Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

Шинэтгэлийн, хамтарсан, ардчилагчдын, Н.Алтанхуягийн гээд олон олон тодотголтой Засгийн газарт хамгийн их хийж байгаа ажлаар нь “Бондын Засгийн газар” хэмээх алдрыг нэмж хайрлаж болохоор байна.
Бонд хэмээх өрийн бичгийг үйлдвэрлэдгээрээ зартай болж буй энэ Засгийн газар хойч хойчийн залгамжлагчдадаа зээлийн хүүгийн өр төлбөр чамгүй ихийг үлдээх бололтой. Засгийн газар  хамгийн том өрийн бичиг гаргах зөвшөөрлийг өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдөр УИХ-аас авсан. Тэр өдөр УИХ таван тэрбум ам.долларын өрийн бичиг гаргах зөвшөөрлийг Засгийн газарт олгосон юм. Таван тэрбум ам.доллар гэдэг бол зургаан их наяд шахуу төгрөг.

Монгол Улсын ирэх 2013 оны жилийн төсвийн орлого гэхэд долоон их наяд наян найман тэрбум төгрөг. Энэ нь  ДНБ-ий 40,2 хувь болж байгаа юм. УИХ-аас зөвшөөрөл авчихаад байгаа Засгийн газрын бондын хэмжээ үүнтэй бараг дүйж очих гэж байна гэсэн үг.

Засгийн газар энэхүү таван тэрбум ам.долларын бондоо 2012,2013 онд арилжаалах эрх аваад байгаа. Түүний түрүүч болох “Чингис” бонд нэртэй 1,5 тэрбум ам.долларын бондыг өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр гадаад зах зээлд арилжин мөнгө нь арванхоёрдугаар сарын 7-нд Монголд орж ирсэн. Орж ирсэн өдрөөсөө хүү тооцогдон өр бодогдсон “Чингис” бонд бүтээн байгуулалт эхлээгүй байхад зээлийн хүүгийн мөнгө залгиж эхэллээ. Гэтэл “Чингис” бондоор байгуулах төмөр зам, бүтээн байгуулалтын бэлэн төсөл нь ч хаана яваа юм.

Нэгэнт орж ирсэн өдрөөсөө өр тооцогдох мөнгө авсан л бол мөн тэр өдрөөсөө бүтээн байгуулалтын ажил нь эхлэх ёстой байсан бус уу. Төмөр зам барих газрынхаа хөрсийг хуулаад дэр модыг нь овоолчихсон, үйлдвэрүүдийнхээ шавыг тавьчихсан бол бонд авч болох л байсан байх. Ямар учраас сураггүй ажилд зориулж “Чингис” бонд гэдэг сүржин нэртэй өр тавиад мөнгө төлөөд сууж байгааг жирийн татвар төлөгчид таашгүй.

Бондын паян үүгээр дууссангүй. Түрүүчийн Засгийн газар Хүний хөгжлийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байсан нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган төгрөгийг нөхөх  313,1 тэрбум төгрөгийг Засгийн газрын бонд гаргаж  санхүүжүүлэхээр болов. Үлдэгдэл мөнгийг хуучин, шинэ оны зааг дээр олгоно хэмээн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөхөө өвлийн хүйтэнд банкны үүд сахиулж эхэллээ. Мөнгийг яаж ийгээд олгож таарна. Үр дүнд нь мөн л өрийн бичгийн өрд Засгийн газар унаж хоцорно.

Ингэсгээд бондоо болих болов уу гэтэл тэгсэнгүй. Засгийн газар ерөөсөө л бондоор өвчилж өр тавихын төлөө байгуулагдсан мэт аашилж байна.

“Чингис” бондын өр тоологдож эхлэхтэй зэрэгцээд арьс ширний үйлдвэрүүдийг хөгжүүлэх 200 тэрбум төгрөгийн бонд гаргахаар ярьж эхэллээ.  Уг нь Монгол Улс малаас гаралтай түүхий эдээ урд хөрш рүү хямдаар экспортлох бус боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож үр ашгийг нь хүртэх зорилгоор энэхүү өрийн бичгийг гаргана гээд байгаа. Арьс, нэхий, ширээ түүхийгээр нь урагш ачуулалгүй боловсруулаад үнийг нь нэмчих санаатай юм уг нь.

Сүлдэнд залсан адууныхаа толгой, дөрвөн мөчийг арьсанд нь өлгөөстэй савчуулаад Хятад руу машин машинаар нь хямд төсрөөр гаргах муухай л харагддаг юм билээ. Гэхдээ арьс шир боловсруулах үйлдвэрүүд аль эрт даший шог болоод хятад эзэнтэй цөөхөн газрууд болж хувирсан. Тэгэхээр бонд гаргаж арьс ширний үйлдвэр хөгжүүлнэ гэдэг нь хэнийг ч дэмжих бодлого болж хувирах юм. Хөдөө гадаанаас арьс шир цуглуулагчид нь ч бас л өмнөд хөршийнхөн байдаг. Малчид идшинд хэрэглэсэн хэдэн малынхаа арьс ширийг өөрсдөө тушаах гээд ганзгалаад шогших нь юу л бол.

Арьс ширний үйлдвэрт бонд гаргахтай зэрэгцээд УИХ-ын гишүүн С.Бямбацогт сүүний үйлдвэрлэлийг дэмжих 100 тэрбум төгрөгийн бонд гаргая гэчихлээ. Малын дэлэнгээс гарсан шингэн сүү ховор, үнэтэй. Орос, хятад, солонгос сүү зах зээлийн эзэлчихсэн байгааг болиулах гэсэн санаа л даа. Гэвч шийдэх арга нь бас л бонд гэхээр нэг л биш. Аргаа барсан гишүүд арьс ширний үйлдвэр, сүү үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар  хамтатгасан ажлын хэсэг гаргаж учрыг шийдье хэмээн хойшлуулаад буй. Мал аж ахйун орон байж дотоодоосоо хангах түүхий эдэд бонд гаргаад байх нь зохимжтой ч юм уу, үгүй юү, мэдэхгүй. Зүгээр л сайн зохион байгуулалт, малчдын хоршоо байхад л болчих зүйл дээр Засгийн газар өр тавьж бонд зарах нь хэр оновчтой ч юм.

Сүүлийн хоёрхон сар дотор Засгийн газраас гаргасан хийгээд гаргах гэж байгаа бондуудын талаар дурдахад ийм байна. Өмнөх Засгийн газрын гаргасан ноос ноолуурын үйлдвэрлэл дэмжих 300 тэрбум төгрөгийн гээд бас бус бондууд гаргах байсан нь ч яалаа.

Хойч үеэ өрд живүүлэх ажил хийж байгаа Бондын Засгийн газрын энэ ажлыг нэг их дэмжээд байх сэтгэл татвар төлөгчдөд лав алга. Гол нь үр дүн нь их бүрхэг байна л даа.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж