Эмнэлгийн хамгийн их ачаалалтай байдаг хүлээн авах тасагт очив. Хонгилынх нь хоёр талын ханаар гадуур хувцас барьж зогссон, мөн царай нь хувхай цайчихсан, зовиуртай хүмүүс эгнэнэ. Түүнчлэн гар, хөлөө гипсдүүлсэн өвчтөнүүд эмчилгээний өрөөнөөс ар, араасаа цуврах аж. Шуурхай хүлээн авахын тасагт дөрвөн эмч өвчтөнүүддээ үйлчилж байна. Үнэндээ тэднийг харахад борив бөхөс хийхгүй ажиллах юм. Үүдэнд бүртгэгч, зөвлөгч хоёр эмчид бэртэж, гэмтсэн өвчтөнүүд дугаарлан зогсоцгооно.
Энэ үеэр “Хальтирч унаад бэртчихлээ” гэсэн Г.Эрдэнэхүү гуайтай уулзлаа.
-Та яаж байгаад гэмтчихэв?
-Эгч нь өнөөдөр /өчигдөр/ өглөөний 08:00 цагийн үед зээ охиноо хичээлд нь хүргэх гэж яваад хальтирч унаад шагайгаа гэмтээчихлээ. Сая бүр явж чадахгүй байсан одоо арай л гайгүй болж байна. Зураг авахуулчихаад эмчид үзүүлэх гэж явна.
-Яг хаана унасан юм бэ?
-97 дугаар сургуулийн хашаан дотор хальтирчихлаа. Уг нь тэр сургуулийн хашаа сүрхий цэвэрхэн байдаг байсан чинь хүүхдүүд гулгаад толигор болгочихсон газар дээр уначихсан. Албан газруудын ойролцоо хальтиргаа арай гайгүй байдаг. Манайх Сансар хороололд байдаг л даа. Их засаг их сургуулийн ойролцоо гэсэн үг. Тэр хавийн нэг хэцүү нь гэр хорооллын айлууд бохир усаа хашааныхаа гадна асгачихдаг. Мэдээж хэрэг явган хүн яарч, сандарсан үед тэрэн дээр нь хальтирч унана. Би гэхэд өчигдөр дэлгүүр орчихоод явж байгаад уначихсан. Харамсалтай нь айлуудад нь хэлэхээр хороондоо хэл гэдэг. Тэгэхээр нь би Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны удирдлагуудад хэлсэн. Ядаж байхад тэднээс олигтой хариу хэлээгүй. Ер нь зам, талбай, гэр хорооллын хөлдсөн угаазсан дээр хальтирч унаад бэртчихээр хариуцах хүн гэж ер байдаггүй юм байна. Үүн дээр төр засаг жаахан анхаармаар байна.
Түүнтэй ярилцаж байтал эмч “Таны юу гэмтчихэв. Зургаа үзүүлээрэй” хэмээн дуудав. Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн их эмч Т.Золжаргал “Таны шагай азаар ясандаа гэмтэл аваагүй байна. Харин зөөлөн эд, холбоосон гэмтэл үүссэн бололтой. Тиймээс гипс тавиулаад, хөдөлгөөнөө хязгаарлах хэрэгтэй. Мөн физик эмчилгээ шарлага хийлгэвэл их сайн. Гипсээ тавиулчихаад эргэж ирж надаас зөвлөгөө аваарай. Зүүн талд хоёр номерын боолтын өрөө бий” гэв. Гэмтэл авсан өвчтөн эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй бол гипс, зураг авахуулахад ямар нэгэн төлбөр төлдөггүй аж. Мөн тухайн өвчтөн 24 цагийн дотор тус эмнэлэгт ирж үзүүлбэл ямар ч үнэ төлбөргүй гэдгийг дээрх эмч хэлж байсан юм. Гэхдээ эмч нарын хэлж байсан нэг зүйл нь өвчтөнүүд гипсээ хугацаанаас нь өмнө авчихдгаас болж бэртэл нь сэдэрч дахин эмнэлэгт ирэх тохиолдол маш их байгааг хэлсэн. Өвчтөний хугарал, бэртэлд тавьсан гипсийг хугарал, насны онцлогоос хамаараад 14-өөс дээш хоног байлгадаг аж.
Т.Золжаргал эмчээс хоногт хальтирч бэртсэн хэчнээн өвчтөн ирж байгааг лавлахад “Хальтиргаанаас болж бэртэж байгаа хүмүүсийн тоо цас орсноос хойш маш их болсон. Нэг үе манай эмнэлэгт ирж буй хүмүүсийн бараг 80 хувь нь ийм төрлийн шалтгаанаас гэмтэж ирдэг байлаа. Өнөөдрийн үд гэхэд явганаар явж байгаад бэртсэн 10, авто ослын хальтиргаанаас үүдсэн таван хүн өдрийн 12 цагийн байдлаар эмчилгээ хийлгэж байгаа. Орой тийш нэлээд нэмэгдэнэ. Ер нь хоногт гэмтэж, бэртсэн 250-300 хүн ирж байгаагийн 60 орчим хувийг гулгаанаас үүдэлтэй бэртэл эзэлж байна” хэмээв. Тэгэхээр Гэмтэл согог, судлалын үндэсний төвд зөвхөн хальтиргаанаас үүдэлтэй өвчтөн хоногт 170-аараа бараг тогтмол ирдэг гэсэн үг. Өвчтөнүүдийн ихэнх бэртэл тархи нь хөдөлсөн, гарынх нь тохой, шууны яс цуурсан, мөн хөлний шагай нь мултарч, зөөлөн эд нь гэмтсэн зэрэг бэртлүүд элбэг байдаг аж.
Өвчтөнүүд эмчид ийн дараалж байтал миний хажуухан талд 60 гаруй насны нэг эмээ тэргэн дээр түрүүлсээр ирлээ. Юу нь гэмтсэн талаар асуутал тэргийг нь түрж явсан ач охин нь “Эмээ маань дэлгүүр орж яваад хальтираад уначихжээ. Манайх хорооллын арын дэнжид байдаг юм. Зураг нь их эвгүй харагдаад байна. Хөл нь хугарчихсан бололтой. Хэрэв тэгсэн бол яана. Ядаж байхад эмээ маань ясны сийрэгжилттэй учраас удаан эдгэрэх байх даа” хэмээн эмээгээ аашлан эмч дээр очив.
Гэмтэл согог, судлалын үндэсний төв ийнхүү гулгаанаас үүдэлтэй бэртсэн өвчтөнүүдэд дарагджээ.
Түүнчлэн албан байгууллагуудын гадна талбайд маш их хальтиргаа байгааг хотын иргэн бүр нүдээрээ харж буй. Уг нь нийслэлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна тохижилт, цас цэвэрлэгээ, орчны хог хаягдал, хог цэвэрлэгээг сайжруулах зорилгоор 2009 онд НИТХ-аар “Хот тохижилт цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ыг баталсан. Тэр журам өнөөдрийг хүртэл олигтой хэрэгжсэн юм байхгүй. Гэхдээ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд НИТХ-ын тэргүүлэгчид энэ журмыг дахин авч хэлэлцээд “Байгууллага аж ахуйн нэгжийн хүлээлгэх хариуцлага” гэдэг заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан юм билээ. Энэ нь юу вэ гэхээр тухайн байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн баталгаажсан газар дээрх xoгoо цэвэрлэхгүй, орчноо бохирдуулах цасаа цэвэрлэхгүй, хальтиргаа гулгаа үүсгэсэн нөхцөлд тухайн байгууллагын газар эзэмших эрхийг нь цуцална гэсэн өөрчлөлт оруулсан юм байна.Тэгвэл энэ дүрэм, журам үйлчилж байна уу гэвэл үгүй. Хальтирч унаж бэртсэн хүмүүс хохирлоо хэнээс барагдуулахаа ч мэдэхгүй байна. Харин тэдний хохирлыг өнөөдөр ганц эмнэлэг барагдуулсан хэвээр…
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин