Оросууд “Gangnam Style” архи үйлдвэрлэх үү?

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

Оросууд “Gangnam Style” архи үйлдвэрлэх үү?

“Psy” хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Өмнөд Солонгосын дуучин, дуу зохиогч, Пак Чэ Сан өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр “Gangnam Style” нэртэй, содон хэв маяг бүхий цоглог хэмнэлтэй дуу гаргаснаар дэлхий дахинаа ихээхэн шуугиан тарьж, алдаршсан. Дуучин “Psy”-ийн “Gangnam Style” дуу гараад удаагүй байхдаа “YouTube” сайтад дээд амжилт тогтоон, Геннисийн номонд хүртэл бүртгэгдсэн бол өдгөө энэхүү дуу тус сайтад нэг тэрбум гаруй удаа хандалт авсан бүтээл болоод байна. Үүнийг дагаад “Gangnam Style” дууны нэр ч брэндийн хэмжээнд хүрч, хит дууны нэрээр нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн худалдаалах эрхийг олж авахын төлөө томоохон компаниуд өрсөлдсөөр байна. 

Дуучин Пак Чэ Саны харьяалагддаг Өмнөд Солонгосын дуу бичлэгийн студийн “YG Entertainment Inc” компани өнгөрсөн наймдугаар сард “Gangnam Style” нэрээр тоглоом, хувцас зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхийг олж авсан ч “Gangnam Style” нэрийг ундаа архи, ус зэрэг шингэн бүтээгдэхүүнд ашиглах эрхийг хараахан өөрийн болгоогүй байсан юм. Тиймээс “Woobo International” компани Америкт дууны нэрээр шингэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхийг олж авахаар хүсэлт гаргаад байсан бол ОХУ-ын Екатеринбург хотод орших “City” компанийн зүгээс “Psy”-ийн дууны нэрийг ашиглан ОХУ-д “Oppah, Gangnam Style” нэртэй архи, коктейль, жүүс үйлдвэрлэх эрх олж авахаар Роспатент хуулийн фирмд хандсан байна. Гэвч тус хуулийн фирмийн хуульч Ирина Тулубаявагийн мэдэгдсэнээр “City” компани “Gangnam Style” дууны нэрийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхийг олж авахын тулд дуучин Psy-гаас албан ёсоор зөвшөөрөл авах ёстой гэнэ. Ирина Тулубаява “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа “Хэдийгээр ОХУ-д “Gangnam Style” дууны нэрийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхийг өөр компани аваагүй байгаа боловч “City” компани албан ёсоор Өмнөд Солонгосын дуучин Psy-гаас дууных нь нэрийг ашиглахыг зөвшөөрсөн баримт бичиг авах ёстой. Хэрэв дуучин Psy үүнийг зөвшөөрсөн тохиолдолд тус компани ОХУ-д “Oppah, Gangnam Style” нэртэй шингэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхтэй болно” гэжээ. Мөн энэ тухай тус компанийн менежментийн хамтрагч “Stars & Brands” –ийн мэргэжилтэн Вадим Кормилицин “ОХУ-д “Oppah, Gangnam Style” нэртэй архи үйлдвэрлэлээ гэхэд тус хит дууны адил амжилт олно гэдэг баталгаа байхгүй” хэмээн “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ. “The Legend” медиа агентлагийн захирал Антон  Коробков-Землянски “Хэрвээ дуучин Psy дахин хит дуу гаргаж, алдартай хэвээр байхгүй тохиолдолд ОХУ-д түүний дууны нэрийг ашигласан “Oppah, Gangnam Style” нэртэй бүтээгдэхүүн гаргаад ямар ч амжилт олохгүй. Харин дуучин Psy цаашдаа хоёр, гурван жил энэ хэвээр алдартай хэвээр байвал зөвхөн архи, жүүс төдийгүй бэлэг дурсгалын зүйл хүртэл гаргах хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж