Энэ талаар “Ногоон шугам” ТББ-ын тэргүүн З.Ганбаатартай ярилцлаа.
-Танай төрийн бус байгууллага агаарын бохирдолтой тэмцэх талаар ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манай ТББ одооноос гурван жилийн өмнөөс утаанаас хамгаалах амны хаалтыг Улаанбаатар хотын захиргаа, Цэвэр агаар сан, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтраад сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хороодоор тарааж эхэлсэн юм. Энэ хугацаанд 44 мянган амны хаалт тараасан. Хүмүүс утаатай байна гээд л хамар амаа таглачихаад яваад байдаг. Гэтэл бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнууд амьсгалын замын эрхтэн, ер нь бие мах бодь нь маш эмзэг байдаг хүмүүсийн хувьд бүр ч их хөнөөлтэй. Тиймээс зориулалтын амны хаалт зүүгээд сурчихвал хорт утаанаас өөрийгөө хамгаалаад байж болно. Ер нь дан ганц утаанаас бус, тоосны гаралтай өвчин, агаар дуслын замаар халддаг элдэв төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Энэ чиглэлээр бид ажиллаж байна даа.
-Энэ амны хаалтыг хэдэн төгрөгийн үнэтэйгээр худалддаг вэ. Юугаараа бусад амны хаалтнаас ялгаатай юм. Энэ нь үнэхээр хамгаалалт болж чадах болов уу?
-Бид төрийн бус байгууллагыг ашгийн төлөө бусаар хүн амынхаа эрүүл мэндийг бага боловч хамгаалахыг зорьсон, санаа нэгтэй хүмүүсийн хамтаар ажиллуулж байна. Тийм болохоор элдэв халдварт өвчин, утаанаас хамгаалах маскыг оруулж ирж, үнэ төлбөргүй тарааж байна. Энэ маскны тухайд Америкийн нано технологиор БНСУ-д үйлдвэрлэсэн бөгөөд нарийн ширхэгтэй шороо, утаа, халдварт өвчнөөс 99 хувиар хамгаалах чадвартай юм. Үүнийг гэрчилсэн олон улсын стандартын бичиг баримт нь ч бий. Амны хаалтыг Монголын цаг уур, ялангуяа одооны агаарын бохирдлын үед гадуур явахдаа зүүх тохиромжтой ба дээд тал нь хоёр өдөр зүүх боломжтой.
-Гурван жилийн өмнөөс уг амны хаалтыг тараасан гэж байна. Үр дүн нь хэр байгаа вэ?
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн багачууд, өрхийнхөө эмнэлэгт хяналтанд байдаг жирэмсэн эхчүүдэд амны хаалтыг тараасан байгаа. Ингээд долоон хоног зүүгээд үзэхэд, шууд нөлөөлж эхэлсэн тухай бидэнд мэдэгдсэн. Ханиаднаас салдаггүй хүүхэд гэхэд дөнгөж эдгэрээд энэ маскыг зүүгээд ханиад ахиж хүрээгүй байна. Учир нь амьсгалын замын эрхтэнд очих ёстой цэвэр агаарын оронд утаагаар амьсгалаад байгааг л дундаас нь шүүж өгч байгаа гэсэн үг шүү дээ. Үр дүнгээ бид албан ёсоор нь судлаад явдаг. Ингэхдээ амны хаалт хэрэглэсэн хүүхдүүдийн эцэг эхтэй сургуулиар нь дамжуулаад харилцдаг. Хүүхдийн аав ээж нь бидэнд цаасаар үр дүнгийнхээ тухай бичээд явуулдаг. Жирэмсэн эхчүүд гэхэд өрхийнхөө эмнэлэгт байнга хяналтанд байдаг учраас өрхийнх нь эмнэлгээр дамжуулж үр дүнг нь мэддэг. Түүнчлэн бидний зүгээс амны хаалтыг шинжлүүлэхээр Мэргэжлийн хяналтыг ерөнхий газарт хоёр ч удаа хандахад ийм шалгалт хийхэд лаборатори хангалтгүй байна гээд хүлээж аваагүй. Тэгээд БНСУ руу шинжилгээнд явуулсан. Шинжилгээгээр Монголын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хор хохиролтой нь батлагдаж, амны хаалт үр дүнтэй гэж үзсэн байгаа.
-Миний хувьд утаа, халдварт өвчнөөс 99 хувь хамгаалдаг амны хаалт тарааж байна гэж ер сонсож байгаагүй юм байна. Энэ үйл ажиллагаа цаашдаа үргэлжлэх үү?
-Үргэлжлээд л явах хэрэгтэй байна. Гэтэл ашгийн төлөө бус байгууллага цаашдаа амны хаалтыг үнэгүй тараагаад явахад хүндрэлтэй. Хэн бүхэн л мэднэ шүү дээ. Одоо ер нь энэ агаарын бохирдолтой тэмцэхээс гадна хүмүүсийн зан үйлийг цэгцлэхийг төрийн хэмжээнд анхаарах болсон байна. Маск гэхэд маш жижигхэн асуудал шиг сонсогддог. Гэтэл амны хаалтаар хүрч болзошгүй өвчнөөс сэргийлж болно шүү дээ. Ингэхдээ маш амар хялбар аргаар. Бидний хувьд өмнөх жилүүдэд хотын удирдлагуудтай хамтарсан. Гэтэл одоо Шинэчлэлийн Засгийн газар гээд бүх л газрууд өөрчлөгдөж байна. Эргээд хамтраад ажиллахад хүндрэлтэй болчихож. Энэ асуудлыг л шийдэхийн тулд үргэлжлүүлээд ажиллавал зүгээр юм сан.
-Хүмүүсийн эрүүл ахуйн зан үйлийг өөрчлөхөд таны бодлоор яг ямар ажлыг хийх нь оновчтой вэ?
-Эрүүл мэндийн хүрээлэн гээд газар байна. Миний хувд энэ нь улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй, уг нь том газар байх ёстой. Гэтэл энэ хүрээлэн зөвхөн судалгааны л ажил хийж байгаад шүүмжлэлтэй ханддаг.
Хүрээлэнгээс хүн амын эрүүл мэндийн төлөөх тодорхой ажлыг хийх хэрэгтэй. Энэ тал дээр ч юм уу, аливаа байгууллагуудын хамтын ажиллагааг хангах хэрэгтэй байна. Одоогоор бидэнд сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгүүдээс амны хаалт авах гэсэн нийт 100 мянга гаруй хүсэлт ирсэн байна. Энэ том ажлыг хийхэд дан ганц төрийн байгууллага хүчрэхгүй шүү дээ. Энэ асуудалд төрийн зохицуулалттайгаар хандаад явбал амьсгалын замын өвчнөөс сэргийлэх боломжтой юм.