“Оюутолгой”-н санхүүжилт яагаад өсөв?

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н санхүүжилт яагаад өсөв?

Оюутолгойн зэс баяжуулах үйлдвэрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж байна.

Жилд 425,000 тонн зэс, 460,000 унци алт экспорлох хүчин чадал бүхий Оюутолгойн зэс баяжуулах үйлдвэр дэлхийн хамгийн том таван зэсийн үйлдвэр болж, манай улсын эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бид хүлээж байгаа нь мэдээж.

Хоёр хоногийн өмнө "Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ хуралдаж, “Оюутолгой” компанийн ирэх оны төсвийг баталсан байгаа. ТУЗ-д Монголын Засгийн газрыг төлөөлж буй гурван гишүүн нэмэлт асуулга шаардлагатай хэмээн хүсэлт гаргасан мэдээлэл мөн байгаа бөгөөд тэд хөрөнгө оруулалтын хэмжээ яагаад өссөн тухай тайлбар хүссэн аж. Тодруулбал, ТУЗ-д Монголын талыг төлөөлдөг П.Цагаан, Н.Багабанди, Г.Батсүх болон Ч.Ганболд нар техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д тусгасан хөрөнгө оруулалтын хэмжээ яагаад нэмэгдсэнийг тайлбарлахыг Оюутолгойд мэдэгджээ. Мөн ТЭЗҮ-г шинэчилж танилцуулах хэрэгтэй гэж үзсэн байна.

Анх төсөлд 4,7 тэрбум доллар зарцуулахаар гэрээнд тусгасан ч одоогоор 6,5 тэрбум ам.доллар болоод буй. Ийн хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д тусгаснаас тодорхой хувиар өссөнөөр Монголд орох татварын орлого буурна. Нөгөө талаар ил тод уул уурхайн зарчмыг мөрдөхгүй байгаа гэсэн үг болохыг Уул уурхайн яам өчигдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ илэрхийлсэн байгаа. Ямартай ч "Хэрвээ үнийн өсөлттэй холбоотойгоор хөрөнгө оруулалт өссөн бол шалтгаан, үндэслэлээ танилцуулах нь үүрэг" гэж Монголын тал үзэж байна. Гэхдээ энэ асуудалд ямар хариулт өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд ирэх баасан гаригт дахин хуралдах ТУЗ-аар ярилцана хэмээн хүлээж байна.  Гэхдээ Монголын талын ТУЗ-ын гишүүд болон Уул уурхайн яамнаас "Зардал өссөн шалтгааныг ойрын үед тайлбарлах нь зүйтэй" гэдэг байр суурин дээрээ хатуу зогсч байгааг онцлох хэрэгтэй. Ер нь бол “Оюутолгой” ХХК-ийн Удирдах зөвлөлийн монгол гишүүд өнгөрсөн хоёр жилийн турш зардал нэмэгдэх бүрт гэрээнд заасан заалт зөрчигдөж байгааг хөндөж ирсэн гэдгээ онцолж байгаа юм.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж