Он гарсаар Дарханд, Хангай зочид буудалд гээд газ дэлбэрсэн хэрэг их гарлаа. Тиймээс Онцгой байдлын Ерөнхий газраас иргэдийг ахуйн хэрэглээндээ хий /газ/ ашиглах бол аюулгүй ажиллагааны зааварчилгаа мөрдөхийг анхааруулсаар байгаа юм. Гэтэл өчигдөр мөн газ дэлбэрч, нэг хүн хүнд гэмтсэн хэрэг гарлаа. Тодруулбал, “Тэнгис” кино театрын автобусны буудлын урд байрлах сонин зарах цэгт гарсан байна. Сонин зарах цэгийн эзэн өрөөгөө дулаацуулах гэж хий /газ/ ашиглатал гэнэт дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас сонин зардаг цэгийн эзэн нүүр гар хэсэгтээ түлэгдэж, хүнд гэмтэн, ГССҮТ-д хүргэгдсэн байна. Хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Ослын шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж байгаа” гэв.
Б.ЧИМЭГ
Эх сурвалж: www.24tsag.mn