Соёл, спорт, аялал жуулчлалын яам /ССАЖЯ/, Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/ болон Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/ хамтран мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, жүжгийн зохиолчдын идэвхи санаачилгыг хөхиүлэн дэмжих, зохиолчдын бүтээл туурвилыг тайзны бүтээл болгон олон нийтэд хүргэх зорилгоор орчин үеийн сэдэвт жүжгийн зохиолын уралдааныг нийт уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлажээ. Уралдаанд ирүүлэх бүтээл нь бүрэн хэмжээний зохиол байх бөгөөд А4 цаасан дээр бичвэрийн мөр хоорондын хэмжээ 1,5, үсгийн фонд Arial, үсгийн хэмжээ 12-т байхаар заасан байна. Мөн уг бүтээлийг таван хувь ирүүлэх ба 2013 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 17.00 цагаас өмнө УДЭТ-ын утга зохиолын эрхлэгч гэсэн хаягаар авах ажээ.
Уралдааны дүнг 2013 оны гуравдугаар сарын 15-ны дотор ССАЖ-ын сайдын тушаалаар байгуулагдсан комисс дүгнэх гэнэ. Уралдаанд шалгарсан бүтээлийг нэгдүгээр байр 10 сая төгрөг, хоёрдугаар байр 6 сая төгрөг, гуравдугаар байр 4 сая төгрөг байх бол тусгай байрт гурван бүтээл шалгаруулж тус бүр 1 сая төгрөгөөр байлах юм байна. Мөн байр эзэлсэн бүтээлүүдийн шагналыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зохиогчид олгох бол уралдаанд шалгарсан бүтээлүүдийг төрийн өмч болгохоор болжээ. Уралдааны талаарх мэдээллийг 99866128 дугаарын утсаар авч болох ажээ.
Т.ДАРХАН