О.Баасанхүү: Э.Батшугар УИХ-д ирэх ёстой

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү: Э.Батшугар УИХ-д ирэх ёстой

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа. 

-УИХ дахь МАН‑ын бүлгийн гишүүд УИХ‑ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд байнгын хороонд харьяалагдах гишүүдийг тоог нэмэх, мөн сайд хариуцсан салбартаа хамааралгүй нэг л байнгын хороонд харьяалагддаг байх төсөл санаачлахаа мэдэгдлээ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд парламент байгуулагдсан даруй УИХ-ын анхдугаар чуулганыг зарлан хуралдуулахаар заасан байдаг. Түүгээр УИХ-ын дарга, байнгын хорооны дарга, гишүүдийг сонгоод, улмаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ батлаад явдаг. Гэтэл анхдугаар чуулганы утга агуулгыг алдуулах гэж байгаа юм шиг хэзээ хойно хууль санаачлах нэрийн дор хууль засна гэдэг утгагүй шүү дээ.  Маш буруу алхам. Анхдугаар чуулганы үед энэ намын гишүүд юу хийж байсан юм. Ер нь тэгээд МАН‑ын гишүүдийг бүлэгтэй болгох хуулийн төсөл УИХ‑д орж ирэхэд би “Хууль буцаан хэрэглэгддэггүй юм”  гэж маш тодорхой хэлсэн. Тэгэхэд гишүүд “Хууль буцаан хэрэглэж байгаа хэрэг биш. Харин хууль батлангуут анх удаа бүлгээ батлуулж байгаа юм. Анхдугаар чуулганы үед батлагдсан бүлэг биш, дундаас нь байгуулагдсан бүлэг гэж ойлгох хэрэгтэй” гэж тайлбарласан. Гэтэл МАН‑ынхан одоо л УИХ‑д орж ирж байгаа юм шиг улс төр хийх юм. Ер нь энэ парламентад нэг жишиг тогтоомоор байна. Ямар үед хуулийг шинээр батлах, ямар тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой вэ гэдгийг тогтоох явдал чухал байна. УИХ-ын дэргэд Судалгааны төв гэж байдаг. Тэндээс энэ асуудалд дүгнэлт өгч байхгүй бол “Өмнөх хууль болохгүй байна” гээд нэг нь сольдог түүнийг нь дахиад өөр нэг нь сонгогдож гарч ирээд солих нь төрд итгэх итгэлийг алдагдуулж байна. Тийм учраас УИХ-ын дэгийн хуулийг өөрчлөх тухай ярих нь утгагүй асуудал, үнэндээ долоо хоногийн шахам энэ хуулийг УИХ-аас батлаа биздээ.

-Үндэслэлүүдийг нь сонсохоор бас ч гэж эргэж хармаар юм байсан. Өнөөдөр ихэнх сайд өөрийн харьяалдаг салбартайгаа холбогдох байнгын хороонд харьяалагдаж байна. Ажлын ачааллын хувьд бас их төвөгтэй л байгаа?

-Энэ чинь Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны гай шүү дээ. Уг нь Үндсэн хуулиндаа УИХ‑ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хийхгүй гээд тусгаад өгчих ёстой байсан. Ийм заалт оруулаагүйгээс гажуудал үүссэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүний нэг хөл нь яаман дээр, нөгөө хөл нь УИХ дээр тэгээд хоёр сандал дээр сандайлж суучихаад байна. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага учраас Засгийн газраа хянах ёстой.

-УИХ‑ын гишүүн болсныхоо дараа намаа солих үзэгдэл газар авах нь. Намын листээр сонгогдсон УИХ‑ын гишүүдийн асуудлыг хуульчлах шаардлагатай байна гэж  цөөнхийн бүлэг үзэх боллоо. Та МАХН-аас намын листээр УИХ-д сонгогдсон?

‑Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16-р зүйлийн 10‑т Улстөрийн нам, эвсэлд эвлэлдэн нэгдсэнийх нь төлөө тухайн хүнийг гишүүн болсных нь хувьд  ялгаварлахгүй байх ёстой гэж заасан. Монгол Улс олон намын тогтолцоотой. Хүн өөрийн үзэл бодолтой. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг ардчилал олгосон. Тийм болохоор сонголтоо хийсэн гишүүнийг хүндэтгэх ёстой.

