Үндэсний супер лигийн тэмцээн нь олон улсын топ лигүүдийн төвшинд болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна. Тухайлбал, шагналын сан өндөр, түрүүлсэн баг 40 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэхийн хамт аваргын алтан бөгж, үнэ бүхий зүйлсийн эзэн болно. Харин дэд байрт шалгарсан баг 20 сая, хүрэл медалийг 10 сая төгрөг дагалдана. Түүнчлэн тэмцээний тасалбарын хураамж болон хожлын мөнгөнөөс олсон орлогыг багуудад хуваарилах болсон нь шинэлэг зүйл юм. Үүнээс гадна уламжлал ёсоор гарааны шилдэг таван тоглогч, шилдэг зургаа дахь тоглогчийг нэрлэхийн сацуу улирлын MVP болон плей-оффын MVP-г шалгаруулна. Шилдгүүд бүгд NBA-ын тоглолт үзэх эрхтэй болох юм. Мөн түрүүлсэн багийн дасгалжуулагч Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийг дасгалжуулахаас гадна тухайн багийн 3-5 тоглогч шигшээ багт нэгдэнэ.
Тэмцээний тойргийн тоглолтууд Спортын төв ордонд, харин плей-оффын шатны тоглолтууд Яармагийн дэнж дэх “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох аж. Ингэхдээ плей-оффын шатанд урд хөршөөс мэргэжлийн шүүгч нар Монголд ирж, тэмцээнийг шүүх юм байна. Бас нэг онцлог нь тэмцээний үеэрх тамирчдын статистикийг албан ёсоор нарийвчлалтай гаргаж, тухайн тамирчны статистик түүхийг бүтээх гэнэ.
Үндэсний супер лигийн тэмцээн гадны легионер тоглогчдод ч нээлттэй бөгөөд хоёрдугаар тойргоос эхлэн гадны тоглогчид Монголд ирж, багтайгаа нэгдэх юм байна.