Хариуцлагагүй ажилласан газруудад шаардлага хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

Хариуцлагагүй ажилласан газруудад шаардлага хүргүүлжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Монгол Улсын Дулааны цахилгаан станц, дулааны станцуудын үйл ажиллагаанд шалгалт явуулжээ.

Шалгалтад Улаанбаатар хотын “ДЦС-2”, Дархан Уул аймгийн “ДДЦС”, Орхон аймгийн “ЭДЦС”, Өмнөговь аймгийн “Даланзадгад ДЦС”, , Баян-Өлгий аймгийн “Эрчим” компани, Ховд аймгийн “Бадамлах дөл”, Увс аймгийн “Увс дулааны станц”, Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ, Дорноговь аймгийн “Чандмань Илч” зэрэг есөн аж ахуйн нэгж байгууллагын дөрвөн дулааны цахилгаан станц, таван дулааны станц, Ховд, Увс, Хөвсгөл, Сүхбаатар аймгуудад шинээр баригдаж буй дөрвөн дулааны станц буюу нийт 13 обьектыг хамруулсан байна.

Хяналтыг “Барилга, байгууламжийн ашиглалтыг шалгах”, “Эрчим хүчний үйлдвэрлэл, дулаан дамжуулах, түгээх үйл ажиллагааг шалгах”, “Цахилгаан дамжуулах, түгээх үйл ажиллагааг шалгах”, “Шугам хоолойг шалгах”, “Зуухны үйл ажиллагааг шалгах”, “Даралтат савны үйл ажиллагааг шалгах”,“Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтыг шалгах”, “Шатахуун түгээх станцын үйл ажиллагааг шалгах”, “Ачаа өргөх краныг шалгах”, “Лифтийг шалгах”, “Барилгын өргүүрийг шалгах”, “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтыг шалгах”, “Ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг шалгах”, “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, тээвэрлэх, түгээлтийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах”, “Дулааны цахилгаан станц, хэсгийн халаалттай уурын зуух, нам даралтын зуухны байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах”, “Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг шалгах”, “Эрчим хүч үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч байгууллагын хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах” нийт 17 хяналтын хуудсаар хийж гүйцэтгэсэн аж.

Өмнө нь аймаг, нийслэлийн төвлөрсөн дулааны эх үүсвэрүүдэд улсын хэмжээнд нэгдсэн байдлаар 2011 онд хяналт шалгалт хийж байсан. 2008 онд Мэргэжлийн хяналтын газраас “ДЦС-2”, “Дархан ДЦС” , “Эрдэнэт ДЦС”, 2009 онд “Даланзадгад ДЦС” , 2009-2011 онд “Увс дулааны станц”, Ховд аймгийн “Бадамлах дөл” компанид төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийж байсан удаатай юм. Өмнөх шалгалтаар илэрсэн ашиглалт, аюулгүй ажиллагаа хариуцагчийг тушаалаар томилдоггүй, ашиглалтын зааваргүй, техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй, ашиглах зөвшөөрөлгүй зэрэг зөрчил дутагдлууд уг шалгалтаар 18 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

МХЕГ-аас 2008-2011 онуудад “ДЦС-2”, “Даланзадгад ДЦС”, “Увс дулааны станц”, Ховд аймгийн “Бадамлах дөл” компаниудад өгсөн үүрэг даалгаварын биелэлт 80-89 хувийн хэрэгжилттэй гарсан байна. Шалгалтын явцад “ДЦС-2” компанийг түшиглэн жилд 210 мянган тонн хагас коксон түлш үйлдвэрлэх чадалтай түлшний үйлдвэр барих төслийн хүрээнд станцын БКЗ-75-39ф маягийн К-5 зуухыг хосолмол ажиллагаанд шилжүүлэх өөрчлөлт шинэчлэлтийн ажил, Сүхбаатар аймгийн Баруун Урт хотын дулааны станцын угсралтын ажил, “Дархан ДЦС” ХК нь станцын 35 мВт-ын өргөтгөлийн барилга байгууламжийн угсралтын ажлыг батлагдсан зураг төсөлгүй, МХЕГаас барилга угсралтын ажил эхлэх зөвшөөрөл авалгүйгээр гүйцэтгэж байсныг тогтоожээ.

