
Дархан-Уул аймагт зарим байрны хүйтэн усны шугам хөлдөж гэмтэх тохиолдол цөөнгүй гарчээ. Салбар хариуцсан байгууллагууд нь өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангасан ч насжилт өндөртэй инженерийн шугам сүлжээний гэмтэл гарсаар байгаа аж. Иймд гарсан гэмтлийг арилгах аваарын бригадыг ирэх оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд ажиллуулж, гарсан гэмтлийг засварлахаар ажиллаж байгаа гэнэ. Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн бүх сум, Төв аймгийн зургаан сумын аж ахуйн нэгж, айл өрхийг цахилгаанаар хангадаг “Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн хамт олон энэ жил өвөлжилт хүндэрч нийт нутгаар хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байгаа тул энэ сарын 20-ноос эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа хэмээн “Өглөөний сонин” мэдээлсэн байна.
Б.МАРАЛ