Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдсон цагаасаа эхлэн иргэдийн сэтгэлд нийцсэн олон ажил хийж олон нийтийн талархлыг хүлээгээд байгаа О.Магнайд УИХ-ын дарга З.Энхболд Ардчилсан хүчний холбооны хамгийн өндөр шагнал болох “Шонхор”-ыг өчигдөр гардууллаа.
Ардчилсан хүчний холбооны дэргэдэх “Шонхор” клуб нь улс орныхоо хөгжлийн төлөө хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийг нэгтгэдэг бөгөөд тухайн жилд хийсэн бүтээснээрээ олон түмний итгэл, талархлыг хүлээсэн хүнд “Шонхор” шагналаа гардуулдаг юм.
О.Магнай нь ШӨХТГ-ын даргаар очсоноос хойш үүрэн телефоны ярианы тарифыг секундээр хэмждэг болох, архи пиво үйлдвэрлэгчдийн хууль бус сурталчилгааг зогсоох, сүү, шүүс үйлдвэрлэгч нар орц, найрлагаа үнэн зөв тэмдэглэдэг болох, хортой бэлэн гоймонг эргүүлэн татах, вьетнам засварын газруудын үнийн тарифыг ил тод болгох, төрөөс татаас авч буй эмийн сангууд хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг ханандаа байрлуулах, СӨХ-ys асуудлыг цэгцлэн хуульд заалт оруулах, “Чингис” “Соёмбо” брэндийг төрийн мэдэлд авах зэрэг олон ажил хийж яваа төрийн залуу төлөөлөл гэдгээрээ энэ шагналын эзэн болжээ.