Мөн “ДЦС-2” компанийн “К-5” зуухны өөрчлөлт, шинэчлэлийн ажил хугацаандаа бүрэн дуусаагүй, хэвийн найдвартай ажиллахгүйгээс станцын цахилгаан, дулааны үйлдвэрлэл, хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсан аж. “Даланзадгад ДЦС”, Ховд аймгийн “Бадамлах дөл”, Увс аймгийн “Увс дулааны станц” компани нь зуух, тоноглол, тоног төхөөрөмжийн засвар, шинэчлэлийн ажлыг цаг хугацаанд хийдэггүй, ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангуулж ажилладаггүйгээс аваарь, саатал, зогсолт байнга гарч хэрэглэгчдийн эрчим хүчний тасралтгүй хэвийн найдвартай ажиллагааг алдагдуулсан байна. “Даланзадгадын ДЦС”, “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ, “Чандмань илч”, “Бадамлах дөл”, “Увс дулааны станц” компаниуд нь зуух, даралтат сав, шугам хоолойн техникийн магадлалыг цаг тухайд нь хийдэггүй, ашиглах зөвшөөрөл авдаггүй байжээ.

Түүнчлэн “Эрдэнэт” ДЦС, “Дархан ДЦС”, “Увс дулааны станц”, Ховд аймгийн “Бадамлах дөл” компаниуд нь Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг тогтоолгож, мөрдөлтийг хангуулаагүй байв. “Даланзадгад ДЦС”, Ховд аймгийн “Бадамлах дөл”, Увс аймгийн “Увс дулааны станц” , Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ууд нь ашиглалтын инженер техникийн ажилтнуудыг шаардлагатай хэмжээгээр бүрдүүлээгүй, орон тоо цөөн, инженер техникийн ажиллагсад зуух, даралтат савны сургалтад хамрагдаж, эрх аваагүй байсныг илрүүлжээ.

Хяналт шалгалтаар илэрсэн дээрх зөрчлүүдээс ДЦС, ДС-ууд нь Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомж, норм дүрэм, стандарт болон бусад эрх зүйн баримт бичгийг бүрэн хэрэгжүүлээгүй, мөрдөж ажиллаагүй, Эрчим хүчний яамнаас эх үүсвэрүүдийг шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх, засвар шинэчлэлийн ажлуудыг хийж гүйцэтгэх талаарх бодлого, түүний хэрэгжилт хангалтгүй, тогтворгүй, удаашралтай байгаа нь харагджээ.

Мөн улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдэд захиалагч Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төвөөс тавьж буй хяналт сул, хариуцлагагүй байгаатай холбоотой аж. Сүхбаатар аймагт шинээр баригдаж буй дулааны станц болон Дарханы дулааны цахилгаан станцын 35 мВт-ын өргөтгөлийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулагдаж магадлал хийгдээгүй, барилга угсралтын ажил эхлэх зөвшөөрөл одоог хүртэл авалгүйгээр дур мэдэн угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа нь захиалагчийн буруутай ажиллагаа бөгөөд “Барилгын тухай” тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалд улсын байцаагчийн 198 заалттай есөн албан шаардлага хүргүүлсэн аж. Мөн үйл ажиллагааг түр зогсоох тухай улсын байцаагчийн хоёр акт, улсын байцаагчийн долоон дүгнэлт гаргажээ. Илэрсэн зөрчил дутагдалд 1232.8 мянган төгрөгийн торгууль ногдуулж,албан тушаалын цалин буруу тогтоосон, нэмэгдэл хөлс дутуу олгосон, ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг ажил олгогч төлөөгүй зэрэг зөрчил дутагдалд 6064.8 төгрөг олгох нөхөн төлбөрийн нэг акт тогтоож нөхөн олгуулсан байна.

Б.ЧАНЦАЛ

Эх сурвалж: "Нийгмийн толь"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж