“Хүч” спорт хороо шилдгүүдээ нэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

“Хүч” спорт хороо шилдгүүдээ нэрлэлээ

Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Хүч” спорт хороо өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж, шилдгүүдээ нэрлэжээ. Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг Монголын Бүх ард түмний спортын их наадамд амжилттай оролцсон “Хүч” спортын хорооны шилдэг тамирчнаар хүндийг өргөлтийн тамирчин Э.Мөнхдөл шалгарсан бол 2012 оны шилдэг цагдаа тамирчнаар боксын ОУХМ Б.Түвшинбат тодорсон байна. Шилдгүүдийг “Хүч” спорт хорооны дарга, цагдаагийн хошууч Б.Пагва өчигдөр хүлээн авч, шагналыг нь гардууллаа.

Улиран одож буй 2012 он “Хүч”-ийнхний хувьд амжилт дагуулсан он жил байлаа. Лондонгийн олимпийн талбарт өрсөлдсөн Монголын тамирчдаас хамгийн түрүүлж, олимпийн эрхээ авч, Лондонгийн замд уралдсан Гавьяат тамирчин Б.Сэр-Од, жүдо бөхийн ОУХМ С.Мияарагчаа, Ц.Мөнхзаяа, М.Бундмаа, чөлөөтийн шигшээ багийн тамирчин О.Бурмаа, О.Насанбурмаа, боксын Б.Түвшинбат гээд олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд Монголын нэрийг дуудуулсан тамирчид “Хүч”-ээр овоглодог. “Хүч” спорт хорооны хувьд спортын шилдэг тамирчдыг бэлтгэхээс гадна тэднээс үлгэр дуурайл авч, тэдний жишгээр ЦЕГ-ын бие бүрэлдэхүүнийг мэргэжлийн төвшинд хүргэхээр ажиллаж буй юм байна. Энэ хүрээнд ЦЕГ болон тус газрын харьяа “Хүч” спорт хорооноос ирэх онд спорт цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.

Т.МАША

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж