Гадаад харилцааны сайд Л.Болд Японы Либерал Ардчилсан намын дарга Шинзо Абэ-д Япон Улсын 96 дахь Ерөнхий сайдаар тохоон томилогдсонд нь баяр хүргэлээ. Тэрбээр баярын мэндчилгээндээ, “Өнгөрсөн 10 дугаар сард Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газрын Гадаад харилцааны сайдын анхны айлчлалыг Япон Улсаас эхлүүлж Тантай уулзаж, билэгтэй сайхан ерөөл тавьсан минь биелсэнд баяртай байна” хэмээгээд Монгол, Японы хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлийн зарчмаар эрчимтэй хөгжүүлэхэд Либераль Ардчилсан нам, түүний тэргүүлсэн Засгийн газруудын хувь нэмэр үнэлж баршгүй өндөр байдагт талархал илэрхийлжээ. Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бол Япон Улстай бүх талын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх явдал юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Тантай үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээн Гадаад харилцааны сайд Л.Болд уламжилжээ.
Дашрамд дурдахад, ноён Шинзо Абэ нь 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг Япон Улсад айлчлах үеэр Монгол, Японы Иж бүрэн түншлэлийг хөгжүүлэх 10 жилийн үндсэн хөтөлбөрийг батлахад Ерөнхий сайдын хувиар гарын үзэг зурж байжээ. Энэхүү харилцаа сүүлийн хоёр жилд Стратегийн түншлэлийн шинэ шатанд шилжин урагшилж буй агаад ирэх онд хоёр орны хооронд Стратегийн түншлэлийг хэрэгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг батлах аж.

Т.МАША