-Гэхдээ сонгуульд нэр дэвшиж УИХ-д орж ирснийхээ дараа намаа солих нь ёс зүйгүй асуудал биш үү?

-Энэ бол ёс зүйн асуудал. Ёс зүйг хуульчлах боломжгүй харин журамлаж болно. Яагаад гэвэл хүний юу бодож байгааг хэн ч мэдэхгүй. Тийм учраас сонгогч сонголтоо хийхдээ сайн бодож, сонгох ёстой. Д.Арвин гишүүн намаа сольсны тухайд бол анх удаа болж байгаа процесс биш. Симба Батаа, Ц.Шинэбаяраас эхлээд олон л хүн намаа сольж байсан. Ер нь тэгээд энэ асуудлыг хуульчилна гэвэл Монгол ардчилалгүй болно л гэсэн үг.

‑Парламентад авсан суудлын харьцаа ойролцоо нөхцөлд зөвхөн Ардчилсан нам гэхгүйгээр бусад нам ч гишүүн урвуулах ажлыг хийвэл эргээд энэ нь Засгийн газрыг чадамжгүй болгох зүйл рүү явуулах талтайг улстөрчид анхааруулж байна?
-Одоогийн нөхцөлд бол аль ч нам дангаараа Засаг барих боломжгүй. Эвслийн гэрээ задрах юм бол энэ засаг автоматаар унана. Ардчилсан намынхны хувьд парламент дахь ирцээ л бүрдүүлэх зорилготойгоор 39-д хүргэх гээд байгаа болохоос биш Засаг барихдаа гол нь биш болов уу, тэр тусмаа Засгийг дангаараа барих гэж улайрч байна гэж би харахгүй байна.

-МАХН‑МҮАН‑ын “Шударга ёс” эвслийн 11 дэх гишүүнээр  Ц.Оюунбаатарыг УИХ‑д оруулж ирж, тангараг өргүүлнэ.  Дараа нь Ардчилсан намд гишүүнээр элсүүлнэ гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Энэ талаар танд дуулсан юм байна уу?

– Ц.Оюунбаатар Ардчилсан намд орно гэж хэн хэлсэн юм. Тэгээд ч Д.Арвин, Ц.Оюунбаатар хоёр ялгаатай, өөр хүмүүс. Тэр тусмаа Ц.Оюунбаатарыг УИХ-д орж ирнэ гэдэг дээр миний байр суурь эсрэг байна.

‑Яагаад, Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ‑ын даргад түүний нэрийг өргөн мэдүүлчихсэн шүү дээ?

‑Яагаад гэвэл би хуулиа барьж ярьж байна. Манайхаар бол Ц.Оюунбаатар биш, Э.Батшугар орж ирэх ёстой юм. Э.Батшугарыг хэн болиулсан бэ гэхээр хов живийн гэдэг шиг Сүхбаатар дүүргийн Цэргийн штабын нөхөр цэргийн алба хаагаагүй гэж үзсэн. Хуулиа харах юм бол цэргийн үүргээ биелүүлээгүй бол гэж байгаа болохоос биш хаагаагүй бол биш. Э.Батшугар бол цэргийн үүргээ биелүүлсэн байхгүй юу. Бүртгүүлээд үнэмлэхээ үзүүлээд, дараа нь эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан. Ийм учраас дээд шатны буюу Батлан хамгаалах яаманд хандахад “Тийм ээ, энэ хүн цэргийн үүргээ бүрэн биелүүлсэн байна. Сүхбаатар дүүргийн штабын шийдвэр хууль бус байна” гэж үзсэн. Тэгэхээр одоо зөвтгөж болдоггүй юм уу. Асуудлын гол нь сонгогчид МАХН‑д саналаа өгсөн, манай намынхан дотроо хуралдаад энэ долоо дотор хэн байх вэ гэдэг жагсаалтаа хуулийн дагуу гаргасан байсан. Нэгдэх хүнийг н.Соёмбо‑Эрдэнэ шүүгч хасуулсан. Энэ хүнийг шоронд хийх гэсэн чинь сонгуульд нэр дэвших нь саад болоод байна гээд Сонгуулийн ерөнхий хороонд бичиг өгсөн. Хуулиа барьдаг бол Сонгуулийн ерөнхий энэ хүсэлтийг хүлээж авахгүй байх бүрэн боломж байсан. Гэвч тэд асуудлыг улстөржүүлээд явчихсан. Э.Батшугарын хувьд ярихад цэргийн байгууллага бол шууд удирдлагатай.  Тийм учраас бид доод тушаалын албан тушаалын бичиг, дээд шатны албан тушаалын бичиг хоёрын аль нь хүчинтэй вэ гэдэг дээр Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг хүлээгээд сууж байна.

