багийг байгуулах журмыг Спортын бэлтгэлийн төвийн шигшээ багийн албанаас албан ёсоор танилцуулав. Хэдийгээр энэхүү ажил удаашралтай үргэлжилж байгаа ч нэлээд нарийн шалгуураар шигшээ багийг байгуулж байгааг холбогдох албаныхан дуулгаж байна. Энэ жилийн хувьд өвөл, зуны олон парагийн нийт 14 төрлөөр 135 хүний бүрэлдэхүүнтэй шигшээ баг байгуулах журам гаргажээ. Онцлог нь гэвэл сүүлийн жилүүдэд амжилт нь эрс дээшилж байгаа шатар, таэквондогоор Монгол Улс анх удаа шигшээ багтай болж байгаа юм. Шигшээ багт ажиллах хүсэлтэй дасгалжуулагч нарын материалыг маргааш авч дуусах бөгөөд ирэх сарын 10-нд сонгон шалгаруулалтаа хийхээр товлосон байна. Өнгөрсөн жил шигшээ багийн тамирчдын дундаж цалин 250 мянган төгрөг байсан. Үүнийг нэмж дундаж нь 300-350 мянган төгрөг болгохоор болжээ. Энэ удаагийн шигшээ баг байгуулах журмыг Хууль зүйн яамаар баталгаажсан гэдгийг албаныхан онцолж байгаа юм. Монголд багийн спорт Ази болон дэлхин хэмжээнд хүрэх арай болоогүй гэж хүн бүр ярьдаг. Тэгвэл яг ийм шалтгаанаар үндэсний шигшээ багт багийн спорт буюу спорт тоглоомын төрөл багтсангүй. Дашрамд сонирхуулахад, шигшээ багийн нийт тамирчдын 60 орчим хувийг топ төрлийн спортууд эзлэх бололтой.
Зохиогчийн эрх: “СПОРТЫН ШУУДАН”