Сонирхуулахад, ирэх 2013 оныг “Монголын балетын хөгжлийн сан”-гаас “Сонгодог бүжгийг олон нийтэд сурталчлан таниулах” зорилготойгоор угтаж ажиллаж байгаа гэнэ. Тэр утгаараа “Winter star-2013” тоглолтын хүрээнд ирэх нэгдүгээр сарын 9-ний өдөр Хөгжим, бүжгийн коллежийн оюутнуудад нэг өдрийн семинар, лекц, дасгалыг зохион байгуулах ажээ. Сургалтад МБХС-гийн тэргүүн, МУГЖ Д.Алтанхуяг, тоглолтын хүндэт зочид болох АНУ-ын “Бостон Балет” компанийн гоцлол бүжигчин Ашли Эллис, Аветик Карапетиан нар оролцоно. Хоёр орны балетын сургалтын ялгаа хийгээд туршлага солилцох, мөн оюутнууд өөрсдийн мэргэжлийн чадварыг харьцуулах зэрэг олон талын ач холбогдолтой сургалт болно гэж зохион байгуулагчид онцолж байна.
Сангийн тэргүүн Д.Алтанхуягийн санаачлагаар өнгөрсөн тоглолтуудыг хүүхэд залуус, ахмад настангуудад хөнгөлөлттэй үнээр үзүүлж, урлагийн байгууллагынханд нэг өдрийн тоглолтоо үнэ төлбөргүй хүргэсэн бол энэ удаагийн “Хунт нуур” тоглолтыг түүний санаачлагаар сонгодог бүжигт ажил амьдралаа зориулсан, энэ урлагт дуртай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх гэнэ шүү.