Харин би хувьдаа Ц.Оюунбаатар гэдэг хүнийг Ардчилсан намд элсэнэ  гэж бодохгүй байна. Д.Арвин гишүүний хувьд өөр, ойлгомжтой. Улстөрийн хувьд нас нь тэтгэврийн насанд тулчихсан, улстөрийн ирээдүй гэж байхгүй. Өөрийгөө бодох эрх ашиг л бий.

-Тэгвэл Д.Арвин гишүүн намаа өөрчилсөн нь ёс суртахуунтай нь холбоотой алхам байсан гэсэн үг үү?

-Яахав тэр, хүний хувийн асуудал, ёс суртахуунгүй гэж бодохгүй байна. Тэр хүнд бол улстөр чухал юм уу, эсхүл өөрийнх нь хувийн сонголт нь чухал юм уу. Тэгэхдээ нэг их том мундаг сонголт бол биш ээ. Нөгөө талаас нь аваад үзвэл МАН-д хүн тогтохын аргагүй байна шүү дээ, Ардын нам гэдэг чинь М.Энхболд юм уу, Ардын нам гэдэг чинь Ц.Нямдорж юм уу, Ардын нам гэдэг чинь Д.Лүндээжанцан юм уу. Уг нь Ардын нам чинь 190 мянган гишүүнтэй байлаа. Тухайн үед гишүүдийнх нь 80 хувь “Намыг нэрийг сольж болохгүй” гэсэн. Гэтэл гишүүдийнхээ үгийг тоогоогүй. Намын дарга байсан хүнийг нь хэлмэгдүүлж байхад Ардын намынхан одоо болтол дуугүй л байна. Гэтэл М.Энхболд гэдэг хүн УИХ-ын дэд дарга болох гээд явж байна, бид бол маш олон зүйлийг мэднэ. Өрөвдөхөөр улам л өр лүү өшиглөдөг улс даа. Ардын намд гишүүд байх орон зай багасаад л байгаа юм.

-Н.Энхбаяр даргыг нэгдсэн II эмнэлгээс Зайсан дахь хорих 401 дүгээр ангид шилжүүлсэнээс хойш та уулзсан уу, бие нь ямар байгаа бол?

-Бие бол төвөгтэй байгаа шүү дээ, би утсаар холбогдсон. Нэгдсэн II эмнэлэгт эмчлүүлж байхад Зайсан дахь хорих 401 дүгээр анги руу авч явсан нэг юмыг би их гайхаж байгаа. Энэ хүн эмнэлэгт байсан уу байсан. Гэтэл Улсын дээд шүүхээс бичиг гарсан даруй л Тусгайгийнхан очиж, Н.Энхбаяр даргыг аваад явчихлаа. Монгол Улсын Үндсэн Үндсэн хуулийг хүнлэг, энэрэнгүй, ардчилсан байя гэсэн утгаар бичсэн. Хүмүүнлэг  ёсоо бодох юм бол эмч тэр хүнийг эмчилж байна, энэрэнгүй ёсоо бодох юм бол эмчээс нь өвчтөнийг булаагаад авч явж болохгүй. Ядаж эмчээс нь асуугаад авч явах ёстой. Гэтэл одоо хоёрдугаар эмнэлгийн эмч нарыг хүрч ирээд энэ хүнд эмчилгээ хийгээч ээ гэж гуйгаад байгаа юм билээ. Нэгдсэн II эмнэлгийн эмч нар “Та нар нэгэнтээ аваад явсан шүү дээ” гэж хэлж байгаа гэсэн. “Сэрэлт” кинон дээр гардаг шиг л “Мам” нь аваад явчихсан байхгүй юу. Ийм л байдалд орчихоод байна.

-Шилжүүлэх үйл ажиллагаа хэний шийдвэрээр явагдсан юм бол?

-Өмнө нь манай намынхан Ц.Нямдоржийн даалгавраар 600 цагдаа авч явсан гэж ярьдаг байсан. Гэтэл Ц.Нямдорж нь өөрчлөгдчихсөн байхад л дахиад хүчирхийлэл үйлдэгдлээ. Хүчирхийллийг манай намынхан л өөрсдөө хийчихэв үү гэж бодогдсон. Их л сонин юм болоод байна.

-Танай намынхан өөрсдөө энэ үйлдлийг хийсэн гэхээр ойлгохгүй байна. Ямар утгаар та ийм зүйл хэлээд байна вэ?

-Ардчилсан ерөнхийлөгчтэй, ардчилсан засаглалтай. Тэр засаглалд нь манай нам нэгдчихсэн байдаг. Тэр утгаар нь л хэлээд байна. 

-Н.Энхбаярыг Зайсангийн хорих ангид бие хамгаалагчийнх нь хамтаар хорьж байгаа юу?

-Илэн далангүй хэлэхэд, бие хамгаалагч нь цуг хоригдож байгаа бол буруу шүү дээ.

-Та энэ талаар мэдэхгүй байгаа гэсэн үг үү?

-Би бол биечилж уулзаагүй байна. Тэгээд ч “Бие хамгаалагч тань байгаа юу, үгүй юу” гэж асуусангүй. Яагаад гэвэл хүний эрүүл мэнд аюултай байхад тийм зүйл асуух хэцүү шүү дээ. Монголчуудын нэг үг бий, ядарсан нэгнийхээ араас муу үг бүү хэл, цуцсан мориныхоо толгойг ташуураар бүү ороолго гэж. Гэтэл өнөөдөр Н.Энхбаяр даргын бие муу байхад ямар их зүхэж байна вэ, эхнэр О.Цолмонг хүртэл элдвээр хэлж, бичиж байна. Яг үнэндээ өнөөдөр Н.Энхбаяр дарга ядарч л явна шүү дээ. Ард түмэн бол ухаантай “Нэг л биш байна даа” гэж хэлээд байгаа чинь тэр байхгүй юу.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг 401 дүгээр ангид очсоноосоо хойш өлсгөлөн зарласан уу, танд энэ талын мэдээлэл байна уу?

-Ер нь хоригдож байгаа хүн өлсгөлөн зарладаггүй гэж хэлээд байгаа чинь үхвэл амиа хорлосонтой л адил хэрэг болно. Өлсгөлөн гэдэг чинь клизм тавьж өгнө, тавьж өгөхгүй тухай л яриа болохоос биш “Өлслөө” гэхээр нь өлсч байна гэж зарлаад, “Өлсөөгүй” гэхээр нь өлсөөгүй гэж хэлдэггүй байхгүй юу даа. Хоол идэхгүй гэхээр нь клизм тавьж өгдөг, тэрийг нь өлсгөлөн гэж байгаа юм.

-Зайсан дахь 401 дүгээр анги дамжин өнгөрөх газар юм уу, эсвэл эмнэлэг юм уу. Хуулиараа дамжин өнгөрүүлэх журмаар очсон бол хэд хоног байх хугацаатай байдаг юм бэ?

-Дамжин өнгөрөх, нэгдсэн эмнэлэг хоёр нь нэг юм шиг байна лээ. Гэхдээ гадаа -37 хэмийн хүйтэн байна. Шоронд хоригдох хүн өвлийн гутал хувцсаа өмсөөд бэлтгээд явдаг. Харин манай хүнийг  өвлийн гутал өмсүүлэлгүй. Тэр чинь аймшигтай л санагдаж байгаа. Яагаад вэ гэхээр хаана байгаадаа биш энэ хүн яаж байгаадаа л чухал байна. Алсдаа цагаадах нь тодорхой, цаг хугацааны л асуудал бий.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж